Т.Бат-Оргил: Шударга биш байна, энэ нийгэм бүр болохоо байчихлаа. Цаашаа бид яах юм бэ гэдэг захиасууд хамгийн их ирж байна

2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэг буюу 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж буй, эрх зүйч Төрболдын Бат-Оргилтой ярилцлаа.


-Монголчууд “Хүний удмыг хар” гэдэг. Сонгуулийн сурталчилгаа нээгдсэн өдөр таны ээж Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд гуай танд зориулж үг хэлж, удам судраа нэг бүрчлэн дурдаж байна билээ?

-Хүмүүст шинээр сонсогдож байгаа боловч надад байнга хэлдэг үгнүүд л дээ. Нэрээ бод гэнэ. Эмээ маань загнахаараа намайг багад дандаа зүйр цэцэн үгээр загнадаг байсан. Түүнээс биш тэнэг, мулгуу гэдэг ч юм уу, муухай үг, хараалын үгээр хүүхдүүдээ хэзээ ч загнаж байгаагүй. Нэр хугарахаар яс хугар гэдэг юм гээд л загнана. Нэрээ бод, хэнтэй нөхөрлөж байгаагаа сайн бод гэж их захина. Миний хувьд ген, удам гэхээсээ илүү тэр хүнийг багад нь ямар үг хэлж өсгөсөн бэ гэдэг нь өөрөө тэр удмыг хэлээд байдаг юм болов уу гэж би сүүлдээ бодсон л доо. Төрөлхөөсөө муу хүн гэж байхгүй шүү дээ, байгалийн өгөгдөхүүн нь. Гэтэл ямарваа нэгэн үйл явдал болоход тэрийг чиний аав, ээж яаж хүлээж авч байна вэ гэдгийг хүүхэд багаасаа шингээж, том болсон хойно нь ч тэр шингээж авсан байдал нь өөрчлөгддөггүй бэхэжчихдэг. Түүн шиг миний өвөг дээдэс намайг дандаа ардын сургаалаар хүмүүжүүлсэн. Би хэдий орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн ч гэсэн Монголын язгуур урлаг, аман зохиол, аман ухаан надад өвөг дээдсээр минь уламжлагдаж ирсэн. Бидний буурай бид бүгдийг “Цомбон туурайтай хүрэн” дуугаар бүүвэйлж өсгөсөн. Орос сургууль ч бидэнд хэрэгтэй юм өгч байсан. Социалист нийгэмд бид өссөн. Хувиа битгий хичээ. Бусдынхаа төлөө сэтгэлээ байнга зориулж бай, ядарсан нэгэндээ байнга тусалж бай гэж орос сургуулийн багш нар заадаг байсан.

Би бол тэр бүх хүмүүжлийн бүтээгдэхүүн, одоо тавь шүргээд явж байна.

-Н.Сувд гуай “Хувиа хичээсэн бол хүүгээ улс төр рүү оруулахгүй байх байлаа. Хүүгээ хориод дийлсэнгүй. Нэгэнт ийм шийдвэр гаргасан учир одоо дэмжихээс өөр аргагүй боллоо. Манай удмын дөрөв дэх үе ийнхүү төрд зүтгэхээр болж байна” гэж байсан?

