Цахилгаан халаагуур 1.7-2.6 сая төгрөгийн үнэтэй байна

 

Нийслэлийн гэр хорооллын янданг цөөлөх шаардлага бидэнд тулгараад олон жилийн нүүр үзэж байна. Учир нь, хотын агаарын бохирдол, тэр дундаа утааны 80 гаруй хувийг зөвхөн гэр хороолол “үйлдвэрлэж” байгаа. Үнэндээ үе үеийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх, утаа бага ялгаруулдаг зуух хөнгөлөлттэй үнээр олгох, эрчим хүчний хангалттай эх үүсвэр бий болгох, айл өрхийн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, орон сууцны хороолол барьж байгуулах зэрэг олон арга хэмжээг авсаар байгаа. Хамгийн сүүлд л гэхэд цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Гэсэн хэдий ч утааны “тэмцэлд” Монгол Улс ялагдал хүлээгээд байна. Тун удахгүй утааны улирал сая гаруй хүн амтай нийслэл хотод айлчлан ирнэ. Товчхондоо жил бүрийн аравдугаар сараас эхлэн дараа жилийнхээ дөрөвдүгээр сар хүртэл буюу хагас жилийг утаан дунд өнгөрүүлдэг. Тэгвэл энэ эгзэгтэй цаг үед Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хос цамхаг”, “Шинэ айл” худалдааны төв хамтран “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг өчигдөр нээлээ. Агаарын бохирдлыг бууруулах, дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулан сурталчлах тус арга хэмжээ ирэх ням гараг хүртэл үргэлжлэх юм. Зохион байгуулагчдын хэлж буйгаар 50 гаруй компанийн 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах аж.

Жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад хамгийн доод ханш 49 мянган төгрөг байна. Харин бойлер, цахилгаан зуух, ус халаагч, шугаман хоолойтой эсэх зэргээсээ хамааран үнийн хувьд 1.5 орчим сая төгрөгөөс эхэлж байна. Мөн аж ахуйн нэгжүүд хэт ягаан туяаны халаагуур, ундааны сав шиг хэмжээтэй нам даралтын халаагуур, үртсэн шахмал түлш, ханын зураг, халдаг хулдаас, шал, дулаалгын хөөсөн хавтан зэргийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

Харин өчигдрийн байдлаар 38 аж ахуй нэгж, байгууллагын 100 гаруй бүтээгдэхүүн худалдааны танхимд байршаад байв. Энэ талаар Баянзүрх дүүргийн тохижилтын хэлтсийн дарга Б.Отгонхүү “Өнгөрсөн хугацаанд иргэдэд хангалттай мэдээлэл түгээсэн боловч одоогоор үзэсгэлэнд харьцангуй цөөн хүн ирж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт ажлын өдөр таарч байгаа учраас энэ байх. Одоогоор яг энэ танхимд 30 аж ахуйн нэгж агаарын бохирдлын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг танилцуулж байна. Иргэд хүссэн тоног төхөөрөмжөө банк санхүүгийн байгууллагын лизингээр авч болох учраас маргаашнаас эхлээд нийтдээ 50 гаруй байгууллагынхан энэ үзэсгэлэнд оролцохоор болж байна” хэмээн ярив.

Харин иргэдийн зүгээс цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байв. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-2.6 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тухайлбал, “Монватт-Тулга” компани нь Германы “Олсберг” компанитай хамтран дулаан хуримтлуулж халаах “Тулгат зуух”-ыг гэр хорооллын иргэдэд зориулан үйлдвэрлэжээ. Тус зуух цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд цэнэг хурааж, хуримтлуулан цахилгаанаараа 24 цагийн турш дулаан ялгаруулах боломжтой гэнэ. “Тулгат зуух” нь таван киловаттын хүчин чадалтай. Ингэхээр найман цагт 40 кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулна гэсэн үг юм. Хоёр сая төгрөгийн үнэтэй тус зуухыг авахын тулд урьдчилгаа 400 мянган төгрөг төлж, 24 сарын хугацаатай лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой аж.

Жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад хамгийн доод ханш 49 мянган төгрөг байна. Харин бойлер, цахилгаан зуух, ус халаагч, шугаман хоолойтой эсэх зэргээсээ хамааран үнийн хувьд 1.5 орчим сая төгрөгөөс эхэлж байна.

Мөн аж ахуйн нэгжүүд хэт ягаан туяаны халаагуур, ундааны сав шиг хэмжээтэй нам даралтын халаагуур, үртсэн шахмал түлш, ханын зураг, халдаг хулдаас, шал, дулаалгын хөөсөн хавтан зэргийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Үртсэн шахмал түлш гэхэд гурван кг нь дөрвөн цаг шатаж, таван цагийн турш цогтой байх бөгөөд гадаа -32 градусын хүйтэн байхад гэрийн дулааныг +21 градуст хүргэх гэнэ. Энэ төрлийн түлш нь чийгшил бага тул хурдан асдаг, нүүрснээс 10 дахин бага үнс, хоёр дахин бага утаа ялгаруулна гэдгийг ч борлуулалтын албаныхан тайлбарлаж байв.

 

Д.БУЛГАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Ganaa (103.10.22.97)

    2017-08-20

    Үзэсгэлэн болж байгаа газрын хаягыг тодорхой заагаач

  • Ganaa (103.10.22.97)

    2017-08-20

    Үзэсгэлэн болж байгаа газрын хаягыг тодорхой заагаач

  • ts (202.9.43.80)

    2017-08-20

    on sar odroo gm todorhoi jum bichij baigaach