Б.Баярцэнгэл: Коронавирус аюултай шүү, бид эмзэг бүсэд байгаа шүү, хэрвээ тусвал амь насанд халтай гэдгийг мартчихаад байна

-КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙГООР ГЭР БҮЛҮҮД ХАМТДАА ХООЛЛОХ, ЗӨВ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗЭРГЭЭР ЭЕРЭГ ХАНДЛАГА БИЙ БОЛЖ БАЙНА-

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй бөгөөд нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр ажилладаг юм байна.


-Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш Монгол гэлтгүй дэлхий даяар олон зүйл дээр хандлагын өөрчлөлт гарч байна. Та нийгмийн сэтгэл зүй судлаач хүний хувьд энэ тал дээр ажиглаж байгаа байх?

-Гол өөрчлөлт харагдаж байна. манайхан бөөгнөрсөн, нүүдэлчний ахуйгаасаа салаагүй яваа ард түмэн. бүлгийн соёл өндөртэй. хэн нэгний үзэл бодолд автах сонирхолтой. Нэг хүн тухайн сэдвээр өнцөг гаргаж ирээд ямарваа нэг чиглэл рүү дайрахад тэр рүү нь уусч орох магадлал их. Нийгмийн сэтгэл зүй гэдэг хэн нэгэн манлайлж оролцож байж бусад нь даган дуурайж сэтгэл зүйгээ илэрхийлдэг. Нийгмийг хэн манлайлах вэ гэхээр, хүн өөрөөсөө нэг шат дээр байгаа хүнийг даган дуурайх хэв маягтай байдаг. Тухайлбал, эмнэлгийн, улс төрийн, олны танил ганц хоёр хүн сошиалд “тусгай үүргийн онгоц ирлээ шүү”, “эмнэлгийн хангамжийг, вареньтай талхыг шидээд байна шүү. энэ их буруу” гэнгүүт тэр постны дор “Ёстой таны зөв” гэж бичих хэмжээний бараг 100 мянган хүн байна. нийгэмд оролцоотой байгаа, энэ олны танил, сошиалд нөлөөлөөд байгаа хүмүүсийн байр суурь маш чухал болчихоод байна, Монголын хувьд. Фэйсбүүк, сайтууд хүний сэтгэл зүйг илэрхийлдэг болоод байгаа байхгүй юу.

-Өнөөдөр таныг ямар сэтгэл зүйтэй байхыг сошиал удирдаад байна гэсэн үг үү?

-“энэ хүүхэн надтай комментоор хэрэлддэг юм, энэ ингээд байдаг байхгүй юу” гээд мэдрээд сууж байдаг. Тэгэхээр сошиал гэдэг ямар аюултай гэдгийг үүнээс олоод харчихаж байгаа юм. Бид зүгээр л нэг гар утас, компьютерийн ард байгаад байгаа юм биш. чигээрээ нийгмийн харилцаанд оролцоод байна. өглөө бүр 11 цагт хийдэг мэдээллийн үеэр нэг дарга нь гарч ирээд “Манай эд нар талх шидэж байна. ингэж байгаа газар манайхаас өөр алга” гэж хэлэнгүүт тэрийг нь дэмжиж, сайшаах хүмүүс 50-иас их хувьтай болчихоор нийгмийн гадуурхал бий болчихоод байна.

Сошиал орчныг амьд биш харилцаа гэж бодож болохгүй болчихоод байна. Яагаад вэ гэхээр сэтгэгдэл, бичлэг, подкаст хэлбэрээр байсан ч гэсэн бүгд тэр бүгдийг сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж аваад байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор фэйсбүүк хэрэглээ буцалж байна шүү дээ. энэ бүхэн цаанаа амьд харилцаа шиг ноёлж байгаа учраас гар утасны ард, компьютерийн ард суугаа хүн бичих үгээ бодох хэрэгтэй болчихоод байгаа байхгүй юу. таны бичиж байгаа нэг пост, нэг коммент (сэтгэгдэл) чинь зүгээр нэг дагагчгүй энгийн нэг хэрэглэгчийн хувьд цаанаа 1000 хүнд нөлөөлж, тэр мянга нь цаашаа сөрөг юм илэрхийлээд давлагааг аваад нөмрөөд аваад явчих нөхцөл нь бүрдчихээд байна.

