Тэд нэг ангийнхан

 

 Ахлах сургуулийн нэг ангид суралцаж төгссөн алдартнуудаас онцлон танилцуулж байна. Тэднээс гадна жүжигчин Жада Смит реппэр Тупак Шакуртай нэг анги байсан ба ахлах сургуульд болзож байжээ. Мөн жүжигчин Кейт Хадсон Лив Тейлортой, Дэвид Духовны бага Жон Кеннедитэй нэг ангид суралцсан аж.

 

ХИЛЛАРИ КЛИНТОН БА ХАРРИСОН ФОРД

Индиан Жонс нэрээр алдаршсан дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Харрисон Форд ангийн охиноо АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад дэмжиж, түүнд саналаа өгөхийг ард түмэндээ уриалж байсан юм. Учир нь, АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон домогт жүжигчин Харрисон Форд нар нэг байсан ба “Maine East” ахлах сургуулийн 1965 онд төгсчээ. Тэр ч байтугай ирээдүйн алдартнууд хотын ойролцоох Парк Риж дүүрэгт зэргэлдээ байшинд амьдардаг байв. Холливудын ахмад дайчин Харрисон Форд Хиллари Клинтоныг “Ард түмний Ерөнхийлөгч” хэмээн өргөмжилж, түүнийг сонгуульд ялагдсан ч дэмжиж байсан ийм учиртай аж.

 

ДИАНА СПЕНСЕР БА ТИЛЬДА СУИНТОН

Уэльсийн гүнж агсан Диана Спенсер жүжигчин Тильда Суинтон нар Зүүн Английн “West Heath” охидын ахлах сургуулийн нэг ангид суралцаж байжээ. Тэдний ангид язгууртны охид суралцаж байсан ба ихэнх нь Английн нөлөө бүхий хүмүүстэй гэр бүл болсон аж. Диана, Тильда нар сурвалжит гэр бүлээс гаралтай гүнгийн охид юм. Тильда хожим нь ангийн найзынхаа тухай “Диана бүрэг, даруухан зантай ба хунтайжтай гэрлэхийг мөрөөддөг охин байсан. Эгч нар нь жирийн хүнтэй гэрлэсэн учраас тэрбээр гүн Спенсерийн угсааг аврах сүүлчийн найдвар байсан” хэмээн дурсжээ.

 

ХАНХҮҮ УИЛЬЯМ БА ЭДДИ РЭДМЕН

 

Английн угсаа залгамжлах хунтайж Уильям жүжигчин Эдди Рэдментэй Итоны хөвгүүдийн ахлах сургуулийг хамт төгсчээ. Тэд дотно нөхөрлөдөг байсан төдийгүй сургуулийнхаа регбийн багт хамт тоглож байв. Эдди “Уилли ирээдүйн хаан учраас бид түүнтэй жирийн хөвгүүд шиг нөхөрлөж чаддаггүй байсан” хэмээсэн байдаг. Эдди Кембрижийн их сургуулийн урлаг судлалын анги, Уильям Сент-Эндрюсийн их сургуулийн газарзүйн танхимд элссэн суралцжээ. Гэсэн ч тэд жил бүр зохион байгуулдаг полоны тэмцээнийг хамт үздэг юм байна.

 

ЧАРЛИ ШИН, РОБЕРТ ДАУНИ, ШОН ПЕНН

 

Жүжигчин Чарли Шин, Роберт Дауни, Шон Пенн нарыг багын найзуудын тухай кинонд хамт тоглуулбал дүрээ гайхалтай бүтээх биз. Учир нь, ирээдүйн Холливудын сайхан залуучууд Калифорнийн Санта Моника ахлах сургуулийг 1982 онд төгсчээ. Нэрт жүжигчдийн хүүхдүүд учраас тэд ахлах сургуульдаа нэр хүндтэй хөвгүүд байжээ. “Төмөр хүн” Роберт Дауни ахлах сургуулийн төгсөлтийн цомогт зориулж Чарли Шин, Шон Пенн нартай 34 жилийн өмнө авахуулсан гэрэл зургаа цахим хуудастаа 2016 онд нийтэлж байжээ.

 

КЭМЕРОН ДИАС БА СНУПП ДОГГ

 

Ахлах сургуулийн төгсөлтийн үдэшлэг дээрээ жүжигчин Кэмерон Диас реппэр Снупп Доггтой бүжиглэж байсан гэвэл та итгэх үү. Тэд “Long Beach Polytechnic” ахлах сургуулийг хамт төгссөн онжав юм байна. Жүжигчин бүсгүй Опрагийн шоунд оролцох үеэрээ “Снупп Догг этгээд үс засалттай, туранхай, охидын харц булаадаггүй хөвгүүн байсан” гэж нэрт реппэрийн тухай ярьжээ. Харин Снупп Догг “Кэмерон хиппи стильтэй, гоолиг биетэй охин байсан” гэж Кэмерон Диасын талаар дурссан байдаг.

 

ЛЕДИ ГАГА БА НИККИ ХИЛТОН

Этгээд дүр төрхөөрөө алдартай дуучин Леди Гага, амьдралын замбараагүй хэв маягаараа алдартай тэрбумтны охин Никки Хилтон нар Нью-Йоркт хатуу дэг жаягаараа алдартай “Convent of the Sacred Heart” охидын католик сургуулийг төгсчээ. Леди Гага нэгэн удаа “Намайг Хилтоны эгч дүүстэй хамт суралцаж байсан гэж хэвлэлүүд бичдэг. Гэхдээ би сургууль дээрээ Парисыг нэг ч удаа хараагүй. Харин Никки бид хоёр нэг ангид сурч байсан ч үерхэж байгаагүй. Тэрбээр ганган дэгжин охин байсан” хэмээн ярилцлагадаа дурджээ. Леди Гага хичээлдээ жийнсэн өмд, цамцтай ирдэг даруухан охин байсан тухай Никки ярьсан байдаг.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)