Т.Ариунболд: Хувьцаа, бондтой харьцуулахад койны эрсдэл хамгийн өндөр

ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Ариунболдтой ярилцлаа.


-Монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг талцуулж, шуугиулаад буй койн гэж яг юу юм бэ?

-Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт технологийн хурдацтай хөгжил маш том өөрчлөлтийг бий болгож байна. Үүний нэг тод жишээ бол койн, крипто мөнгө юм. Койн гэдэг нь крипто мөнгөний нэг төрөл бөгөөд мессежийг нууцлах технологи буюу криптологид суурилсан программчлалын аргаар зохиомлоор үүсгэгдсэн кодыг хэлнэ. Анх 2008 онд блокчейн технологид суурилсан цахим мөнгө буюу биткойн гарч байсан бол одоо маш олон төрлийн койнууд гарч зах зээл дээр арилжаалагдаж байна.

-Койны давуу болон сул тал нь юу юм бол?

-Бусад санхүүгийн хэрэгслүүд буюу хувьцаа, бонд, үүсмэл үнэт цааснуудтай харьцуулахад койн хамгийн эрсдэл өндөртэйд тооцно. Эрсдэл өсөхийн хэрээр өгөөж дагаад өсдөг. Мөн хувьцаа, бонд зэрэг үнэт цааснууд нь гаргагчийн хөрөнгөөр баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл таны эзэмшдэг бонд эсвэл хувьцааг гаргасан компани дампуурсан тохиолдолд та тухайн компани, субьектээс хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй гэсэн үг. Харин койн бол зах зээлийн үнэ унахад алдсан алдагдалд гаргагч тал ямар нэг хариуцлага хүлээхгүй.

-Койны зорилго нь юу юм бэ?

-Койныг гаргаж буй талууд энэ зах зээлд оролцогчдоос хөрөнгө босгож өөрсдийн санаачилсан төслүүдээ хэрэгжүүлэх зорилготой. Өргөн утгаараа цахим мөнгөний гол санаа нь төвлөрсөн бус систем учраас дундын зуучлагч буюу санхүүгийн зуучлагчдаар дамжихгүй өртгийн хувьд хямд, хурдан байна гэж харж байна

-Эдийн засагчдад “Койн бол монголчуудад ахадсан сэдэв, монголчууд койн руу орох болоогүй” гэсэн үзэл ажиглагдсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Дэлхий дахинд гарч буй дэвшил, өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлж алхаж байгаа нь мэдээж сайн хэрэг. Аливаа шинэлэг зүйл хөгжлийн эхэн үедээ алдаа, тодорхой сорилтуудтай тулгардаг. Тухайн сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой байсаар л байна. Манай улсын хувьд ард иргэдийн санхүүгийн боловсрол төдийлэн сайн биш байгаагийн дээр койн, токен зэрэгт хөрөнгөө их хэмжээгээр байршуулж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн санхүүгийн мэдлэг сул богино хугацаанд их хэмжээний ашиг хүртэх сонирхолтой байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл суурь нь бэлэн болоогүй байхад их хэмжээний эрсдэл гаргаж байна гэж харж байна.

-Койныг зохицуулах эрхзүйн орчин бүрдээгүй учраас эрсдэлтэй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд анхааруулсаар байгаа. Гэвч хүмүүс шуурч байгаа шалтгаан нь үнийн огцом өсөлттэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, амархан аргаар мөнгө олох гэсэн хүмүүс азаа үзэж байх шиг байна л даа?

-Цар тахлыг эрсдэл багатайгаар даван туулахын тулд дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн мөн халамж, хөнгөлөлтүүд ч иргэдэд нэлээд их олгогдсон. Одоогийн байдлаар манай улсын хувьд хадгаламжийн хүү инфляцийн түвшингээс бага түвшинд хүрч бодит өгөөж сөрөг утга авч байгаа нь иргэдийг илүү өндөр өгөөжтэй зүйлд хөрөнгөө байршуулах сэдлийг бий болгож байна. Үнэ гэдэг бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ тогтдог зүйл. Нэг талдаа эрэлт их байгаа учраас үнэ өсч байгаа, харин эрэлт ямар шалтгааны улмаас өсөөд байгаа вэ, юу нөлөөлөөд байна вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл зах зээлийн хуулиараа тогтож байгаа үнэ мөн үү, эсвэл тодорхой бүлэг хүмүүс санаатайгаар бий болгож байна уу гэдгийг ялгах ёстой. Хэрвээ бүлэг хүмүүс санаатайгаар бий болгож байгаа бол энэ нь маш том эрсдэл.

