С.Янжинсүрэн: Бид чөлөөт бүсээ ярьсаар л байгаа нь харамсалтай

Монголчууд чөлөөт бүсийг байгуулж, эдийн засгаа тэлэх бодлогыг 25 жилийн өмнөөс эхлүүлсэн билээ. Дорноговь аймагт “Замын-Үүд” чөлөөт бүс байгуулахаар 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил хийгээд буй. Хэрвээ Чөлөөт бүсийн хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ УИХ-аар батлагдвал Монголын эдийн засагт ямар үр дүн гарах талаар өчигдөр “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форумын үеэр хэлэлцсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын зөвлөх доктор С.Янжинсүрэнтэй ярилцлаа.

- Чөлөөт бүс хөгжсөнөөр ямар давуу талууд бий болох вэ?

- Монгол Улсын Их Хурал 2002 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, 2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, 2005 онд “Цагааннуур” чөлөөт бүсүүдийг байгуулсан. Эдгээр чөлөөт бүсүүд маань хоорондоо авто замаар холбогдож байгаа юм. Анзаарвал гурван улсыг холбосон эдийн засгийн том коридор үүсэх боломжтой болсон. Тэгэхээр энэ коридорыг жинхэнэ утгаар нь бий болгохын тулд ачаа бараа тээвэрлэлтийг эргэлтэд оруулах зорилт бүхий дэд бүтцийг нь бүтээн байгуулах шаардлага гарч байгаа юм. Энэ бүтээн байгуулалтыг эхлэхийн тулд юуны өмнө “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээгээд ажиллуулчихвал “Алтанбулаг” чөлөөт бүстэйгээ холбогдох эхний гарц нээгдэнэ гэж бид харж байна. Учир нь Замын-Үүд чөлөөт бүс өөрөө БНХАУ-ын том зах зээлтэй ойрхон. Мөн чөлөөт бүсэд байрлалтай, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлнө.Үүнд гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх, эсвэл хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа.

-Өөрчлөлт оруулах гэж байгаа гэлээ. УИХ-д өргөн барьчихсан байгаа юу?

-Монгол Улсын шадар сайд санаачлаад 2015 онд шинэчлэн батлагдсан чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах, түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг хөндөөд явж байна. УИХ хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэгдээд явж байна. Эхний шатны хэлэлцүүлэг хийгдчихсэн байгаа.

-2002 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулж баталсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-нд БНХАУ-ын иргэдийг 30 хоног визгүй зорчуулахаар болох гэж байгаа нь олон нийтийн дунд хардалт дагуулаад байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Замын-Үүд чөлөөт бүс дээр 13.4 км авто зам тавигдчихсан. Тэнд аж ахуйн нэгж байгуулагдаад үйл ажиллагаа явуулах, явган зорчигчид худалдаа наймаа хийх боломжтой болчихсон гэсэн үг. Дорноговь аймаг тэр дотроо Замын-Үүд ус хангамж муутай шүү дээ. Гэтэл тэнд 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай ус цэвэршүүлэх байгууламж байгуулагдчихсан. Ийм их хэмжээний мөнгө зарчихаад байхад хятадууд хилээр ороод ирчихэж магадгүй гэсэн айдастай хөтлөгдөж болохгүй. Хэрвээ хятадууд ороод ирэх юм бол Монголын дархан хил, хилийг манаж буй цэргүүд, Хил хамгаалах газар нь байгаа биз дээ. Бүгд л ажлаа хийдгээрээ хийнэ шүү дээ. Чөлөөт бүс рүү хятадууд визгүй орлоо гэхэд тэр чигээрээ Монгол Улс руу визгүй орно гэсэн үг биш юм. Энэ бол зөвхөн шадар сайдын түвшинд шийдэгдсэн асуудал биш. Асуудлыг шийдэхийн тулд 2017 оноос 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гурван ажлын хэсэг байгуулсан. Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчинг үнэлж, дүгнэх ажлын хэсэг, эдийн засгийн үр нөлөөг нь тооцох ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд бодлого гарч ирсэн.

-Ажлын хэсгүүдийн байр суурийг базаж хэлж болох уу?

