”Туркийн эцэг” МУСТАФА КЕМАЛ АТАТУРК

 

 “Мустафа Кемал Ататуркийн амьдралын замналыг мэднэ гэдэг нь Турк улсын түүхийг олж мэдэхтэй адил” хэмээн ярих нь бий. Османы эзэнт гүрэн задран унаж, хүчирхэг орнууд бүс нутгийг хуваан өмчилж байх үед холч ухаан, алсын хараагаараа улсаа тусгаар авч үлдсэн түүнийг туркчууд эцэг шигээ хайрладаг. “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олно” гэдэгчлэн Мустафа Кемал нэрээ “Туркийн эцэг” болгосон түүнд Ататурк нэрийг ард түмэн нь хүртээжээ.

 

Ази, Европыг дамнан орших энэ орны орчин цагийн түүхийг манлайлан бичилцсэн энэ эрхэм 1881 онд Османы эзэнт гүрний томоохон хот Салоники буюу өнөөгийн Грек улсын Тесалоники хотын Кокакасим дүүргийн Исхананы гудамжны гурван давхар ягаан байшингийн нэгэн өрөөнд мэндэлсэн байна. Түүний эцэг Али Рыза-Эфенди нь албани хүн байсан бөгөөд зарим эх сурвалжид түүний гэр бүлийг Туркийн Коняа хот орчмоор нутаглаж байсан нүүдэлчдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг юм.

 

Тэрбээр гаалийн ажилтан, цэргийн албан хаагч, модны худалдаачин гээд янз бүрийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг нэгэн байв. Харин ээж Зүбэйдэ Ханымыг цэнхэр нүдэн Юрюки нүүдэлчин эсвэл македони хүн хэмээн янз бүрээр тэмдэглэжээ. Мөн Мустафагийн элэнц өвөө Хафиз Эфендиг XIV-XV зууны үед тухайн үеийн Македонийн Коняа, Айдин бүсээр нутаглаж байсан коцацик нүүдэлчдийн гишүүн байсан гэж үзэх нь бий. Али Рыза-Эфенди, Зүбэйдэ Ханым нар зургаан хүүхдийн эцэг эх болсон ч Мустафагаас гадна түүний эмэгтэй дүү Макбула нар л насанд хүрч, үлдсэн дөрөв нь хүүхэд байхдаа өөд болсон байна.

 

Түүний ээж хүүгээ шашны сургуульд явуулах хүсэлтэй байсан бол эцэг нь түүнийг оюун ухаанаа ашиглаж амьдрахыг нь дэмжиж шинээр нээгдсэн шашнаас ангид боловсролын системтэй барууны сургуульд сургахыг хүсч байв. Бяцхан Мустафа эхлээд Хафиз Мехмет Эфендийн шашны сургуульд элссэн ч хэдхэн хоногийн дараа эцэг нь шинэ боловсролын системтэй Шэмси Эфендийн сургууль руу шилжүүлсэн аж. Эцгийнх энэ шийдвэр түүний хувь заяаг эргүүлж, амьдралд нь эергээр нөлөөлжээ.

Агуу удирдагч Мустафа хожим нь ажилчин гаралтай эцгийнхээ энэхүү алсыг харсан ухаалаг шийдвэрт нь үргэлж талархдаг талаараа дурсан өгүүлсэн байдаг. Хүүг балчир ахуйд буюу долоон настайд нь 1888 онд эцэг нь өөд болов. Хүсэл сонирхлыг нь дэмжиж байсан эцэг нь хэдий нас барсан ч ээж Зүбэйдэ Ханымынхаа хүсэлтээр сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж амжилттай төгссөн байна. Тэрбээр 1893 онд төрийн албан хаагчдад зориулсан цэргийн дунд сургуульд элсчээ. Тэнд сурч байхад нь математикийн багш Мустафа Сабры түүнд “төгс төгөлдөр, төлөвшсөн” гэсэн утга бүхий Кемал нэрийг хайрласнаар Мустафа Кемал хэмээн нэрлэгдэх болов. Салоникийн цэргийн сургуулийн дараа тэрбээр Монистр цэргийн дунд сургууль, Османы эзэнт гүрний нийслэл Константинополь дахь Османы цэргийн сургууль болон академийг тус тус дүүргэж 1905 оны нэгдүгээр сард төгссөнөөр армийн алба хаагчийн карьераа албан ёсоор эхлүүлжээ. Итали улс 1911 оны намар есдүгээр сард Османы эзэнт гүрэн болон Ливийн эсрэг 150 мянга гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй томоохон армийг байгуулжээ. Харин тэдний эсрэг тулалдах Османы эзэнт гүрний 8000 цэргийг Мустафа Кемал командалсан төдийгүй зохион байгуулалттай байдлаараа бут цохисон байна. Османчуудын ялалт байгуулсан тулаан бүрийн “алтан түлхүүр” нь Мустафа Кемалын холч ухаан гэж үздэг юм.