-Би ч муу ээжийгээ хэцүү байдалд оруулсан байх л даа. Яагаад вэ гэвэл улс төрд орохыг ээж ер нь дэмждэггүй. Учир нь өвөөгийн минь ах Цэндийн Баттөмөр гэж Гэгээрлийн сайд, анх буудуулсан 14 хүний нэг нь. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр манай гэр бүлийг тэр чигээр нь нөмөрсөн байдаг. Тэрийгээ нэг их яриад байдаггүй юм. Монгол Улсын түүх, тэр үйл явдал зөвхөн манай гэр бүлийг онцолж хэлмэгдүүлээгүй. Монголын сэхээтэн бүх гэр бүлийг хэлмэгдүүлэлт дайрсан. Тэр бол нэг хэсэг хүн Монголоо хорлочихъё ч гээгүй, тусгаар тогтнолоо олохын төлөөх төлөөс нь тэр байсан. Ийм хэцүү байдгийг бүгдээрээ мэдэхийн учир төрд битгий ор гэдэг байлаа. “Эрдэнийн сан Субашид”-д байдаг шүү дээ. “Олны хэрэг төвгийн учир” гэж байдаг шүү дээ. Улстөрд орно оо гэдэг бол надад хувийн амьдрал байхгүй болно оо гэсэн үг. Өмнө нь би бизнесээ хийгээд явж байхад юу хийнэ үү, яана уу, гэртээ юу хийх нь хэнд ч хамаагүй байсан. Одоо бол миний хийж байгаа болгон хүмүүст хамаатай. Би худлаа ярьж болохгүй, буруу бизнес хийж болохгүй. Миний бүх юм зөв, бүх юм ил байх ёстой. Элдэв янзын улстөрийн дарамт ирэхээс өмнөх энэ нөхцөл нь ядаргаатай байхгүй юу. Хувь хүний хувьд хамаг юм нь ил задгай явна гэдэг чинь.

-Тэгж байна.

-Хэцүү шүү дээ. Гэхдээ миний хувьд энэ хэцүү биш. Яагаад вэ гэвэл миний амьдрал багаасаа л ил байсан. “Жүжигчин Сувдын хүү”, “Нөгөө Сувдын хүү явж байна” гэдэг. Би хаана л явна “Нөгөөдөх чинь явж байна” гэж л харж байдаг учраас миний хувьд шинэ зүйл биш (инээв). Шинээр нэмэгдэж орж ирэх зүйл бол улс төрийн дарамт, шахалт. Бид ямар улс билээ. Хоёр хөрш маань ямар хүчтэй гүрнүүд билээ. Гуравдагч хөршүүд маань том гүрнүүд. Жижигхэн Монгол Улсад тэр дарамт шахалт буух нь ойлгомжтой. Тэр бүхнийг давж дийлэх сэтгэлийн тэнхээ бол улстөрчдөд байх ёстой. Гэтэл миний харж байгаагаар тэд юун сэтгэлийн тэнхээ вэ, тэрнээсээ өмнө өчүүхэн хувийнхаа ашиг сонирхлыг дийлж чадахгүй, хамгийн наад захын юман дээр л бүдэрч унаж байна. Нэг хүн нэг, хоёр тэрбум авна гэдэг том тоо. Харин улсын хувьд тэр нь бага мөнгө. Гэтэл тийм мөнгөнд улсынхаа эрх ашгийг худалдчихаж байгаа бол тэд чинь бас л тэр шалгуураа давахгүй байна гэж миний хувьд бодож байна.

-Хүмүүс “Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайн үр удмыг, удам судрыг бид бүгдийг нь мэднэ. Ийм удам судар сайтай, сайн хүмүүс л улсаа худалдахгүй. Тиймээс зээ хүүг нь дэмжье” гэж сэтгэгдэл бичсэн харагдсан шүү?

-Ер нь хүмүүс их өөр болж байна. Намайг хүмүүс зүгээр л дуулдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл би эрх зүйч хүн. Мэргэжлээрээ 30-аад жил ажиллаж байна.

-Таныг саяхан л эрхзүйч мэргэжлийн диплом олж авчээ гэж ойлгоцгоодог. Үгүй юм байна?

