Жак Рогге: Лондон Лондонгоороо л байх нь чухал

ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге өнгөрсөн сард Лондоны олимпийн наадмыг зохион байгуулах комиссынхантай уулзаж ажил байдалтай нь танилцсан билээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге өнгөрсөн сард Лондоны олимпийн наадмыг зохион байгуулах комиссынхантай уулзаж ажил байдалтай нь танилцсан билээ. Тэрбээр энэ үеэр “Лондон-2012” олимпийн ажлын хэсгийнхнийг багагүй зэмлэсэн юм. Учир нь хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг олимпийн наадмыг дээд төвшинд зохион байгуулахын төлөө бус өмнөх олимпийн наадам явагдсан улс орноос давж гарахын төлөө ажиллаж байгааг нь шүүмжилсэн аж. Энэ тухай Английн “Спорт” сэтгүүлийн сэтгүүлч түүнээс цөөн асуултад хариулт авсныг хүргэе.
 -“Лондон-2012” олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Таны бодлоор бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?

-“Лондон-2012” наадмын бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Бид бэлтгэл ажлын явцад “онц” дүн тавьсныг Та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ 2008 оны Бээжингийн олимпийг давж гарахын төлөө бус “Лондон-2012” гэсэн “брэнд” нэрийг хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд хоногшуулахын төлөө ажиллах ёстой. Энэ бодлоо ч би ажлын хэсгийнхэнд хэлсэн. Ер нь тамирчдыг хүлээн авах байр, баазын бэлтгэл бүрэн хангагдсан байна. Аюулгүй байдал ч тун сайн болжээ.

-Энэ удаагийн олимп бусад олимпоос юугаараа онцлог бол?

-Хүн бүр л надаас ингэж асуух юм. Тухайн жилд зохиогдож байгаа олимп бүхэн л онцлог байдаг шүү дээ. Түүнээс биш энэ жилийн олимп түүгээрээ онцлог болно гээд голчлоод хэлчих зүйл гардаггүй. Лондон Лондонгоороо л байх нь чухал. Тэгж чадвал энэ жилийн олимпийн онцлог харагдана.

 -“Лондон-2012” наадмын бэлтгэл ажилд их хөрөнгө зарсан. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?


 -Хэр их хөрөнгө мөнгө зарцуулснаар нь тухайн олимпийн наадмыг дүгнэдэггүй. Олимпийн хотхонд ямар орчин бүрдэж байна, түүнийг хүмүүс яаж хүлээж авч байна вэ гэдгээр нь дүгнэдэг. Ер нь олимпийн наадам хүнд хэцүү олон цаг үеийг туулж ирсэн. Дайн дажин, эдийн засгийн уналт, байгалийн гамшиг, харгис хэрцгий халдлага, хүн төрөлхтнийг мохоох гэж оролдсон бүх муухай зүйлсийг давж ирсэн сайхан наадам. Энэ ч үүднээс хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг гэж нэрийдсэн байх. Лондон цаашилбал Англи тэр чигээрээ энэ жилийн олимпийн наадамд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай. Дэлхий нийтийн спорт сонирхогчдод Лондон гайхалтай бэлэг барина гэдэгт итгэж байна.

-Таны сэтгэлд үлдсэн олимпийн наадмын тухай асуулгүй өнгөрч болохгүй нь. Хамгийн их дурсамж үлдээсэн олимпийн наадмыг нэхэн санавал?

 -Тоглолт бүр өөрийн гэсэн онцлогтой цор ганц байдаг. Дахин хэзээ ч давтагддагг үйгээрээ онцлогтой. Медалийн төлөө тэмцээд ялагдсан тамирчны сэтгэл хөдлөл хэзээ ч давтагдашгүй биз дээ. Эсвэл медалиа зүүчихээд нүдэндээ нулимстай зогсох тамирчны сэтгэл хөдлөл давтагдахгүй шүү дээ. Ингээд бодохоор олимп болгон өөрийн онцлог, өвөрмөц содон зүйлээр дүүрэн болдог. Тэгэхээр миний үзсэн бүх л олимп надад сайхан дурсамж үлдээдэг.

 Т.БИЛЭГ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)