Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

Өдөр тутамдаа хурд, уян хатан бодлого шаардаж байдаг онцлогтой бизнесийг дэмжихийн тулд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Эрх зүйн хувьд бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах учраас Зөвшөөрлийн тухай хууль цаг үеэ дагаад сайжирч байх учиртай. Манай улсын хувьд төрөөс бизнесийн үйл ажиллагаанд бүртгэл/мэдэгдэл, лиценз, зөвшөөрөл, хяналт шалгалт гэсэн дөрвөн үндсэн хэлбэрээр оролцож байгаа. Хуулиас гадуурх дүрэм, журмын хүрээнд, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичиг 1000 гаруй байгаа нь иргэд, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлсээр ирсэн. Баримт бичгийн тоо, шат дамжлага, шийдвэрлэх хугацаанаас үүдэн иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг чөлөөлөх шаардлага үүссэн. Тухайлбал хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахын тулд хоёр сар 26 хоног зарцуулсан жишээг Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис иш татан танилцуулгадаа дурдав.

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тэрбээр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нараас санаачлан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад бизнес эрхлэх орон зайг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хялбаршуулах, цахимжуулах, тоог цөөрүүлж, ангиллыг бууруулах, захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Манай улстай ижил төстэй Казахстан улсын туршлагыг судалж, тус улсад 36 төрлийн лиценз, 6 бүлэг бүхий 37 төрлийн зөвшөөрөл олгогддог болохыг танилцууллаа. Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхэд гол амин сүнс гэгддэг Үнэлгээний аргачлалаа Монгол Улс өнөөг хүртэл батлаагүй нь хүндрэл, чирэгдэл үүсгэж байгааг онцлов. Аливаа хууль тогтоомж тухайн цаг үеийн хэрэгцээнд нийцсэн байх учиртай тул нэгэнт олон шалгуур давж байж авсан зөвшөөрлийг дахин сунгахдаа шинээр авахтай ижил баримт бичиг бүрдүүлдэг байдлыг хялбаршуулан чөлөөлөх зэрэг олон асуудал бийг дурдлаа. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаар төсөлд тусгажээ. 

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олгохын тулд 20-30 төрлийн шаардлага тавьж, сунжируулдаг үйл явцыг өөрчилж, олон төрлийн баримт бичгийн тоог цөөрүүлнэ. Зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгадаг байдлыг хялбаршуулж, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт шууд сунгах зохицуулалтыг тусгажээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд хамтран өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил байсныг 10 жил болгож, энгийн зөвшөөрлийн хугацааг хоёроор нэмэн 5 жил болгон зохицуулах нь дарамтаас ангижруулж, бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн зөвлөх нь нэгбүрчилэн танилцуулсан. Түүнчлэн Зөвшөөрөл бий болгох, ангилал өөрчлөх, хасахад баримтлах Эрсдэлийн үнэлгээний журмын аргачлалыг тодорхойлж, мэдэгдэл буюу тухайн үйл ажиллагааг эрхлэхийн тулд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл урьдчилж авах шаардлагагүй, зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдэл болгон хялбаршуулахаар төсөлд тусгасан гэв.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах; бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх; мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах; зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх; төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)