Харин бид энэ давлагааг ашиглаад юу хийж болох вэ гэхээр коронавирусээс сэргийлэх ёстой гэдэгт олны анхаарлыг хандуулах. Тэр тал дээр сүүлийн үед назгайрчихаж байгаа байхгүй юу. маскаа зүүхгүй байна. “Тэнд тусгаарлагдсан хүмүүс чинь хоол шидээд байна” гэж ярьцгаадаг мөртлөө коронавирус аюултай шүү, бид эмзэг бүсэд байгаа шүү, хэрвээ тусвал амь насанд халтай гэдгийг мартчихаад байна.

-Маск зүүх, гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй гэх мэт гол юмандаа анхаарлаа хандуулахгүй байна. Анхаарлыг нь өөр зүйл дээр төвлөрүүлээд байна гэж ойлгож болох уу?

-Анхаарлаа хандуулахгүй байгаа нөхцөлийг нь нийгмийн сэтгэл зүйг хөтөлж явах ёстой хэсгүүд маань буруу хийгээд байна. эмЯ-ны мэдэгдлүүд буруу байна. хүмүүсийн сэтгэл зүйд буруу үлгэр дуурайл өгөхөөр. иргэдийн оюун санааг буруу зүйлд давлагаалж авч явах хэмжээнд тийм сэтгэгдлүүдийг хэлээд байна. Тэр мэдэгдэл, мэдээллийг энгийн иргэд бид хэлсэн бол өөр хэрэг. нийгэм хэн нэгний ам нээхийг, юу гэхийг хүлээгээд давлагаалахад бэлэн байна. гэтэл тэр бэлэн давлагааг маш сөргөөр, буруу зүйл рүү чиглүүлснээс хүмүүс маскаа зүүхгүй байна. тайвширчихаад байна. Хэрэггүй юм руу анхаарлыг нь татчихаар яг чухал зүйл болох гараа угаах ёстой юм байна, нойлын өрөөндөө цэвэрхэн байх ёстой юм байна, ариун цэврээ сахия гэдэг юмаа мартчихаад байна. тэрнийхээ оронд тэнд хэдэн хүнийг хашиж байгаа тухайгаа яриад. ярьсан зүйлс нь сошиалд хэдэн зуун мянган хандалттай явж байгааг харж байгаа байх. Хүн болгон тэрний тухай лайв хийж, сэтгэгдлээ бичээд хүн болгон пост хийж байсан шүү дээ. гадны орнууд аюулд орж, мянга мянгаараа хүн үхэж байхад энд вареньтай талх шидсэн тухай эмЯ мэдэгдэл хийж, нийгмийн сэтгэл зүйг буруу жолоодоод байна.

-Монгол сошиал, фэйсбүүк хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг. Гэтэл коронавирусийн дэгдэлтээс хойш монголчуудын сошиал хэрэглээ улам хүчтэй, хурц байдалтай боллоо гэж хэлэх гэж байна уу?

-Маш хүчтэй байна. Нийгмийн сүлжээ нь харилцааны хэрэгцээг нь нөхөөд байна. Коронавирус дэгдсэнээс хойш, хүмүүс гэр гэртээ хөл хорионд байгаа. үүнтэй холбоотойгоор сошиал хэрэглээ нь ихэссэн. Ингэхээр хүмүүсийн бодит, бодит бус санаанууд их болж эхэлж байна. бие даасан хүмүүс тэр бодол санааг бий болгохгүй. манлайлагч, нийгмийн сэтгэл зүйг дагуулагч субьектүүд байна шүү дээ. ингэх ёстой, тэгэх ёстой гэж мэдээлэл, мэдэгдэл хийгээд байгаа хүмүүс буруу үлгэр дуурайл үзүүлж, тэнд тусгаарлалтад байгаа хүмүүсийн мэдээллийг хошин маягаар, инээдэм ханиадам болгож ярьж байна. Нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх субьектүүд нь буруу хэв маягаар ажиллаад байгаа байхгүй юу. нийтийн бодол санааг өөр зүйл рүү, хүмүүсийн нөхцөл байдалд чиглүүлсэн юм руу чиглүүлээд байна.

