“Ам.долларын ханш шатахууны үнийг тогтоодог”

2012 оны 2 сарын 6
Он гарсаар шатахууны үнэ огцом нэмэгдэж, ар иргэдийг ихэд бухимдууллаа. ШӨХТГ-аас судалгаа хийж шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр үнэ нэмсэн гэдгийг баталсан. Учир нь Засгийн газар шатахуун импортлогчдод торгууль ногдуулах нь зөв хэмээн үзэж буй. Эл шийдвэрт шатахуун импортлогчдын байр суурь ямар байгаа талаар “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбаттай ярилцлаа.

-Он гарсаар шатахууны үнэ огцом нэмэгдсэн. Үүнийг албаныхан янз бүрээр тайлбарлаж байна. Засгийн газраас шатахуун импортлогчдод торгууль ногдуулах талаар ярьж байгаа. Импортлогчдод торгууль ногдуулах нь хэр үндэслэлтэй вэ?

-Шатахуун гэдэг бол нэг төрлийн бараа. Монгол Улс шатахууныг 100 хувь гаднаас импортолж авдаг. Бид шатахууны үнийг тогтвортой байлгахыг хичээдэг. Гэтэл тэр нь биднээс хараат бус болохоор тогтвортой байлгах боломж хомс шүү дээ. Ер нь биднээс хамааралгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Манайх Хятад, Орос гээд хоёр том улсын дунд байдаг. Тиймээс нефтийн бусад эх үүсвэрээс хол. Яах аргагүй газар зүйн байршлын сул талаас шалтгаалж дэлхийн зах зээлээс харьцангуй өндөр үнэтэй шатахуун хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна шатахууны үнийн өсөлтийг их соргогоор хүлээж авдаг. Яагаад гэвэл шатахуун нь бараа бүтээгдэхүүний суурь үнэд шууд нөлөөлдөг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдсан гэх үндэслэлээ  нийт компаниудыг 10 гаруй тэрбум төгрөгөөр торгох үндэслэл байгаа хэмээн албан бичиг өгсөн. Бид үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь үгсэн хуйвалдаагүй. Хэрвээ биднийг үгсэн хуйвалдсан гэж үзэхэд хүрвэл 2008 оноос хойш Засгийн газартайгаа л үгсэн хуйвалдаж байгаа шүү дээ. Импортын гаалийн татвар, импортын онцгой албан татвар, импортын НӨАТ гэсэн гурван албан татварыг Засгийн газарт нэмж хасах замаар жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулаарай гэж УИХ тогтоол гаргаж, эрх өгчихсөн. Мөн жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулахын тулд оролцогч талуудтай хамтарч ажиллах ёстой гэсэн эрх олгосон юм. Үүний дагуу Засгийн газрын шийдвэр гарч нефтийн бүтээгдэхүүний нөөц, татвар, үнийн асуудлыг зөвшилцдөг комисс бий болсон. Комисст Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох ЭБЭХ-ний дэд сайд болон мэргэжилтнүүд Газрын тосны газар, Монголбанк, Сангийн Яам, ШӨХТГ, мөн шатахуун импортлогч компаниуд ордог. Дээрх комисс үнийн асуудлыг ярилцаж сүүлийн хоёр жил явлаа шүү дээ. Биднийг хуйвалдсан гэж байгаа бол бид төр засагтайгаа л хуйвалдсан болох нь тодорхой байгаа биз. Торгуулахаар болбол Засгийн газартай хамт торгуулах ёстой гэж бодож байна.

-Танайх ШӨХТГ-т ямар хариу мэдэгдэл өгсөн бэ?

-Бид хүсэлт гомдлоо гаргасан. Зохих журмын дагуу бол ШӨХТГын дэргэд байдаг зөвлөлд гомдлоо гаргах ёстой юм билээ. Харамсалтай нь тэр зөвлөл нь байхгүй. Үнэндээ бид гомдлоо гаргах ч газаргүй болчихсон байна.

-Шатахууны үнийг ямар учраас 260 төгрөгөөр нэмэх болсон юм. Ер нь шатахуун импортлогчид ам.доллараас үүдэлтэйгээр үнийг нэмсэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ Монголбанк ам.долларын өсөлт шатахууны үнэд ямар ч хамааралгүй гэдгийг нотлоод байгаа?

-Үүнийг тийм ч амархан тайлбарлаж болохгүй. Зах зээл дээр бүрэлдэж буй үнэ олон хүчин зүйлээс хамаарч байгаа. ОХУ-ын шатахууны үнэ сүүлийн гурван сард харьцангуй тогтвортой байсан гэж яриад байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь “Рос-Нефть” гэх нэг л нийлүүлэгчийн үнэ тогтвортой байсан болохоос бусдынх нь үнэ өсчихсөн. Манайх “Рос-Нефть”- ээс нийт шатахууныхаа 40 хувийг л авдаг. Үлдсэн 60 хувийг нь өөр байгууллагаас хангадаг. Тэдний үнэ өсчихсөн байсан. Мөн шатахууны өсөлтөд хамгийн гол нөлөө үзүүлдэг зүйл нь валютын ханш юм.

-Шатахуун импортлогчид тухайн сардаа шатахуунаа нөөцөлдөг. Гэтэл ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн шатахууны үнийг нэмсэн. Нэгэнт тээвэрлэлтээ хийсэн тохиолдолд шатахууны үнийг өсгөх шаардлага байсан юм уу?

-Манайхан аливаа зүйлийг дэндүү их хардах юм. Бизнес хийдэг хүмүүс бол шатахууны үнэд валютын ханш нөлөөлдөг гэдгийг шууд л ойлгоно. Өнгөрсөн арванхоёрдугаар сард валютын дундаж ханш 1386 төгрөг байсан. Бид тэр ханшаар бодож ОХУ-аас бараагаа авчирсан. Тиймээс ч тухайн ханшаар бодсон үнээрээ шатахуунаа борлуулсан. Тэр үед ам.долларын ханш өсчихсөн байсан л даа. Дараагийн ээлжид борлуулсан бүтээгдэхүүнийхээ орлогоос бараагаа авах ёстой. Тухайн үед бараагаа авах гэхээр аль хэдийнэ ханш өссөн учраас урьд авч байснаасаа багыг авах хэрэгтэй болдог. Ханшны зөрүү эндээс л харагдаж байна. Ийм эрсдэлд орохгүйн тулд үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн.

-Ам.долларын ханш сулрахаар шатахууны үнэ буурахгүй юу?

-Бид сар бүр ОХУ-д шатахуун авсан төлбөрөө хийдэг. Ерөнхийдөө сарын эхний тав юм уу, арав хоногт бүх төлбөрөө дуусгасан байх ёстой. Үүний дүнд тухайн сарын бараа нь сар дотроо багтаж орж ирдэг юм. Нэгдүгээр сарын барааныхаа төлбөрийг аль хэдийнэ хийгээд дуусчихсан. Өөрөөр хэлбэл, манай компани дунджаар 1400 төгрөгөөр ам.долларыг худалдан авч бүх барааныхаа төлбөрийг хийж дууссан гэсэн үг. Иймд нэгдүгээр сард ам.долларын ханш яаж ч уналаа гээд бидэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин сарын эхний долоо хоногт ам.долларын ханш ямар байхаас шалтгаалж шатахууны үнийг буулгах боломжтой.

-Үндэсний хөгжил шинэт гэлийн хороо үнийн өсөлтөд судалгаа хийсэн байна. Үүгээр валютын ханшнаас үүдэн шатахуун болон бусад барааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдвэл зохих хэмжээг гаргасан. Судалгаагаар шатахууныг ердөө 19 төгрөгөөр л нэмэх үндэслэлтэй гэж байсан. Таны хэлж буйгаар шатахууны үнийн өсөлт үнэхээр валютын ханшнаас үүдсэн юм бол 19 төгрөгөөр нэмэх байсан юм биш үү?

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо тэгж үнэ тооцдог газар биш. Шатахууны үнийг хэдэн төгрөгөөр нэмэх ёстой вэ гэдэг тоог хаанаас гаргаж ирээд байгаа юм. Монгол Улсын ямар ч хуульд ямарваа нэг аж ахуй нэгж хэдэн хувийн ашигтай ажиллах ёстой, үнээ хэдэн хувийн ашигтайгаар тогтоох ёстой гэдэг хууль байдаггүй юм. Тухайн байгууллага өөрийнхөө зардал, хөрөнгө оруулалт, ашиг гээд бүх зүйлээ тооцоолж үзэж байгаад үнээ тогтоодог.

-Цаашид ам.доллар ханш чангарвал шатахууны үнийг нэмэх үү?

-Нэмэхээс өөр аргагүй. Гадаад төлбөр хийж байгаа үед ам.доллар ямар ханштай байна гэдэг нь асуудлыг шийддэг.

Д.МЯГМАРСҮРЭН

www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...