Ц.Элбэгдорж: Зүгээр Улс

1990 оны цагаан морин жилийн босгонд царцсан цустай Монгол түмэн дахиж нэг өндийсөн. Монголын төрийн алтан үсгээр бичигдэх гурав дахь түүх ингэж эхэлсэн. Өдгөө ч бид эрх чөлөөтэй энгийн нэг улс болох гэж тэмцсээр зүтгэсээр л байна. Монголыг ардчилал муухай болгосон юм биш. Монголоос коммунизм яваагүй учир улс орон маань тамираа барж байна.


Энэхүү нийтлэлийг ПОДКАСТ (аудио) дээр сонсох бол энд дарна уу!

Мөнх гэж Хаан байлаа. Их Монгол гэж гүрэн байлаа. Монголоо бодож үүнийг бичлээ. 

Монгол улс юун түрүүн социалист тахлаас ангижрах ёстой. Бидний улс энэ өвчинд нэрвэгдэж зуун дамжин шаналж яваа хоёрдох орон юм. Хойноос ирсэн тэр тахлыг монголчууд байдаг чадлаараа эсэргүүцсэн. Насанд хүрсэн зургаан хүн тутмынхаа нэгийг алуулж түүнтэй тэмцсэн. Социалист тахал өөртөө нь өрсөлдөж болох үзэл санааг, түүнийг тээгчдийг эхэлж онилсон. Монголын түүх соёлын өөдтэй өнгөтэй бүхнийг түймэрдсэн. Алтан ургийнхныг толгой дараалан хядсан. Хүүхэд ч үлдээгээгүй. Түүхэн өс хорслоо тайлж байгаа нь тэр. Бурханы шашныг 700 гаруй сүм хийдтэй нь үнсэн товрог болгосон. Итгэл бишрэлийг нь устгаж байгаа нь энэ.

Монголыг бие даасан, баян, зоригтой зүрхтэй болгоно, байлгана гэсэн бүхнийг хядсан. Төрийн харчууд, цэргийн дарга нар бүтэн үеэрээ дууссан. Коммунизмаас дайжсан Буриад зоныг хүртэл эрэгтэй хүн үлдээхгүй шахам буудсан. Зөвлөлт террорын туршилтын талбар болж Эх орон минь бүтэн 70 жил сэглэгдсэн.

1990 оны цагаан морин жилийн босгонд царцсан цустай Монгол түмэн дахиж нэг өндийсөн. Монголын төрийн алтан үсгээр бичигдэх гурав дахь түүх ингэж эхэлсэн. Өдгөө ч бид эрх чөлөөтэй энгийн нэг улс болох гэж тэмцсээр зүтгэсээр л байна. Монголыг ардчилал муухай болгосон юм биш. Монголоос коммунизм яваагүй учир улс орон маань тамираа барж байна.

Тэр жил надад Их Монгол Улсын 800 жилийн ойн Ажлын хэсгийг ахлах хувь тохиосон. Цус нэвчсэн цогцос дээр гишгэж баяр наадмаа тэмдэглэдэг болтлоо бид өвчилсөн байлаа. Энэ бол язгуур Монгол ёс биш байв. Төрийн ордны өмнө хойно нэр бүхий гурван хүний оршуулга байдаг байлаа. Засгийн газрын хурлаар 5 удаа хэлэлцүүлж, УИХ-ын чуулганаас 2 удаа буцаалгаж, гурван удаа зүтгүүлж байж Тогтоол батлуулсан. Утга нь төрийн ордон тойрсон шарилыг зайлуулах, Их хаанаа хоймортоо залахад оршсон юм. 76 хүнтэй парламентад өөрийн намын 25 гишүүнтэй, хажуудаа хуулиар тэнцүү эрх мэдэлтэй шадартай, Ерөнхий сайд явсан үе л дээ.

Олныг үл нуршин нэгэн бяцхан түүх өгүүлсүй. Ордны урд хойдох шарилыг зайлуулсны дараа оронд нь юу хийх тухай их ярьсан. Олон санаа гарсан. Хассан, нэмсэн. Тэгсээр явж ордны өмнө аав, хүү, ач гурвын хөшөө бүхий цогцолбор байгуулахаар тохиролцлоо. Эцэг Чингис, хүү Өгөдэй байх дээр санал нийлэв. Харин аль ач нь байх вэ? Мөнх, Хубилай хоёр дээр туналаа. Асуудлыг хагалах гэж тухайн үед ануухан байсан хоёр их түүхчтэй биечлэн уулзав. Нэг нь Хубилайг, нөгөө нь Мөнхийг гэв. Дахиад сонголттой тулав.