Соёл иргэншилгүй хүмүүс бусдын хөлд байх тавилантай.

БАЛКАНЫ ДАЙН

Балканы орнуудын ард түмний дундах угсаатны зөрчилдөөн Османы эзэнт гүрний эсрэг Балканы нэгдүгээр дайныг эхлүүлсэн байна. 1912 онд Балканы лиг буюу шинэ бие даасан Монтенегро, Болгар, Грек, Серби зэрэг орнуудын бүлгэм Османы эзэнт гүрний мэдэлд байсан бүс нутгийг хянахын тулд тэдэн рүү довтолжээ. Османчууд буюу Мустафа Кемал тэргүүтэй цэргүүд Балканы нэгдүгээр дайнд ялагдал хүлээсэн ч хоёрдугаар дайнд өмнө нь алдсан Болгарын Диметока, Эдирнен газар нутгаа буцаан авчээ. Энэ аугаа үйл явдлын дараа тэрбээр эх орныхоо төлөө байгуулсан гавьяагаа үнэлүүлж дэд хурандаа болон тушаал дэвшиж, Османы эзэнт гүрний Балкан дахь мужуудыг хариуцан ажиллахаар болсон байна.

 

ДЭЛХИЙН I ДАЙН БА ГАЛЛИПОЛИ

 

Дэлхийн I дайн нь Мустафа Кемалын амьдралын чухал үе байсан юм. Османы эзэнт гүрэн холбоотон болох Герман, Австри-Унгарын эзэнт гүрэнтэй нэгдэж Их Британи, Франц, Орос, Италийн эсрэг тулалдав. Уг дайнд Турк улс ойролцоогоор 250 гаруй мянган цэргээ алдсан ч хүчирхэг байдлаа бататгасан аж. Тулааны үеэр Мустафа Кемал цэргүүддээ хандан “Би та нарт довтлох биш, үхэх тушаал өгч байна” хэмээсэн нь дайны талбарын хувь заяаг өөрчилж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэхүү цуст тулаанаар илэрсэн Туркийн үндсэрхэг, эх оронч үзлийн гол төв нь Мустафа Кемал байсан юм. 1917 оны гуравдугаар сард Мустафа Кемал хоёрдугаар армийг захирч, тэдний өрсөлдөгч оросууд ч дотоодод үүссэн хувьсгалын нөлөөллөөс үүдэн бууж өгч, хүчээ сулруулжээ. Тухайн үеийн Султан 1917 оны арванхоёрдугаар сард Мустафаг Их Британийн эзэлсэн Иерусалим, Палестин руу явуулж тэндхийн Османийн эзэнт гүрний хамгаалалтыг чангатгав. Тэрбээр Палестин дахь нөхцөл байдал найдваргүй гэж Засгийн газарт мэдэгдэж, Сирид шинэ хамгаалалтын байрлал бий болгохыг санал болгожээ. Гэвч Константинополь энэхүү төлөвлөгөөг хүлээн аваагүй бөгөөд Мустафа үүний төлөө албан тушаалаа орхиж, нийслэлд буцаж иржээ.

 

ТУРКИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН ДАЙН

 

