Малчид "ноолуур үнэд хүрэхийг хүлээж, хадгалж байгаа" гэв

Түрүүч нь № 090(6456) дугаарт

Энэ хавар ноолуур үнэгүйдэж нэг килограмм нь 20 мянган төгрөгийн ханштай байна. Төв аймгийн Баянцогт, Баянчандмань, Жаргалант сумдаар газар тариалангийн сурвалжлагаар явахдаа малчин айл өрхүүдээр орж, цаг үеийн байдалтай танилцлаа.

Баянцогт сумын нэгдүгээр багийн малчин Ч.Нацагдорж гуайнх Өгөөмрийн үзүүр гэх газарт ганц гэрээр хаваржиж байна. Мэнд ус мэдэлцээд сонины газраас явж байгаагаа дуулгавал Ч.Нацагдорж гуай гэртээ урьж "Сурвалжлагчдад яримаар юм их бий" гэлээ. Бидний яриа ноолуураар эхлэв.

-Өнөө жил ноолуур кг нь 20 мянган төгрөг болоод малчид маань хэцүүдэж байх шиг байна?

-Арай дэндлээ. Хэзээ байтлаа ноолуур 20 мянган төгрөг байсан юм бэ. Дээр нь юу гэнэ үү 20 мянган төгрөгийг кг тутамд нь өгнө үү гэнэ үү. Тийм юм дуулдаж байна.

-Ноолуур асууж сурч ирж байгаа хүн байна уу?

-Яг үнэндээ энэ хавар ноолуур асууж, ноолуурын тухай ярьж орж ирж байгаа хүмүүс гэвэл та нар л байна. Түүнээс биш жил жилийн өдийд ченжүүд машиныхаа хамрыг гэрийн үүдэнд тулгачихаад "Ах аа, эгч ээ" гээд инээд алдаж гүйж орж ирээд "Ноолуураа өгөөч" гэдэг байлаа. Гэтэл та хэдээс өөр ноолуур асууж байгаа хүн алга.

-Өдийд малчид маань хамгийн их бэлэн мөнгөтэй, худалдаа наймаа хийдэг хүмүүс юмсан?

-Өнгөрсөөн. Бид чинь бүтэн жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг өдийд л хүртдэг улс. Унаа уншаа сэлгэж, сольж авдаг байлаа. Дөрвөн улиралдаа өмсөх хувцсаа худалдан авна. Үгүй ядаж өмсөж байгаа энэ бакаалаа солино. Бас энэ хонинд өмсдөг гандаж хуучирсан дээлээ сольж, ирэх өвөл тугалаа нэмнэдэг. Гэтэл хуучин дээлээ ч сольж чадахгүй сууж байна.

Малчид энэ үед өр зээлээ дарж, хот орж Нарантуулаар явж, бүтэн жил хэрэг болох эд зүйлээсээ эхлүүлээд хамаг юмаа базааж авдаг. Гэтэл мөнгөний бараа харалгүй удлаа. Өмнө нь гурил, тамхи, бензиний мөнгө хэрэг болбол нэг кг ноолуураа барьж аваачаад зараад болгочихдог байлаа. Одоо тийм юм алга.

"Монгол коммент" нэвтрүүлгийг харж ноолуурын үнэ ханш нэмэгдэх нь үү гэж хүлээж суудаг боллоо. Тэрүүгээр ноолуурын тухай ярьдаг ч нэмэх тухай ярих нь ховор байна.

-Одоо тэгээд та нар яажшуу амьдрал ахуйгаа залгуулж байна. Хотод амьдрал бүр ч хэцүү байна. Хүмүүс ажил орлогогүй болж, өр зээлэндээ баригдацгаалаа?

-Хонь зарахаар хүний хэлсэн амаар л зарчихаж байна. Ноолуураа 20 мянган төгрөгөөр өгвөл бидэнд ямар ч ашиггүй. Ашиг байтугай зардлаа ч нөхөж чадахгүй хүнд байдалд орно. Ядаж 60-70 мянган төгрөг хүрчихээсэй гэж залбирах юм. Өнгөрсөн жил ноолуур 100-130 мянган төгрөгийн үнэтэй байсан. Бид хаврын энэ үед энд тэндээс хүн амьтан хүүхэдтэйгээ ирвэл хоосон гаргахгүй гээд 5000 төгрөг бэлэглээд сууж байдаг хүмүүс шүү дээ. Гэтэл одоо гар дээр бэлэн мөнгө алга.

-Танай энэ хавийн малчид одоо тэгээд яана гэнэ вэ. Юу ярьцгааж байна. Ноолуураа хураагаад хадгалцгааж байна уу?

-Ноолуураа орон доогуураа л хийчихсэн байна. Заръя аа зарж болохгүй хэцүү болохоор бүгд л орон доогуураа хийчихсэн хүлээлгийн байдалтай байна. Толгойгоо сэгсэрцгээгээд л яах вэ л гэсэн хүмүүс олон байна.

-ХӨСҮТ-өөс хотын иргэдийг хөдөө гарч хамаатнуудаа бараад гээд байгаа. Хүмүүс ч хөдөө хурдан гаръя. Шуудай будаа, гурил ачаад хамаатнуудаа зорьё гэцгээж байна?

