М.Мөнхтуяа: Бие биенээ ойлгож итгэвэл ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байна

УДБЭТ-аас төрөн гарсан балетын бүжигчдийн нэг М.МӨНХТУЯАТАЙ онлайнаар ярилцлаа. Өдгөө БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа түүний гэр бүлийн хүн нь манай балетын гоцлоочдын нэг О.Ганцоож юм.

-Монголдоо ганц сонгодог театрын тайзан дээр гялалзаж байсан балетын бүжигчдийг хилийн дээс алхахад хайртай үзэгчид нь энэ мэдээг дурамжхан хүлээн авч байсан. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрчээ?

-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ, бид БНСУ-д ирээд дөрвөн жилийг ардаа үдсэн байна. Энд ирээд их зүйлийг сурч мэдэж Монголынхоо нэрийг гаргаад ажиллаж байна. Мэдээж, Монголынхоо тайзыг маш их санаж байна.

-Тусдаа орчин, өөр соёлтой дасан зохицоход багагүй хугацаа зарцуулсан байх. Харин балетын бүжигчний хувиар өөр тайзан дээр гарахад ямар санагдаж байв?

 

-Шинэ тайз, шинэ үзэгчидтэй уулзахад сайхан байлаа. Энэ өөрчлөлт бидний хувьд нэг талаараа том сорилт болсон. Солонгост ирсэн эхний жил маш хурдан өнгөрсөн. Бас амаргүй байсан гэж хэлж болно. Бүх зүйл шинэ байсан учраас дасахад багагүй хугацаа зарцуулсан. Цаг наргүй ажиллаж, уйлж инээж өнгөрүүлсэн дээ. Ялангуяа хүүхдүүдээсээ хол байсан болохоор надад хэцүү санагддаг байлаа.

 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэний бүтээлд тоглож, ямар дүрийг бүтээсэн бэ?

 

-“Хунт нуур”, “Жизель”, “Дон Кихот”, “Цөмөөхэй”, “Шимчун”, “Чуняан”, “This is modern” зэрэг тоглолтод оролцож, гол болон туслах дүрийг бүтээсэн. Хамгийн том тоглолт Парис хотод болж, “Хунт нуур” балетад тоглосондоо туйлын их баяртай байдаг.

 

-Өмнөд Солонгосын балетын бүжигчид ямар онцлогтой вэ. Тэднээс сурах зүйл их байна уу?

 

-Мэдээж, сурах зүйл маш их. Одоо ч гэсэн суралцсаар л байна. Бидний ажиллаж буй “Universal” компанид олон орны балетчид ажилладаг. Энэ хэрээр маш их өрсөлдөөн дунд ажиллаж байна.

 

 

 

 

Балетчин болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрээс солонгос бүжигчдийн ялгарах онцлог нь өөрийгөө бүрэн дайчилж чаддагт оршдог байх.

 

 

 

-Өмнө нь Монголд тантай ярилцаж байхдаа их дайчин зан чанартай хүн байна гэж бодож байсан. Магадгүй, одоо та ямар нэгэн бүтээлийн дүрийг тайзан дээр амилуулахын төлөө хичээж байгаа болов уу?

 

-Баярлалаа. Одоо би өмнө нь байснаасаа илүү дайчин байхын төлөө хичээж байна. Дээр дурдсан даа, энд маш их өрсөлдөөнтэй гэж. Тиймээс гол дүрд тоглохын тулд бүх зүйл дээр алдаа мадаг гаргаж болохгүй. Энэ хэрээр өөртөө маш том зорилт тавьсан. Цаг хугацаатай уралдан аль болох зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Надад заримдаа хоногийн 24 цаг багадаад ч байгаа юм шиг санагддаг. Учир нь, одоо л хичээхгүй бол миний ажиллах хугацаа богино. Энд байхдаа “Монгол бүжигчин энэ дүрийг гайхамшигтай бүтээдэг” гэж нэрээ гаргамаар байна.

 

-Монголын балетын бүжигчин БНСУ-д албан ёсоор гэр бүлээрээ ажиллаж буй нь анхны тохиолдол болсон байх. Анх та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Эхлээд манай нөхрийг ганц бие гэж бодож байсан гэсэн. Дараа нь гэр бүлтэй гэдгийг мэдээд улам сайхан хүлээж авсан.