-Энэ ажлын хэсэгт чөлөөт бүсийн асуудалд хамаатай бүх төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид орсон. Мөн холбоо харилцаа сэтгүүл зүйн салбараас ч хүмүүс орж ажилласан. “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээчихвэл ач холбогдолтой юм байна. Тодорхой хэмжээний хөрөнгө зарчихсан юм байна шүү дээ. Тиймээс ашиг авах цаг нь болсон байна” гэсэн байр суурь дээр нэгдэж байгаа.

-Хэрэв чөлөөт бүсээ нээж ажиллуулахгүй удвал бүтээн байгуулалт элэгдэх эрсдэлтэй. Аж ахуйн нэгжийн бүртгэл хэр урагштай байгаа вэ?

Одоогийн байдлаар 58 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлээд зарим нь газраа авчихсан. долоон аж ахуйн нэгж л гэхэд хөрөнгөө гаргаад газар дээрээ үйлдвэрийн байр барьж, зарим нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жил таван аж ахуйн нэгж 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгааны шугам сүлжээний өргөтгөл барьсан. Одоо төр засаг хэзээ чөлөөт бүсээ нээж биднийг ажиллах, бизнес хийх нөхцөл боломжоор хангах бол гэж хүлээгээд л сууж байна. Орон нутгийн иргэд ч ажлын байртай болчих юмсан гээд ярьцгааж байна. Тэр хөрөнгө оруулсан, газар авсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг салхинд хийсгэх эрх бидэнд бий гэж үү? Уг нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн даруйд нь чөлөөт бүсээ нээгээд ажиллуулсан бол өнөөдөр тодорхой хэмжээнд үр дүнгээ өгчихсөн л байх байлаа.

-Яг одоо чөлөөт бүс нээгдлээ гэхэд монгол компаниудыг ямар бизнесийн орчин угтаж байна?

-Эрээн хот 700-800 мянган хүн амтай. Дамжин өнгөрч байгаа болон түр суух худалдаа арилжаа эрхлэгчидтэйгээ нийлээд 1.5 сая хүн тэнд бий гэсэн тооцоо ч байдаг л юм билээ. Чөлөөт бүсээрээ дамжуулаад 800 мянга биш юм аа гэхэд 100 мянган хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой шүү дээ. Хилийн ойр байгаа монгол угсаатнууд манай бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай байдаг гэсэн судалгаа ч бий. Буриад, тува, халимаг гээд. Жишээлбэл, цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүнүүдэд тэд дуртай. Гэтэл Өвөр монголчууд цагаан идээ савлаад борлуулж байна. Харин бид чөлөөт бүсээ ярьсаар л байгаа нь харамсалтай.

Э.БУЛГАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • dsn (64.119.18.58)

    2020-01-21

    unuudur hurtel heden jil ih l tom yrij yrvaisan humuus amniihaa zorgoor chalichsaar olon jiliig ur dungui ,harin nam tur soligdoh burt busiin darga nar gej demii suuj mungu zavishigchid l hugjuud yvaa bh , tuunees bish ali ert shuurhai shiideed ajilaa ehluulsen bl ydaj l zamiin uudiin irged bolon hiliin hotoo ch hugjuuleed shn amidrah hugatsaa ert unguruud bn , tur soligdoh bolgond neg heseg huvalz mudakuud tomilon mungu husch baidgaa bolih heregtei!!!

  • Илк (203.91.115.49)

    2020-01-21

    ШАДАР САЙД ГЭХ ШАР ӨВГӨНӨСС ӨӨР ХҮН ӨӨР ШАДАР САЙД ЭНЭ АЖЛЫГ ХИЙХ ЁСТОЙ ЭНХТҮВШИН ЧАДАХГҮЙ ӨГӨӨМӨР ЗАХАА ХОТООС ГАРГАЖ ИРГЭДИЙН АЯ ТУХЫГ БҮРДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХУВИЙН АМБИЦТАЙ ХҮН ТЭХ ТОМ АСУУДЛЫГ ЧАДАХГҮЙ УДАХГҮЙ ЗАЙЛАНА. ТЭГЭЭД ДАРААГИЙН ШУДРАГА ХҮН НЬ ХИЙНЭ ДЭЭ ХҮҮХЭН ГУАЙ