Энэ удаа би Мөнх хааныг дурссан нь учиртай. Их Монгол Улсын дөрөв дэх Хаан. Чингис Хааны отгон хүү Толуйн ууган хөвгүүн. Мөнх Хаан бол зоримог, ухаалаг үйлдлээрээ Монголын их гүрний зуунаар орших суурийг улам бататгасан хүн. Өмнөх гурван Их Хааны хийснээс сайныг нь үргэлжлүүлж бас нэмсэн. Монгол Улс, Монголын төр бөх оршихуйн тулд юуг хийх, юуг эс хийж болохыг бүрнээ ойлгож таньсан, тиймээс ч нэр алдар нь мөнхөжсөн Их Хаан. 

Дээрхийн тухай бичих нь миний хувьд яаруу ажил биш. Бодох тусам өвдөг сулрах учир Монголоо яаж зүгээр улс болгох вэ гэж гашилж байгаа минь энэ. Ёс зүйгүй улс төрчдөөр, увайгүй коммунистуудаар улсаа сэглүүлсээр суух уу! Хэн ч тоохгүй улс байх нь Монголын хувьд хамгийн том аюул. Хэрмэн дотроо биесээ барьж идэж, марзан байдалдаа хууртсаар байх уу? Сайн хүн бол сайныг үргэлжлүүлдэг, бас нэмдэг. Сайн түүх, сайн соёл бүтээлцдэг. Улсаа зүгээр улс болохыг бүгдээрээ үзэх юмсан.

Монголоо улам муу болгох гэж боддог, тэгж зорьж ажилладаг улс төрч бидний дунд байгаагүй байх. Оросын эсвэл Хятадын төлөөний этгээд л биш бол. Манай улсын хувь заяанд энэ хоёр орон бодит нөлөөтэй нь үнэн боловч Монгол Улсыг удирдах бодлогыг хэн тодорхойлж, яаж хөтлөхөөс бидний хувь заяа их шалтгаалдаг. 1911 оны түүхэн цаг мөчөөс хойш тооцвол шүү дээ. 

Ямар ч хүн Монголын ирээдүйг өмчилж чадахгүй. Гэхдээ түүнд хор хохирол учруулж чадна. Монголын төлөө хийх зүйлээс гадна, хийж болохгүй юмыг давхар боддог байх ёстой. 

Нэг; Бидэнд Монгол хүний тэмцэгч чанарыг унтраадаг улс төр хэрэггүй. Тэмцэлгүй ард түмэн мөхдөг. Оршиж байгаа орон зай маань биднээс тэмцэхийг шаарддаг. Монгол хүн тэмцэж байж гэмээ нь тэсэж үлдэнэ. Даргадаа тэврүүлж хэвтэх биш даргынхаа эсрэг тэмцэж байж л Монголын улс төр амьдарна. Даргаа шүтвэл Монгол сүйрнэ. Шүүмжилж байж босно. Дарга нь ч шүүмжлэл доромжлолд хугарахгүй нуруутай нэгэн байх ёстой. Монголд цөстэй, иртэй иргэд хэрэгтэй. Бүх бяраа даргадаа өгвөл бид унана.

Хоёр; Монголд хоёр нүүртэй шударга ёс хэрэггүй. Аль нэг даргын хувийн шударга ёс бүр хэрэггүй. Тийм хууль ч хэрэггүй. Тэмцсээр байхад өсдөг авлига хэрэггүй. Шударга ёс эдийн засгийн агуулгатайг бүү март. Даргын хүрээлэл ажил хийхгүй ч баяждаг, бусад нь ажиллах тусам ядуурдаг. Ийм амьдрал, ийм шударга ёс бидэнд зохихгүй. Сонголттой хэрэгждэг шударга ёс гэж үгүй.

Гурав; Бидэнд ард түмэн нь эрхгүй ардчилал хэрэггүй. Иргэдийн улс төрийн эрхийг нам булаасан. Намын эрхийг удирдах байгууллага нь булаасан. Бүлэглэлийн эрх нь даргад нь шилжсэн. Ардчиллыг иргэд эзэн байх гэж сонгосон. Сонгуулиар үр шимийг нь нэг удаа хүртэх гэж биш өдөр тутмын амьдралдаа өөрөө эзэн болох гэж эрх чөлөөг зорьсон. 