 

-Монгол хүн гэхээр сонжиж шинжсэн эсвэл харьцуулах тохиолдол гарч байна уу?

 

-Тийм шүү, байнга л шинжиж харьцуулдаг. Энд ирээд удаагүй байхад ойлгохгүй, хүнд хэцүү зүйл тулгардаг байлаа. Тиймээс олон нийтийн дунд өөрийгөө зөвөөр таниулж, харуулах хэрэгтэй болсон. Улмаар тайзан өөрийгөө балетын бүжигчин гэдгээ батлан харуулсан. Би өөрөөсөө илүү нөхрөөрөө бахархдаг. Бүх гол дүрийг сайн гаргаж чаддаг болохоор О.Ганцоожийг сайхан хүлээж авдаг.

 

-Цаашид мэргэжлээ дээшлүүлж багшлах бодол бий юү?

 

-Энэ миний том зорилгын нэг л дээ. Би иога, пилатист дуртай болохоор багш болохын тулд сурахаар төлөвлөж байна.

 

-Өмнөд Солонгост хэчнээн жил ажиллаж, амьдрахаар төлөвлөөд байна вэ?

 

-Ойрын хэдэн жилдээ эндээ сурч ажиллана даа.

 

-Хүүхдүүд сургуульдаа дасаж байна уу. Ялангуяа бага хүүхэд тань сургуульд элсэн орсон байх?

 

-Манай хоёр хүүхэд бага сургуульд хамтдаа сурч байгаа. Одоо бол орчиндоо дасаад сонирхолтой байгаа юм шиг санагдсан. Тэднийхээ юу хүсэж байгааг сонссоны үндсэн дээр солонгос сургуульд оруулсан юм. Нэг үеийг бодоход хүүхдүүд маань бие даагаад ээж аавынхаа туслах болсон.

 

-Би таныг их азтай хүн гэж боддог. Учир нь, таныг одоогийн Монгол Улсын консерватори тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид элсэхэд зууны манлай балетчин Ю.Оюун гуай шалгаруулалтад байсан гэдэг?

 

-Баярлалаа. Мэдээж, би маш азтай. Намайг 1999 онд Хөгжим бүжгийн коллежийн шалгаруулалтад оролцоход Монгол Улсын Ардын жүжигчин Ю.Оюун багш шалгаж авсан. Тухайн үед “Энэ нүдийг нь харахаар уулын цаанаас нар мандаж байгаа юм шиг” гэж хэлж байсан юм. Нэг их удалгүй Ю.Оюун багшийн бие чилээрхэж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Энхтуяа багшийнхаа шавь болсон доо.

-Түүнчлэн та нөхөртэйгөө энэ үед танилцсан. Түүнээс хойш амьдралынхаа 20 гаруй жилийн түүхийг хамтдаа бичжээ?

 

-Олон жил өнгөрсөн байна шүү. Бид гэр бүл болоод 12 жил болжээ. Хоёр хүүхдийн аав ээж болж хамтдаа хичээж амьдарч байна. О.Ганцоож маань миний хамгийн сайн найз, багш юм. Бие биенээ ойлгож, итгэж амьдарч байж ирээдүй үргэлж гэрэлтэнэ гэж бодож явдаг.

 

-Балетын бүжигчний тайзан дээр байх цаг хугацаа богино гэдэг. Хэзээ нэгэн цагт дараагийн үеийнхэндээ багшилна. Харин та өөрийнхөө ирээдүйг хэрхэн төлөвлөж төсөөлдөг вэ?

 

-Мэдээж богинохон учраас одооноос төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж эхлээд байна. Ганц багшлах бус олон зүйлийг хийхээр төлөвлөсөн. Монголынхоо балетыг илүү сайн болгохын тулд олон ажил хэрэгжүүлэх гэж байна. Удахгүй дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал намжихаар хийхээр төлөвлөсөн зүйлээ эхлүүлнэ дээ.

 

-Хүүхдүүдийн тань аль нэг нь таны мэргэжлийг өвлөе гэвэл хэрхэн хүлээж авах вэ?

 

-Өөрсдөө хүсээд чадна гэвэл татгалзахгүй. Одоо үзэл бодол маань өөр болсон. Хүүхдүүд маань юу хүснэ, тэрийг нь дэмжинэ гэж бодож байна.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)