Урьдчилан сэргийлэх тал руу нийгмийн оюун санаа, давлагааг зөв явуулах ёстой. гэтэл нийгмийн тэр давлагааг буруу явуулаад байна. хүн болгон өөр өөр характертай, хүн болгон өөр өөр зан төлөвтэй. хүнд мөөгтэй шөл, орчин нь таалагдахгүй байж болно. тэр хүний амьдардаг орчин өөр байж болно шүү дээ. гэтэл тэр хүнийг өөр, ондоо байгаагийнх нь төлөө үүрэг хүлээлгэж, хариуцлагажуулах гээд тухайн хүний үнэт зүйл, зан төрх рүү хандсан мэдэгдэл хийж, түүн рүүгээ нийгмийн бухимдлыг чиглүүлж болохгүй.

-Хятадаас корона гарлаа гэхэд монголчууд хятадуудыг үзэн ядсан. Дараа нь Францын иргэнээс корона илрэхэд Францыг үзэн ядсан. Өчигдрөөс Туркийг үзэн ядаад эхэллээ. Үүнээс үзэхэд нийгмийн сэтгэл зүй нэг зүйл дээр төвлөрөхгүй байна гэж хэлж болмоор юм?

-Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байна. Яагаад вэ гэхээр нийгмийн дийлэнх хэсэг нь боловсролгүй байгаатай холбоотой. тэр хүмүүсийг зөв жолоодож, нийгмийн манлайлал үүсгэх ёстой, зөв мэдээллийг зөв чиглүүлэх ёстой субьектүүд нь ажиллахгүй байгаа юм.

-Коронавирусийн халдварыг дагаад дэлхий нийтэд шинэ хандлагууд бий болоод байна. Шинэ өөрчлөлт ч гарч байна?

-Хэрвээ энэ вирус хамгийн эхэлж монгол хүнээс илэрчихсэн байсан бол өөрсдийгөө л хараах байсан. бидэнд өвлөгдөж ирсэн нийгмийн хэм хэмжээ, нийгмийн бодол санаа өөрчлөгдөхгүй байгаа нь нөгөө л боловсролгүй байгаатай холбоотой юм. жишээ нь, Манжийн үеийн юм ярьж, одоо болтол хятадуудыг муулдаг бодлоосоо салаагүй байдаг гэдэг нь эмгэнэл байхгүй юу. боловсролгүйн шинж. Улиг бодолтой байна гэдэг уншаагүйгийнх. нийгмийн харилцаанд дутмаг оролцдог, боловсрол гэдэг зүйлийг нийгмийн талаасаа хүртээгүй нэг хэсэг байгаад байгаа юм.

Харин боловсролтой, амьдрал ахуйгаа авч явж чадаж байгаа хүмүүс түүхээ уншчихсан, XXI зуунд бид өөрөөр амьдарна, нэг дэлхий дээр амьдарч байна, Ази гэж гаднах төрхөөрөө ижилхэн харагддаг хүмүүс гэдгээ ойлгох зэрэг соёлын тэр том боловсролыг ойлгочихоод байна. гэтэл боловсролгүй хэсэг анхдагч мэдэгдэхүүнээрээ, сургаар дуулсан юмаараа л Хятадыг үзэн ядаад байгаа соёлын аминч үзэл байна.

-Хөл хорионд орсноос хойш гэр бүлүүдийн уур амьсгал сэргэж байна, гэр бүлдээ хандах хандлага нь өөрчлөгдөж байна гэцгээж байна?