Мустафа Кемал Паша нь 1919 оны дөрөвдүгээр сар гэхэд Османы эзэнт гүрний шилжилтийн үед дотоод аюулгүй байдлыг хангаж чадахуйц армийг дахин зохион байгуулах үүргийг хүлээж байв. Дотоод зөн совингоо дагасан тэрбээр зургаадугаар сард үндэстний эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлж Туркийн тусгаар тогтнол аюултай нөхцөл байдалд байгааг ард түмэнд сануулж, Амасья тойрогт гаргасан захирамждаа ард түмнийхээ тусгаар тогтнолыг хамгаалж зовлон зүдгүүрээс аврахаа мэдэгдэж Сивасын их хуралд ирэхийг уриалжээ. Иргэдийн дунд аюул ойрхон байгааг ухуулж байсан түүнийг мөн оныхоо арванхоёрдугаар сард өнөөгийн Турк улсын нийслэл Анкара хотод ирэхэд энгийн ард иргэд халуун дотноор угтаж авч, дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн тухай төлөвлөгөөг хамтран зүтгэгчид нь огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Их Британи улсын Османы эзэнт гүрний армийн хүчийг сулруулах үйл явц амжилттай өрнөсөн ч ухаалаг жанжин Мустафагийн шинэ парламент, сонгууль зохион байгуулах талаарх үзэл бодол нь түүнээс ч хүчирхэг байж иргэдийн дэмжлэгийг хүлээсэн байна. 1920 оны дөрөвдүгээр сарын 23-нд Үндэсний их хурлыг байгуулснаар Бүгд Найрамдах Турк Улсыг зарлан тунхаглах үйл ажилд чухал алхам хийсэн байлаа. Их хурал Засгийн газрын даргаар Мустафа Кемалыг сонгожээ. Турк Үндэсний их хурал чөлөөлөх дайнд ялалт байгуулахын тулд хэрэг бүхий хууль тогтоомжийг гарган баталж, мөрдөж эхэлжээ. Мустафа Кемалын хэлсэнчлэн 1920 оны наймдугаар сард Франц, Англи, Грек, Армени, Курдууд болон Босфорын хоолойн орнууд Османы эзэнт гүрэнтэй Севрсийн гэрээг байгуулжээ. Туркийг бутаргах холбоотнуудын хүсэл ч Севрсийн гэрээний дагуу биелж Месопотами, Палестин болон Сириг Османы эзэнт гүрнээс салгасан байна.

 

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС

 

Турк улс Севрсийн оронд шинэ гэрээ байгуулахаар шийдэж, 1923 оны долоодугаар сард Лозанны хэлэлцээг хийснээр чөлөөлөх дайн төгсгөл болсон юм. Ийнхүү Севрсийн гэрээгээр олон хэсэг болон хуваагдсан туркуудэд 5-6 мужтай тэнцэх хэмжээний нутаг дэвсгэр ногдож, эх нутгийнхаа газар шороон дээр нэгдмэл шинэ Бүгд найрамдах Турк улсыг байгуулахад ямар ч саад үлдээгүй аж. Мустафа Кемалын Үндэсний их хурлыг байгуулах хүсэлт нь тусгаар тогтнолоо олж авахад түлхэц үзүүлж, түүний ухаалаг удирдлагын ачаар чөлөөлөх дайн ялалтаар төгсч, хэнээс ч хараат бус улсаа олон улсад тунхаглалаа. Ийнхүү 1922 оны арваннэгдүгээр сарын 1-нд султант засаглалыг татан буулгаж, Османы эзэнт гүрнээс хамааралгүй болжээ. Шинэ Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мустафа Кемал дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улсуудын нэг болгох зорилтын хүрээнд орчин цагийн Турк улсыг бүтээн байгуулах бодлого шинэчлэлийн кампанит ажлыг эрчимтэйгээр өрнүүлсэн аж. Харин 1934 оны ургийн овогтой болох тогтоолын дагуу Үндэсний их хурлаас түүнд Ататурк буюу “Туркийн эцэг” гэсэн утга бүхий овгийг өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

ТУРКИЙН ШИНЭЧЛЭЛ

 

Туркийг хүчээр өөрчлөн өндөрлөгт хүрэх замыг нээсэн Ататуркийн боловсрол, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний шинэтгэл нь өнөөгийн Турк улсын хөгжлийн суурь нөхцөл болжээ. Тэрбээр шашны дэг жаягийг төр, нийгмийн амьдралаас салгаж хатуу дэг жаягтай шариатын хуулийг хориглож, эрэгтэй эмэгтэйчүүдэд ажиллаж амьдрах тэгш боломж олгож анх удаа исламын ертөнцөд эмэгтэйчүүдийн гивлүүрийг авч хаяснаараа лалын ертөнцөд хувьсгал хийсэн юм. Турк улс нь исламын ертөнцдөө хамгийн европжсон улс болон хөгжсөн юм. Мөн араб бичгийг латин үсгээр сольж, олон эхнэр авдаг Исламын бурангуй эрхийг халсан түүхтэй. Түүнчлэн барууны хувцас өмсөхийг дэмжиж, Исламын шүүхүүдийг хүчингүй болгож, эмэгтэйчүүдэд өмч хөрөнгөө өвлүүлэх нөхрөөсөө салах тэгш эрхийг олгож, орчин үеийн иргэний боловсролын системтэй сургуулиудыг байгуулж, эмэгтэйчүүдэд ажил хийх тэгш эрх олгож, өрнөдийн жишгээр Үндэсний банк, Үндэсний аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулжээ. Ататуркийн үед тус улсын түүхэн дэх хамгийн эрчимтэй бүтээн байгуулалтууд бий болсон гэдэг.