Ардчилал бол зөвхөн сонгуулийн юм уу эсвэл олон намын тухай асуудал огт биш. Ардчилал бол өдөр бүр газар сайгүй орших агуулгатай. Амьдралын чанар муудаж байгаа бол ардчиллын чанар муудаж байна гэсэн үг. Өдрөөс өдөрт амьдрал доройтож байгаа бол өдрөөс өдөрт ардчилал устаж байгаа нь тэр. Амьсгалах агаараас эхлээд, явах зам, өвдөхөд үзүүлэх эмнэлэг хүртэл ардчилалд, улс төрд хамаатай. Ардчилал бол зөвхөн дарга сонгодог тогтолцоо биш ардын амьдралыг алхам бүрд нь зөөллөж байдаг зам юм. Тиймгүй бол ардчилалгүй гэсэн үг.

Дөрөв; Манайд улсаа бүтэн иддэг засаглал зохихгүй. Бас хийсэн бүтээснийхээ талыг төсөв нэрээр хамдаг засаг ч ахадна. Талын талаас нь бага төсөвтэй төр таарна. Өнөөдөр Монголын хулгай дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давсан. Үүнийг засгийн тэргүүн нь өөрөө хүлээсэн. Хүнд суртлынх нь зардал улсынхаа талаас илүү гарсан. Найман жилийн өмнө 6 их наяд байсан төсөв 2024 онд 27 их наяд төгрөгт хүрч өссөн. 

Баабарын тооцсоноор өмнөх 8 жилд нь 1000 хувь өсөж байсан манай улсын эдийн засаг дараагийн 12 жилд 12 хувиас хэтрээгүй. Өнгөрсөн 8 жилд төсвийн өсөлт 500 шахам хувьтай байгаа бол эдийн засгийн дундаж өсөлт 5 хувиас дээш явсангүй. Монголд хүний эрх чөлөө босгоор гартал шахагдаж төрийн хүнд суртал хүнээ дарж алахад хүрчээ.

Тав; Бидэнд хяналтгүй засаг хэрэггүй. Ерөнхий сайдынхаа халаасанд орсон нам, хүний эрх хэрэггүй. Сонгуулийн үеэр ард түмнээ хайрладаг, бусад үед хаядаг засаг бүр ч хэрэггүй. Хяналтгүй засагт хулгай төгсөрдөг. Хулгай дээрэм, бусармаг бүхэн засгийн хайр ивээл дор, халамж дохиогоор цэцэглэж байгаа. 

Улсаа хорлогчтой нөхөцдөг, хайрлагчийг зоддог хутга ханцуйлсан эрх мэдэл огт хэрэггүй. Бидэнд "зогсооно, хураана, шийтгэнэ" гэдэг засгийн газар биш "боломж бүрдүүлнэ, та нарыг хамгаална, асуудлыг шийднэ" гэх удирдлага хэрэгтэй. Иргэдээ 8 жил зулгартал уланд унагаж үсдэж чирчхээд, одоо "та нарыг бүсэлж, бүсдэж хөгжүүлнэ" гэх тархи угаалт хэрэггүй.

Зургаа; Монголд өндөр татвар хэрэггүй. Том төр бүр хэрэггүй. Ардчилсан Холбоо Эвслийн үед 10 хувийн 4-н татвартай болж л байсан. Сүүлийн 85 жилийн түүхэнд анх удаа 2005 оны дүнгээр улсын төсөв ашигтай гарч байлаа. Манай улс төсвөө алдагдалтай батлах шаардлагагүй. Монгол дотроо уралцах биш манай эрх баригчид дэлхийд гарч өрсөлдөх ёстой. Бага татвараар, бага хүнд суртлаар, эрх чөлөөгөөр, илүү шилэн нээлттэй байдлаар. Монголын өрсөлдөх чадвар буурвал, авлигын үзүүлэлт өсвөл засаг хариуцлага хүлээдэг болох ёстой. Улсын зээлжих зэрэглэл дээшилбэл Сангийн сайд нь сайн, харин буурвал огцрох учиртай. Монгол улс НҮБ-ын 193 гишүүн оронтой ач тач үзэлцэж ажлаа дүгнүүлдэг байх шаардлагатай.

Долоо; Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай. 

