С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон
- 1 цаг 46 мин
- Нийгэм
- 0

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийн төслийн гол зорилго, чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ?
-Энэ хуулийн төслийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих төрийн хяналтыг сайжруулах, хууль бус эргэлттэй илүү үр дүнтэй тэмцэх, хүүхэд залуусыг хамгаалах, донтох эмгэгтэй хүмүүст эмчилгээ, нөхөн сэргээх, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа. Өмнөх хууль 2002 онд батлагдсан. Түүнээс хойш Монголын нийгэм, гэмт хэргийн арга хэлбэр, мансууруулах бодисын тархалт, хэрэглээний хүрээ, цахим орчны нөлөөлөл, хил дамнасан гэмт хэргийн шинж байдал огт өөр болсон. Өнөөдөр хууль бус эргэлт зөвхөн уламжлалт аргаар биш, цахим сүлжээ, олон улсын шуудан, далд зохион байгуулалт, хүүхэд залуусыг ашиглах хэлбэрээр явагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо өнөөгийн бодит байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлага зайлшгүй бий болсон. Гэхдээ би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ бол зөвхөн Эрүүгийн хариуцлагыг чангатгах тухай хууль биш. Хар тамхитай тэмцэнэ гэдэг зөвхөн баривчлах, хорих, яллах асуудал биш. Урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эмчлэх, нөхөн сэргээх, дахин нийгэмшүүлэх, хүүхэд залуусыг хамгаалах цогц бодлого байх ёстой. Хэрэв бид нийлүүлэлттэй тэмцээд, хэрэглэгч болсон хүүхэд залуусыг орхивол асуудал шийдэгдэхгүй. Хэрэв хэрэглэгчтэй ажиллаад, нийлүүлэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэхгүй бол мөн үр дүн гарахгүй.
Тиймээс энэ хуулийн шинэчлэл нь хууль сахиулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, гэр бүл, сургуулийн орчны бодлогыг хамтад нь хөдөлгөх ёстой.
-Ил, далд тоонууд яригддаг. Ил байгаа нь цөөхөн ч далд байгаа хэрэглэгч, хохирогчдын тоог тооцоолж чаддаг болов уу?
-Надад ирж байгаа мэдээлэл, холбогдох байгууллагуудын анхааруулгаас харахад мансууруулах бодисын асуудал нуугдмал шинжтэй байна. Бид илэрсэн хэргээр нь л төсөөлөөд байж болохгүй. Илэрч байгаа тохиолдлын цаана илрээгүй эрсдэл, хэрэглээ, туршилт, уруу таталт, далд сүлжээ байх магадлалтай. Энэ бол хамгийн ноцтой. Зарим судалгаанд хэрэглэгчдийн тоо хэдэн мянгаар яригдаж байгаа талаар дурдагддаг. Ийм тоон мэдээллийг нийтэд мэдээлэхдээ албан ёсны эх сурвалжаар нягтлах шаардлагатай. Гэхдээ тоо маргаантай байж болох ч нэг зүйл тодорхой. Хар тамхи бол Монголын хаалган дээр биш, Монголын нийгэм дотор аль хэдийнэ орж ирсэн аюул. Миний хувьд хар тамхины асуудлыг Эрүүгийн хэрэг төдий гэж харахгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүүхэд залуусын ирээдүй, гэр бүлийн тогтвортой байдалтай шууд холбоотой асуудал. Хэрэв бид өнөөдөр анхаарахгүй бол маргааш оройтно.
-УИХ-ын гишүүдийн зүгээс хар тамхитай тэмцэх тусгай байгууллага, эсвэл тусгайлсан бүтэц хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөж байсан. Энэ хуулийн шинэчлэлээр уг асуудлыг шийдэж чадах уу. Ер нь хар тамхитай үр дүнтэй тэмцэхийн тулд нэн тэргүүнд ямар бүтэц, ямар бодлого шаардлагатай вэ?
-Миний хувьд хар тамхитай тэмцэхэд нэгдсэн удирдлага, тодорхой хариуцлага, мэргэшсэн бүтэц зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Өнөөдөр энэ асуудалд цагдаа, гааль, хил, тагнуул, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, орон нутаг гээд олон байгууллага оролцож байна. Гэхдээ олон байгууллага оролцож байна гэдэг нь автоматаар сайн зохицуулалттай гэсэн үг биш. Хамгийн чухал нь бодлогын эзэн тодорхой байх ёстой. Хэн үндэсний хэмжээнд бодлогоо төлөвлөх вэ, хэн хэрэгжилтийг уялдуулах вэ, хэн мэдээллийн нэгдсэн санг хариуцах вэ, хэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах вэ, хэн эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх вэ, хэн үр дүнг хэмжих вэ гэдэг тодорхой байх ёстой. Хар тамхитай тэмцэх бодлого нь дор хаяж таван үндсэн чиглэлтэй байх шаардлагатай.
