Тодотголоор төсвийн үзүүлэлтүүд сайжирна
2011 оны 10 сарын 29
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тодотголыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тэнцлийн үзүүлэлтийг муутгахгүй, урсгал зардал, хөрөнгө оруулалтыг нэмэхгүй байх санал гаргасныг байнгын хороо дэмжжээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонтой холбогдуулан үйл ажиллагааны зардалд 177 сая, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй сур гуулийн барилгын хөрөнгө оруулалтад 800 сая төгрөгийг нэмж тусгах гэхчилэн олон санал дэмжигдсэн юм. Харин байнгын хорооноос дэмжлэг аваагүй саналуудаас нийслэлийн ХанУул, Багануур, Багахангай дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд зориулж ХХААХҮ-ийн сайдын багцаас 1.2 тэрбум төгрөг шилжүүлэх, Даланзадгадын ДЦС-ын үйл ажиллагааг сайжруулах зардлыг 928 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, “Оюутолгой-БаянОвоо”, “Тавантолгой-Манлай” чиглэлд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсвийн ажлыг эхлүүлэх төсөвт өртгийг нэмэгдүүлэх санал нэгдсэн хуралдаанаар дэмжигдэв.
Өнөөдөр төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж батлах учраас холбогдох байнгын хороо гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг даруй хийхийг УИХ-ын дарга үүрэгдсэний дагуу Төсвийн байнгын хороо мөн өчигдөр хуралдсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэснээ Сангийн сайд танилцуулсан. Түүний хэлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, зарлага 4.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувьтай тэнцэхээр болж анх өргөн барьсан төсвийн тэнцлийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж байгаа аж. Энэ нь 2011 онд баталсан дүнгээс төсвийн үзүүлэлтүүд сайжирсан гэсэн үг юм. Тухайлбал, төсвийн алдагдлын хэмжээ 9.9 хувь байснаа 9.7 хувь хүртэл буурч батлагдах нөхцөл бий болоод байна. Нөгөө талаас энэ оны баталсан төсвөөр хөрөнгө оруулалтын санхүүжих эх үүсвэр 55.5 тэрбум төгрөгийн дутагдалтай байсан бол төсвийн тодотгол хийснээр эх үүсвэргүйгээсээ болж алдагдал хүлээх шалтгаан үгүй болсон байна.
Б.Номин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.