-Би үүнийг судалсан юм. Гэр бүлийн амьдрал, гэр бүл салалт, гэрлэлтийн тухай судалдаг. 1-2 хүүхэдтэй, 27-35 насны гэр бүлүүдийн хувьд хоолны ширээний ард бөөнөөрөө сууж хооллох тоо нь долоо хоногт гурав л байгаа юм. Яагаад ийм цөөн юм бэ гээд шалтгаануудыг нь тоочиход замын түгжрэл, бага насны хүүхдээ эмээ, өвөөгийнхөөс нь очиж авах зэргээр гэр бүл оройн цагаар цугларахад асуудал үүсээд байгаа юм байна л даа. Ингээд хоолны ширээний ард халуун ам бүлээрээ цугларч чаддаггүй. харин гайгүй цугларч байгаа нь зурагтын өмнө сууцгаадаг гэж хариулсан. 27 наснаас дооших, хүүхэдгүй гэр бүл нэг дор, хамтдаа хооллох магадлал өндөр.

Нэг хүүхэдтэй болоод ирэхээр хооллолтод нь өөрчлөлт ордог. дор дороо ажлаа хийгээд, ажлаа тарах гэж хамаг цагаа түгжрэлд үрээд, хүүхдээ цэцэрлэг, эсхүл харуулахаар үлдээсэн айлаасаа авах гэж мөн цаг алдана, бас хэн нэгэн нь гадуур хооллочихсон зэргээр гэр бүлээрээ хоолны ширээний ард цугларах нь маш бага юм байна. энэ бол 2019 оны дунд үед хийсэн судалгаа. тухайн гэр бүлүүдийн хувьд 27-35 насны гэр бүлүүдийн хувьд гадны хэн нэгний оролцоогүйгээр хүүхдээ өсгөж чадахгүй байна. Аль нэг талынхаа ээж аавынхаа туслалцааг авах, эсвэл нэг нь ажлаасаа гарах зэргээр асуудлаа шийдсэнээс болж нэгнийх нь нийгмийн харилцаа дутмаг болж ирэхээр гэр бүлийн асуудал үүсч эхэлдэг. тэгэхээр энэ хөл хорио ялангуяа дээр дурдсан насны залуу гэр бүлүүдийг хамтдаа байх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна. гэр бүлээрээ байх, хамтдаа нэг дор байх боломжийг олгосон. Нэг дор хооллох боломжийг бас олгож байна.

-Өмнө нь хөршөө, байрныхнаа, гудамжны айлуудаа огт тоодоггүй, тус тусдаа л аж төрдөг байсан бол хөл хорионд орсноос хойш бүгд нэг байр, нэг гудамж, нэг сум, нэг хорооллынхон гэдгээ ухаарч, харилцан бие биедээ хамааралтай болж нэг нь л өвчин тусвал бүгд тусна гэдгийг ойлгож байна. Өмнө нь ажлын хүн нь, гадаа яваа хүн, автобусанд хамт зорчиж яваа хэн нэгэн огт хамаагүй мэт байсан бол одоо бүгд хамаатай гэдгээ мэдэрч байна. Үүн дээр бас хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна шүү?

-Наадах чинь их зөв өнцөг. Энгийн томуугийн үед ч маск зүүдэггүй хүмүүс шүү дээ. тэгтэл хүмүүс “ханиадны үед ч маск зүүж баймаар юм байна даа” гэж хэлж байгаа юм. ер нь өвчин зовлон, вирус, ханиадны талаар хүмүүс мэдлэгтэй болчихсон байна. та сая хамаарал гэж ярилаа, биднийг багад хөршийн холбоо гэж байлаа. нэгнийхээсээ сонгино, давс ч гуйчихдаг байсан. гэтэл тэр холбоо алга болчихсон байсан. хэн нэгнийд нь хулгай орсон ч мэдэхгүй өнгөрөх үе болчихсон. коронавирус дэгдсэнээс хойш хүмүүс өөрсдөө гараад орцоо цэвэрлэж байна, лифтэнд шахалдаж орохоо больж, хоорондох зайгаа барьж, маск зүүх зэргээр бага хэмжээгээр ч болов бэлтгэгдэж байна.

