Консулын ОХИНЫГ хөнөөжээ

Венесуэлийн баруун зүгийн Маракайбо хот дахь Чилийн консулын газрын тэргүүн Фернандо Берендикуегийн охин Карен Берендикуег Венесуэлийн цагдаа нар буудан хөнөөжээ.
Венесуэлийн баруун зүгийн Маракайбо хот дахь Чилийн консулын газрын тэргүүн Фернандо Берендикуегийн охин Карен Берендикуег Венесуэлийн цагдаа нар буудан хөнөөжээ. Цагдаа нар тэдний зогсох шаардлагыг биелүүлээгүй автомашин уруу гал нээсний улмаас дотор нь сууж явсан 19 настай Карен Берендикуе суманд оногджээ.
Үүний дараа цагдаа нар түүнд анхны тусламж үзүүлэн эмнэлэг рүү авч явсан ч охин замдаа амьсгал хураасан аж. Шөнийн цагаар дүрэм зөрчсөн жолоочийг автомашины хулгай юм уу дээрэм тонуул хийсэнд сэжиглэн гал нээсэн гэж цагдаа нар мэдүүлсэн байна.
 Венесуэлийн албаныхан уг хэрэгт холбогдуулан Чилийн Засгийн газар, Фернандо Берендикуегийн гэр бүлийнхнээс уучлал гуйн тэдгээр цагдаа нараас гадна Маракайбо хотын цагдаагийн газарт тухайн үед ээлжинд гарч байсан 11 хүнийг баривчлан хорьсон тухайгаа хэлжээ. Уг явдал найрсаг харилцаатай хоёр орны дипломат харилцаанд хар толбо үлдээсэн хоёр дахь хэрэг болж байгаа аж. Венесуэлийн Засгийн газар, Дотоод хэргийн яам нэр бүхий 11 цагдаад холбогдох хэргийг шалгах тусгай ажлын хэсэг томилжээ.
 Түүнчлэн тэд буруутай этгээдэд хатуу шийтгэл оногдуулж, хэргийн талаар ил тод мэдээлэхээ илэрхийлсэн байна. Маракайбо хотын консул Фернандо Берендикуе “Машинд миний хүү, охин хоёр байсан.
Миний хүү дүүгээ төрсөн өдрийн үдэшлэгт хүргэх гэж яваад хяналтын цэг дээр зогсолгүй өнгөрсөн байна. Ингэлээ гээд гал нээж болохгүй. Зогсох шаардлагаа ил тодоор дахин тавихын оронд шууд гал нээснийг би ойлгохгүй байна. Машинд сумны зургаан нүх гарсан байсны гурав нь миний охиныг оносон. Ямар хүмүүс ийм хэрэг хийдэг байна гэж анх би өөрөөсөө асуусан. Харин цагдаа нар үүнийг үйлдсэн байсан.
Хүн амьдралдаа алдаа гаргадаг. Гэхдээ цагдаа нар бүдүүлэг алдаа гаргаж болохгүй. Тэдэнд ийм байдалд хэрхэн ажиллах ажлын туршлагагүй байхгүйгээс хэрэг гарлаа” гэсэн байна. Чилийн Засгийн газар энэ хэрэгт Венесуэлийн Засгийн газрыг буруушаасан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес энэ хэрэгтэй холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг авахаа мэдэгдэв.
Үүнээс өмнө өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Чилийн өөр нэг консул тус улсын нийслэл Каракаст хулгайлагдан хоёр цагийн дараа амьд суллагдсан ч буудуулсан, зодуулсан байдалтай байжээ. Мөн тухайн оны нэгдүгээр сард Мексикийн Элчин сайд, эхнэрийн хамт нийслэл хотоос мөн л хулгайлагдан нэлээд хэдэн цагийн барьцааны дараа суллагджээ.

Э.ТӨГС  

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)