-Тэгвэл хувьцаа гэж яг юуг хэлж байна вэ?

-Хувьцаа бол хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл. Хөрөнгө оруулалтын хэрэгслийн ангилалын хувьд өмчийн үнэт цаасны төрөлд багтдаг. Өөрөөр хэлбэл та хувьцаа эзэмшигч болно гэдэг нь аль нэг хувьцаат компанид хөрөнгө оруулж тухайн компанийн өмчлөгч болж байна гэсэн үг юм. Та хувьцаа эзэмшсэнээр хоёр төрлөөр өгөөж, ашиг хүртэх боломжтой. Нэгдүгээрт хувьцаагаа хоёрдогч зах зээл дээр үнэ өсвөл арилжаалж анх авсан үнэ болон одоогийн үнэ хоёрын зөрүүгээр ашиг олж болно. Хоёрдугаарт, эзэмшиж буй хувьцаанаас ногдол ашиг хүртэж болно.

-Хувьцаа хэд хэдэн төрөлтэй байдаг гэж сонссон. Үүний талаар?

-Хувьцаа нь энгийн болон давуу эрхийн гэсэн хоёр төрөлтэй. Тодорхой хэдэн шинж чанараар ялгардаг. Тухайлбал энгийн хувьцаа нь давуу эрхийн хувьцаанаас эрсдэл өндөртэй байдаг. Шалтгаан нь компани татан буугдсан тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигч нь давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн дараа өөрийн хөрөнгөө гарган авах эрхтэй байдаг. Мөн бүх өр төлбөр болон давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгогдсоны дараах ашгаас ногдол ашгаа хүртэх эрхтэй байдаг. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь анх гаргасан нэрлэсэн үнээсээ тогтмол хувиар эсвэл тогтоосон хэмжээгээр төлөгддөг бол энгийн хувьцааны хувьд тухайн жилд ногдол ашиг хүртэх эсэх нь ТУЗ-ын хурлаар шийдвэрлэгддэг.

-Хувьцаа эзэмшигчид ямар эрхтэй вэ?

Хувьцаагаар баталгааждаг дараах хэд хэдэн эрхүүд бий. Үүнд нэгт, компанийн олсон ашгаас ногдол ашиг хүртэх. Энгийн хувьцаа эзэмшигчид компани ашигтай ажилласан, ашгаа хуваарилах шийдвэр гаргасан тохиолдолд ногдол ашиг хүртэх эрхтэй. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хувьд компани ашигтай эсвэл ашиггүй ажилласнаас үл хамааран ногдол ашиг хүртэх эрхтэй. Өөрөөр хэлбэл компани алдагдалтай ажилласан үед давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хуримтлагдаад дараа жил олгогдоно гэсэн үг юм. Хоёрт, хувьцаа нь саналын эрхтэй байдаг. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргалтанд хувь нийлүүлэгчдийн хуралд оролцон саналаа өгөх эрхтэй харин давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй байдаг. Гуравт, компани татан буугдах буюу дампуурлаа зарлах тохиолдолд оруулсан хөрөнгөө эргүүлж авах эрхтэй. Энэ үед татан буулгах комисс ажилладаг ба энэхүү комисс нь эд хөрөнгийг худалдаж олсон орлогыг зээлдүүлэгчдийн өр төлбөрийг төлөх түүний дараагаар давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид, энгийн хувьцаа эзэмшигчдын хөрөнгийг барагдуулахад ашигладаг. Дөрөвт, хувьцаа эзэмшигчид нь компанийн цаашдын баримтлах стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авах эрхтэй.

-Койн, хувьцаа хоёрын ялгааг тайлбарлавал?

-Хөрөнгө оруулалтын хэрэгсэл бүр тодорхой хэмжээний эрсдэлтэй. Хувьцаанд хөрөнгө оруулна гэдэг нь олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэл дээр суурилж, тодорхой үнэ цэнийг бүтээж буй үйлдвэрлэл үйл ажиллагаа, компанид хөрөнгөө байршуулж байна гэсэн үг. Мэдээж тухайн компанийн үйл ажиллагаа өргөжиж, сайжрахын хэрээр таны эзэмшиж буй хөрөнгө буюу хувьцааны үнэ өснө.

Өөрөөр хэлбэл хувьцаа нь бодит үнэ цэнэ бүхий үйлдвэрлэл, үйл ажиллагаагаар баталгаажна. Энэ бол хувьцааны койноос ялгарч буй гол ялгаа юм.

 

А.ГАНТУЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)