-Энд нэг юм хэлье. Хүний өөрийн гэлтгүй нэг тийм дутагдал байна. Манай хүү, бэр хүүхдүүд ч ялгаагүй адилхан. Малчин бид чинь урин дулаан цагт өглөө 05 цагт босоод хэдэн малынхаа араас явдаг. Гэтэл хотоос ирсэн хүмүүс ганц өглөө эрт босоод малд явж өгөхгүй. Үд хүртэл унтаж байгаад босч ирээд эвшээж, суниагаад "Ямар сайхан юм бэ" гэж дуу алдаж байгаад л явчихдаг. Ганц өглөө ч болов үнээний дэлэн шувтраад өгдөггүй. Түүнээс биш гурил, будаа хоол унданд санаа зовох зүйлгүй. Тэр бол болно оо. Бидэнд ажилд тусалдаг ганц хүн байхад л их нэмэртэй шүү дээ. Ажилд тусалдаг хүн л их хэрэгтэй байх юм.

-Танайх хэчнээн малтай вэ?

-Цөөхөөн, 300-гаад тооны юм бий.

-Энэ хавьд усны асуудлаа яаж шийдэж байна?

-Гунын гол бий. Энд тэр голоос өөр задгай ус байдаггүй. Өнөө жил татарчихаад байна. Худгаар л ундны усны асуудлаа шийддэг дээ.

-Өглөө 11 цагийн мэдээ үздэг үү?

-Би үзэхгүй ээ. Хээр малынхаа бэлчээрт л явж таарна. Харин манай хүн л үздэг юм. Сурвалжлагч ирснийх бас нэг юм ярья. Газар тариалангийн бүс нутагт мал маллах хэцүү. Зөрчилдөөн их гардаг. Угтаа бол монголчууд чинь нүүдлийн мал аж ахуйгаар олон мянган жил явж ирсэн. Тариалангийн компаниуд хаа сайгүй тор татаж, хашаа хатгаад сүүлдээ мал маллахад хэцүү болж байна. Үүн дээр зохицуулалт хийх хэрэгтэй байна. Үүнээс болж тариаланч, малчин хоёрын хооронд маргаан гарах юм гэв.

Ч.Нацагдорж гуай "Ноолуур гэдэг чинь их л үнэтэй эд дээ" хэмээн байн байн халаглаж толгой сэгсэрч "Хөдөөний бидний амьдрал энэ жил бүр сүйрлээ. Дараа жил хүртэл яаж тэснэ дээ" гэж байлаа.

Баянцогт сумын төвд Гуна нэгдүгээр багийн малчин С.Зоригттой уулзлаа. Хүү нь цэрэгт явах нас нь болоод бүртгүүлэхээр иржээ. Хүүгээ сумын захиргааны байрны гадаа хүлээгээд зогсож байхад нь уулзлаа.

-Та ноолуураа зарсан уу?

-Үгүй ээ, үгүй. Орны хөндийд л байгаа. Хэрвээ зарвал урамшуулал өгөх юм гэнэ билээ гэсэн юм дуулдсан. Гэхдээ ченжид биш аж ахуйн нэгжид зарвал тэр урамшууллыг нь өгнө гэсэн байх шүү.

-Танай суман дээр ноолуур авч байгаа аж ахуйн нэгж бий юү?

-Хоршоонд өгчихдөг юм. Тэндээ ноолуураа тушаачихаад л бид чинь Нарантуул руу явдаг. Эсвэл хот руу оруулаад Эмээлтэд ноолуураа өгчихөөд цаашаа зах гардаг байлаа. Намар ямааны арьсаа зарсан айлууд л хожив бололтой.

-Тэд намар ямааны арьсаа хэдээр өгсөн юм бол?

-35 мянгаар зарцгаасан. Ямааны ноолуур нь арьснаасаа хямд байхыг анх удаа л харж байна. Бүх юм зогслоо.

-Одоо та бүхэн яая гэж бодож байна?

-Ноолуурын үнэ нэмэгдэхийг, ханш нь өсөхийг хүлээж байна гэлээ.

Баянцогт, Баянчандмань сумын зааг дээр малаа хариулж явсан малчин В.Түмээтэй уулзлаа. Тэрээр "Малчид ноолуураа зарахгүй байгаа. 20 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэдгийг сонсоод ганц хоёр хүн зарж борлуулсан байж магад. Гэхдээ би л лав ноолуураа зарчихлаа гэж ярих малчныг сонссонгүй. Хотод амьдрал хэцүү байна гэж зурагтаар ярьж байсан. Гэтэл хөдөөд ч амьдрал хүнд байна. Гар дээрээ бэлэн мөнгөтэй малчин алга. Хонь асууж сураглаж ирсэн хүний хэлсэн мөнгөн дүнд нь шууд л хонио өгч байгаа. Өөр орлого гэх юм алга. Хөлсний малчин авч ажиллуулах боломжтой айл ч алга. Хүүхдүүд ач зээ нар нь хотоос ирсэн болохоор мал хуйндаа явуулж байх шиг байна. Би ч гэсэн хотоос ирж малд явж тусалж байна" хэмээсэн юм.

Уулзсан малчдын хувьд ноолуур үнэгүйдэж буйд хэн нэгнийг буруутгасан юм ярьцгаасангүй. Айхавтар өвчин гарч, хөл хорио тогтоосноос хот хөдөөгүй амьдрал уруудаж байгаа ч удахгүй бүх юм зөв голдиролдоо орно гэж ярьж байлаа. Мөн малчны зээлээс эхлүүлээд зээл, өр ширээ төлж чадахгүй байгаагаа ч нуусангүй.

Гэрэл зургуудыг Б.АМАРТҮВШИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.23.226)

    2020-05-06

    sain hadgalah heregtei,zasag avna gesen bol avna