Дээрээс нь худалдан авалтаа хүртэл бодож хийдэг болсон байна. Тэр их чухал. Дэлгүүрт ороход чихэр, шоколад, ундааны тасагт зогсож байгаа хүн байхгүй байна. Өргөн хэрэглээний талх, боорцог, сүү, мах, хүүхдийн живхний тасгаас бараа сонгож байна. Хүмүүс ухамсаргүй худалдан авалт хийдэг. Харин сүүлийн үед худалдан авалт дээрээ ч ухаалаг болж эхэлж байна. Хэрэгцээтэй, хэрэгцээгүй хэрэглээгээ таньж эхэлж байна. Гэр бүлүүд хэрэгцээгүй хэрэглээгээ больж, чихрийн хэрэглээгээ багасгаж, эдийн засгийн байдал хүндэрнэ гэдэг мессэж оччихсон учраас мах, гурил, сүүнд худалдан авалтаа чиглүүлээд байна.

-Та сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй юм байна. Коронавирустэй холбоотойгоор хүмүүсийн сэтгэц зан үйлд өөрчлөлт орж байна уу?

-Өөрчлөлт орж байна. Ялангуяа тусгаарлалтад байгаа хүмүүсийн хувьд сэтгэц зан үйлд нь өөрчлөлт орж байгаа. тэд яагаад хоорондоо зодолдоод байгаа юм.

Герман байна уу, франц байна уу, монгол байна уу хамаагүй. хүн дөрвөн хананы дунд тусгаарлагдчихаар сэтгэл зүйд түгшүүрийн эмгэг үүсдэг. хүмүүсээс коронавирус илрээгүй ч гэсэн өдөрт коронавирустэй холбоотой асуумжаа хэд бөглөж байгаа вэ. хэдэн удаа халуунаа хэмжүүлж байгаа вэ гэдгээс тэр хүмүүс чинь түгшүүрийн эмгэгийг өөрсдөдөө 14, 21 хоногийн дотор хөгжүүлчихдэг байхгүй юу. бид тиймээс сэтгэцийн өөрчлөлтөд орох гээд байгаа хүмүүс рүү огт дайрч болохгүй. Ялангуяа яам нь дайрч болохгүй байхгүй юу. Хэнийг ч бай аваачаад дөрвөн хананы дунд оруулаад өдөрт найман удаа халууныг нь үзээд, өдөрт найман удаа нэг төрлийн асуумж бөглүүлээд тодорхой хэмжээнд өөр өөр хоол өгч байгаа ч гэсэн тодорхой цагт хооллоод ингээд горимд оруулчихаар хүн өөрчлөлтөд ордог байхгүй юу. Яг туршилтад орж байгаа амьтан шиг хэмжээнд хүрэх магадлалтай. тэр хүмүүс сошиалд орж хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншиж байгаа. Жирийн иргэд гэртээ талхаа идээд гарч орох ондоо.

Дөрөв хананы дунд гарахгүй, орохгүй, жорлон, өрөө гэсэн жимтэй болоод өдөрт байн байн халуун үзүүлээд, асуумж байсхийгээд бөглүүлээд тэр хүн тодорхой хэмжээний хэрэгцээнүүдээ боолгуулчихаж байгаа байхгүй юу. тэгэхээр ямар ч эрүүл хүн тодорхой хэмжээний айдас түгшүүртэй болж, угаас түрэмгий бол тэр зан төлөвийг нь өдөөнө, хэт даруухан амар тайван хүн бол амьдралын эрч хүчгүй, сул болж өөрийгөө вакумжуулаад эхэлдэг. Тэгэхээр бид тодорхой хэмжээний хэрэгцээгээ хаалгуулчихсан, горимд байгаа хүмүүсийг харааж зүхэж болохгүй юм. сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орж байгаа, тэр хүмүүс. бид ч өөрсдөө анх хөл хорио тогтооход, дараа нь Францын иргэнээс коронавирус илэрлээ гэхэд түгшүүртэй болсон биз дээ.

Нийгмийн сэтгэл зүйг тэр чигээр нь буруу зүйл рүү давлагаалуулчихаар бүлэг бүлгээрээ хүмүүс цаана нь хохирч байдаг.

Д.Гансаруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай