Энхийг сахиулах цэргийн ажиллагааг өргөжүүлнэ
2011 оны 10 сарын 28
Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд
С.Батболд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд
Монгол Улсаас оролцож буй цэргийн багийн үйл ажиллагааны хүрээнд хийж
байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр
"Манай улс энхийг дэмжих ажиллагаанд цэрэг дайчдаа оролцуулж байгаа нь
олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, энх тайван, аюулгүй байдлыг
тогтооход хувь нэмрээ оруулж, энхийн их үйлсэд хөрөнгө оруулж байгаа
явдал юм. Зэвсэгт хүчний чадварыг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчдын
бэлтгэлийг өндөржүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цаашид ч хувь нэмрээ оруулна. Мөн
дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдын амь нас, эрүүл
мэнд, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч эхэлсэн. Үүнтэй холбоотой
эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зэвсэгт хүчний байгууллагыг
2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгасан энхийг дэмжих ажиллагааны
чадавхийг нэмэгдүүлж, уг ажиллагааны иж бүрэн баг байгуулах зэрэг ажлыг
өнгөрсөн хугацаанд хийсэн" гэлээ. Өнөөдрийн байдлаар манай улсын таван
мянга гаруй цэргийн албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын
үйл ажиллагаанд оролцож байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд манай улсын цэрэг дайчдаас ямар нэгэн халдлага
дайралтад өртөж, амь нас алдсан хүн байхгүй, харин өвчний улмаас хоёр
хүн нас барсан байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн
цэргүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийж, амралт сувилалд амруулдаг аж. Мөн
гурван сард нэг удаа үзлэг шинжилгээнд хамруулдаг гэнэ. Цаашид цэргийн
ажиллагаанд мэргэшсэн, цомхон армийг бүрдүүлж оролцуулах шаардлагатай
хэмээн УИХ-ын зарим гишүүн саналаа хэллээ.
Ц.Жаргал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.