"Хамжигчаа битгий нэрлэ, би чамайг шоронгоос суллана. Захиалагчаа бүү зарла, чамд бид мөнгө өгнө. Ардах хүнээ хэлэх хэрэггүй, та нарыг алуурчин биш болгоно." Ингэж гуйгаад байхад ямар ч гэмт хэрэгтэн тийм эрхэмд зөвшөөрөлгүй яах вэ. Хүн биш хөшөө, амьдад нь биш алагдсан хойно нь хайрладаг хайр хэнд ч хэрэггүй. Монголд хүн алдаг төр хэрэггүй. Цааз хэрэггүй. Хүн алах эрхийг төрөөсөө түүхээсээ халсан бид, хүн алсан хүнийг хайрлаж халамжилдаг засагтай боллоо.

Монголд хийж болохгүйг, хэрэггүй, шаардлагагүйг долоон зүйлээр ийн дурдлаа. Шинэхэн түүх, өнөөдрөө багтааж эргэцүүлээд; 1. Монгол хүний тэмцэгч чанар, зориг зүрхийг мохоож болохгүй. 2. Монголд хоёр нүүртэй, сонголттой хэрэгждэг, хувьчлагдсан шударга ёс хэрэггүй. 3. Иргэд нь Үндсэн хуульдаа заасан улс төрийн эрхээ шууд эдэлдэггүй ээлгүй бодлого, үйл ажиллагаа хэрэггүй. 4. Улсынхаа бүтээсний талыг иддэг тарган хүнд суртал бидэнд шаардлагагүй. 5. Хариуцлагаас зугтдаг, хяналтгүй засаг огт хэрэггүй. 6. Өндөр татвар, том төр хэрэггүй. 7. Ардчиллын зүрхэнд хутга дүрсэн, айл шатаасан алуурчин ивээдэг Ерөнхий сайд хэрэггүй. 

Хүн төрөлхтний түүх хэрэггүй, болохгүйгээр дүүрэн. Түүнээс зугтах хэцүү. Харин сүүдрээ, болохгүйгээ цаг алдалгүй таньж мэдсэн нь урагшаа явдаг. Түүхэндээ, өнөөдөртөө, маргаашдаа эзэн болж мөрөөрөө хөгжил дэвшилд хүрдэг. Орос зүгээр улс байхаа болиод 107 дахь жилдээ (1917 оноос хойш) зовж шаналж байна. Англи дэлхийг идэх дур хүслээ хазаарлаж чадсанаар энгийн, ардчилсан, хөгжилтэй улс болсон. Европын бусад колоничлогчид ч адил. Дэлхийн зам ийм ажгуу. 

Монгол улс ардчилсан сонголт хийгээд гурван удаагийн зогсолт, ухралт үзсэн. Энэ удаагийнх шиг улс орны эрх чөлөө, бие даасан байдалд хорлонтой, хоёр сонгууль дамжсан удаан ухралт болж байгаагүй. Төмөр замаар зүйрлэвэл галт тэрэг замаасаа гарч нурангид шигдэн эвдэрсэнтэй адил юм. Гацсан, зогсоо Монголыг өнгөрсөн 8 жилд хэн ч хүлээгээгүй.Харин бид бүгдээрээ найман насаар хөгширлөө. 

Монголчууд их түүхтэй хүмүүс, бас сайхан ирээдүйтэй гэдэгт би эргэлздэггүй. Өвөг дээдэс маань ухаарч сэхээрч явахыг захисан. -Өглөө бүр санаж яв гэж өв сургаал үлдээсэн. Эдгээр нь: 1. Хуулийн дор амьдар; 2. Чаддагийг нь ажиллуул; 3. Харц, ноёд гэж бүү ялгаварла; 4. Итгэл бишрэлд хүндэтгэлтэй бай; 5. Эрэлхэг зоригийг дэмж; 6. Газар үз, хүнтэй танилц; 7. Бусадтай өрсөлд; 8. Сайныг бүтээ, мууг цээрлэ; 9. Дэлхийд гар; гэсэн бөлгөө.

2024 оны 4 дүгээр сарын 15.

Аудио дуун хэлбэрээр сонсох бол энд дарга уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (127.0.0.1)

    2024-04-17

    Shindunii hujaagiin shees

  • (127.0.0.1)

    2024-04-17

    Энэ хужаа монголын өмнөөс уран цэцэн үг хэлэх эрхтэй юу. Овоо юм бол тэр америк нутгаасаа энд ирээд ялаа шүүлгэ. Элбэгдорж хулгайч хилийн цаанаас өмхий хороо урсгасаар л ... удахгүй чи их монголын хуулиар шийтгүүлж жангаа идэх цаг ирэх байлгүй

  • (127.0.0.1)

    2024-04-16

    Өөртөө юу ч нялзаахгүй н...