 

 

АТАТУРКИЙН ҮХЭЛ ба ӨВ ХӨРӨНГӨ

 

Өөрийнхөө тавиланг эх орныхоо хувь заяатай холбосон энэ эрхмийн хувийн амьдрал маш нууцлаг байсан гэдэг. Тэрбээр Латифе Усаклигил гэх бүсгүйтэй гэр бүл болсон ч тун удалгүй буюу хоёр жилийн дараа салжээ. Мустафа Кемал нь хэзээ ч төрсөн хүүхэдтэй байгаагүй бөгөөд хүү, охин нийлсэн 12 хүүхдийг өргөж авсан аж. Хөгжим сонсч, бүжиглэж, морь унаж, усанд сэлэх дуртай байсан энэ эрхмийг Анатолийн хойгийн ардын бүжиг зэебэкийг бүжиж, румели дуу дуулдаг байсан талаар ойр дотныхон нь дурсан ярьсан байдаг. Туркийн ард түмний “эцэг” Мустафа Кемал Ататурк нь 1938 оны арваннэгдүгээр сарын 10-нд Истанбул хотын Долмабахче ордонд элэгний хатуурлын улмаас таалал төгсчээ. Нас барсных нь дараа түүний шарилыг түр хугацаагаар Угсаатны музейд хадгалсан бөгөөд 1953 оны арваннэгдүгээр сарын 10-нд хүндэтгэлийн оршуулгын газар болох аниткабир руу зөөсөн байна. Өнөөг хүртэл Турк орон даяар түүний таалал төгссөн өдрийн 9 цаг таван минутад тугаа хагас бөхийлгөн, ард түмэн нэг минут хүндэтгэл үзүүлж, автомашины хөдөлгөөн хүртэл зогсдог уламжлалтай юм. Энэ агуу эрхмийг таалал төгсөхөд байрлаж байсан өрөөнийх нь цаг түүний эцсийн амьсгалтай зэрэгцэн зогссон талаарх яриа ч байдаг билээ. Тэрбээр нас барахаасаа нэг жилийн өмнө бүх өв хөрөнгөө улсдаа хандивлажээ. Турк улсын Ерөнхийлөгчөөр насан өөд болтлоо дөрвөн удаа сонгогдон ажилласан түүнийг эцсийн замд нь үдэхэд 30 гаруй орны төрийн тэргүүн биеэр ирж, 50 орчим улс төлөөлөгчөө илгээж, НҮБ-аас тэр өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. Мөн 1981 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ-аас тухайн жилийг дэлхий нийтээр Ататуркийн нэрэмжит жил болгож байжээ. Төв хүчнийхний эсэргүүцлийг үл харгалзан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө алсын хараа, эр зоригтойгоор тэмцсэн түүний хичээл зүтгэл өнөөгийн Турк улсыг бүтээхэд том хувь нэмрийг оруулсан байна.

 

А.ДАВААХҮҮ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (150.129.143.245)

    2017-08-23

    монголд маань нэг ийм улс төрч гарч ирдэггүй юм байх даа, яачихсан улс гэхээрээ дандаа хөгшин залуугүй хувын сонирхолтой олон нүдэлсэн золбин юмнууд болчихдог байнаа.

  • zochin (66.181.188.41)

    2017-08-21

    турк бол зүгэр л тасархай хөгжсөн улс байна лээ. Киног нь үзэхэд л ойлгомжтой.

  • (43.242.243.175)

    2017-08-20

    Монголд нэг ийм удирдагч хэрэгтэй байна дандаа л хувиа хичээсэн хулгайчууд гарч ирээд байхын хувь заяа нь яачваа Наамбар Ван засгийг жинхэнэ утгаар нь ялзруулснаас хойш өөдлөхгүй байна

  • Zochin (66.181.183.48)

    2017-08-20

    tegehed manai erunhiilugch baisan elbegdorj yaj bailaa hulgai l hiigeed baisan baigaa ymdaa

  • (94.254.171.74)

    2017-08-20

    tiim sh dee europjih l heregtei sh dee iim l udirdagch heregtei bna