Нэгдүгээрт, хууль бус нийлүүлэлт, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшсэн чадавх. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа, цахим орчны хяналт, санхүүгийн урсгал илрүүлэх, хил гаалийн эрсдэлийн удирдлага, олон улсын хамтын ажиллагаа орно. Хоёрдугаарт, лаборатори, шинжилгээ, нотлох баримтын чадавх. Орчин үеийн сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, найрлага байнга өөрчлөгдөж байна. Тиймээс шинжилгээний лаборатори, тоног төхөөрөмж, мэргэжилтний чадавх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх боловсрол. Сургууль, их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллага, гэр бүл, орон нутгийн түвшинд тасралтгүй сургалт, мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ байх ёстой. Дөрөвдүгээрт, эмчилгээ, нөхөн сэргээх тогтолцоо. Донтох эмгэг бол зөвхөн ёс суртахууны асуудал биш, эрүүл мэндийн ноцтой асуудал. Тиймээс мэргэжлийн эмчилгээ, сэтгэл зүйн тусламж, гэр бүлтэй ажиллах үйлчилгээ, дахин нийгэмшүүлэх хөтөлбөр хэрэгтэй. Тавдугаарт, хүүхэд хамгааллын тусгай бодлого. Хүүхэд энэ асуудалд холбогдсон бол шууд гэмт хэрэгтэн гэж харахаас өмнө эрсдэлд орсон, ашиглагдсан, хамгаалалт шаардлагатай хүүхэд мөн эсэхийг үнэлэх ёстой. Тусгай байгууллага байгуулах эсэх нь нэг асуудал. Гэхдээ байгууллага байгуулаад л бүх зүйл шийдэгдэхгүй. Хэрэв эрх хэмжээ тодорхойгүй, төсөвгүй, хүний нөөцгүй, мэдээллийн уялдаагүй, эмчилгээний системгүй бол нэртэй байгууллага байгаад үр дүн гарахгүй. Тиймээс бүтэц, бодлого, төсөв, хариуцлага дөрвийг хамтад нь шийдэх ёстой.
-Та 2026 онд хар тамхитай тэмцэх бүх төсвийг хассан асуудлыг хөндөж байсан. “Төсөвгүй тэмцэл бол хоосон уриа” гэж хэлж болно. Энэ утгаараа төр, эрх баригчдын хар тамхитай тэмцэх бодит хандлага төсвөөс харагдаж байна уу?
-Аливаа бодлого төсөв дээрээ очиж үнэн эсэх нь харагддаг. “Хар тамхи бол аюултай”, “Хүүхэд залуусаа хамгаална”, “Үндэсний аюулгүй байдлын асуудал” гэж ярьчихаад, нөгөө талдаа тэмцэх төсөв, урьдчилан сэргийлэх санхүүжилт, эмчилгээний үйлчилгээ, лаборатори, хүний нөөцийн зардлыг хангахгүй бол энэ нь бодлогын зөрчил болно. Хар тамхитай тэмцэхэд мөнгө зайлшгүй хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх сургалт хийхэд төсөв хэрэгтэй. Сургууль, орон нутагт хүүхэд залуусыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөв хэрэгтэй. Шинжилгээний лаборатори, хил гаалийн тоног төхөөрөмж, мөрдөн шалгах ажиллагааны чадавх, мэргэшсэн алба хаагчдын сургалт, эмчилгээ нөхөн сэргээх төвүүдэд төсөв хэрэгтэй. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэхэд төсөв хэрэгтэй. Төсөвгүйгээр зөвхөн “тэмцэнэ” гэж хэлэх нь хангалтгүй. Энэ бол нийгэмд сайхан сонсогдох уриа байж болно. Гэхдээ бодит амьдрал дээр нэг хүүхэд эрсдэлд орсон үед хаана очих вэ, хэн туслах вэ, ямар үйлчилгээ авах вэ гэдэг асуултад хариулж чадахгүй бол бид бодитой тэмцэж байна гэж хэлэхэд хэцүү. Миний хувьд Засгийн газар энэ асуудалд илүү бодитой, илүү тууштай хандах ёстой гэж үзэж байна. Хар тамхитай тэмцэх нь нэг удаагийн кампанит ажил биш. Өнөөдөр нэг сургалт хийгээд, маргааш нэг баривчилгаа зарлаад шийдэгдэх асуудал биш. Энэ бол олон жилийн тууштай үндэсний бодлого байх ёстой. Итгэл найдвар байна уу гэвэл байна. Гэхдээ тэр итгэл найдвар зөвхөн үгэнд биш, шийдвэрт, төсөвт, байгууллагын чадавхад, хяналт үнэлгээнд, хүүхэд залуусын амьдрал дээр гарах бодит өөрчлөлтөд суурилах ёстой.
-Хар тамхитай тэмцэх асуудлаар энэ парламентын 126 гишүүн хэр идэвхтэй дуугарч байна гэж та харж байна вэ. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлаас илүү олон нийтэд таалагдах өнөө маргаашийн сэдэв дээр улстөрчид илүү дуугардаг гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг?
-Энэ шүүмжлэлийг бид сонсох ёстой. Улс төрд заримдаа өнөө маргаашийн дуулиан, олон нийтэд шууд таалагдах сэдэвт хэт төвлөрөөд, урт хугацаанд улс орны ирээдүйд заналхийлэх асуудлуудыг орхигдуулах хандлага байдаг. Хар тамхины асуудал бол өнөөдөр анзаарахгүй өнгөрвөл маргааш үндэстний хэмжээнд ноцтой үр дагавар дагуулах аюул юм. Энэ бол нэг намын, нэг Засгийн газрын, эсвэл нэг салбарын асуудал биш. Монгол Улсын ирээдүй, хүүхэд залуусын эрүүл мэнд, гэр бүлийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Тиймээс хар тамхитай тэмцэх асуудал дээр улс төрийн оноо авах, намын ялгаа гаргах биш, парламент бүхэлдээ нэгдсэн байр суурьтай байх ёстой. Иймээс миний бие УИХ-ын түвшинд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх асуудлыг бодлогын түвшинд илүү хүчтэй авч үзэх шаардлагатай гэж үзэж, хар тамхитай тэмцэх лобби бүлэг байгуулж байгаа. Энэ лобби бүлгийн зорилго нь уг асуудлыг нэг удаагийн хэлэлцүүлэг, нэг хуулийн хүрээнд орхиод өнгөрөх биш, хууль эрх зүйн шинэчлэл, төсөв, урьдчилан сэргийлэх бодлого, эмчилгээ, нөхөн сэргээх тогтолцоо, хяналт шалгалтын уялдааг парламентын түвшинд тогтмол анхаарч ажиллахад чиглэж байгаа.
-Хар тамхитай тэмцэхдээ бид хэрэглэгч, донтсон иргэдийг хэрхэн харах ёстой вэ. Нийгэмд “хэрэглэсэн бол өөрөө буруутай” гэсэн хандлага хүчтэй байдаг. Энэ хандлага эмчилгээ, нөхөн сэргээх ажилд саад болж байна уу?
-Мэдээж хууль бус үйлдэлд хариуцлага байх ёстой. Гэхдээ хэрэглэгч, ялангуяа хүүхэд залуус, донтох эмгэгтэй иргэдийг зөвхөн буруутгаж, нийгмээс түлхэх нь асуудлыг шийдэхгүй. Харин ч далд хэлбэрт оруулж, эмчилгээ тусламжаас холдуулдаг. Донтох эмгэг бол эрүүл мэндийн ноцтой асуудал. Тэр хүн өөрөө, гэр бүл нь, нийгэм нь тусламж авах боломжтой байх ёстой. Хэрэв хүн тусламж хүсэхээр очиход шууд яллагдагч мэт хардаг, доромжилдог, нууцлалыг нь хамгаалдаггүй, эмчилгээний хүртээмж байхгүй бол хүмүүс сайн дураараа тусламж авахгүй. Ингээд асуудал улам гүнзгийрнэ. Тиймээс бид хоёр зүйлийг ялгаж харах ёстой. Нэгдүгээрт, хар тамхи үйлдвэрлэж, тарьж ургуулж, худалдаалж, хилээр нэвтрүүлж, хүүхэд залуусыг уруу татаж ашиг олж байгаа этгээдүүдтэй хатуу тэмцэх ёстой. Хоёрдугаарт, хэрэглээнд өртсөн, донтох эмгэгтэй, тусламж шаардлагатай хүнийг эмчлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх бодлоготой байх ёстой. Ялангуяа хүүхдийн хувьд бүр ч болгоомжтой хандах ёстой. Хүүхэд мансууруулах бодистой холбоотой асуудалд холбогдсон бол хамгийн түрүүнд тухайн хүүхэд хохирогч болсон уу, ашиглагдсан уу, гэр бүл, сургууль, сэтгэл зүйн ямар эрсдэл байсан бэ гэдгийг мэргэжлийн түвшинд үнэлэх ёстой. Хүүхдийн ирээдүйг нэг алдаагаар нь бүрмөсөн хааж болохгүй.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)