-Үгүй. Хууль зүйн яаманд 1995 онд ажилд орсон. Өнөөгийн манай нийгмийг бий болгоход миний хөдөлмөр, хувь нэмэр тэнд орсон. Банкны системийг өнөөдрийнх шиг болгоход хууль дээр ажиллаж байлаа. Хүмүүс зээл авах юм уу, орон сууц авчихаад бүртгүүлэх гээд Үл хөдлөх хөрөнгийн газарт очдог. Тэрийг чинь байгуулж явлаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бэхжүүлэхийн төлөө явж байлаа. 1990-ээд оны үед өрийн сүлжээ гэж бий болчихсон. Бүх хүмүүс, бүх байгууллага нэг нэгэндээ өртэй. Эдийн засаг хөдлөхөө болиод гацчихсан. Тэр гацааг гаргах гэж том реформууд хийсэн. Тэр бүхэнд гар бие оролцож явлаа. Мэдээжийн хэрэг зүв зүгээр, эв эрүүл хүн гадаа гудманд гарч ирээд “Би ийм ийм эрхзүйн реформд оролцож байлаа” гээд хашгираад байхгүй шүү дээ. Тэр чинь өөрийнхөө ажлыг мөрөөрөө хийгээд л явж байгаа. Тэр ажлынхаа хажуугаар миний хобби бол дуу дуулах. Дуулах дуртай. Оюутан байхдаа нэг удаа тайзан дээр гараад дуулчихсан. Тэгээд л намайг хүмүүс зөвхөн дуулдаг л гээд ойлгочихсон.

-“Аж богдын харуул”-ыг хэлж байна уу?

-Тийм тийм. Ирээд нэг дуулаад өгөөч гэхээр нь очоод дуулчихдаг байсан (инээв). Ажлынхаа хажуугаар л хоббигоороо хийж байсан нь тэр. Гэтэл хүмүүс ил харагдаж байгаа нь дуулж буй болохоор дуучин гэж боддог. Би бол дуучин биш. Тэр мэргэжлийг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Жаахан л аялдаг болгон өөрийгөө дуучин гээд байвал утгагүй. Сургуулийг нь төгсөж байж дуучин гэгдэнэ. Дээш, доошоо өнгөө авдаг, нотоо ядаж мэддэг байх хэрэгтэй. Надад тэрний аль нь ч байхгүй. Зүгээр л өөрийнхөө зохиосон дуунуудыг л эвлэгхэн дуулчихдаг.

-Иргэд, сонгогчидтой уулзаад явахад нэр дэвшигчээс юу хүсч байна, юу хүсдэг юм байна вэ?

-Хамгийн их сонссон үг бол итгэл. Хүмүүс төрд итгэхээ больчихсон байна. Намуудад итгэхээ больчихсон байна. Нэг нэгэндээ итгэхгүй байна. Өөртөө итгэхгүй байна. Ард түмэн маань итгэх хүнээ хайгаад байна. Хүнд хамгийн хэрэгтэй юм чинь итгэл байдаг юм байна. Тэр итгэл алдарчихаар “Би одоо хэндээ, юундаа итгэж амьдрах юм бэ” гэдэг хүмүүсийн цухал биш бүр цөхрөнгө мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэр бол хамгийн ихээр мэдрэгдэж байна. Хэлж захиж байгаа нь ч гэсэн “Би чамд л итгэе дээ. Чи миний итгэлийг битгий алдаарай, урмыг минь битгий хугалаарай” гэж байна. Түүнээс биш “Надад мөнгө өгөөч, миний байшингийн ханыг будаад өгөөч” гэж гуйж байгаа хүн ганц ч алга. Шударга биш байна, энэ нийгэм бүр болохоо байчихлаа. Цаашаа бид яах юм бэ гэдэг захиасууд хамгийн их ирж байна.

-Хан-Уул дүүргийг “Үхлийн хэсэг” гэж хөлбөмбөгийн хэллэгээр тодорхойлоод тэр дундаас гараад ирчих магадлалтай нэр дэвшигчийн нэгээр таныг нэрлээд байгаа шүү. Энэ тойрогт хичнээн хүн өрсөлдөж байгаа билээ. Хориод бил үү?

-Гучаад хүн байгаа.

-Пөөх?

-Гэхдээ энэ чинь гайгүй шүү дээ. Их сургуульд ороход хэдэн хүн өрсөлдөөд хэд нь хуваарь авч сургуульд ордог билээ. Тэгэхээр арваас нэг хүн гэдэг чинь их боломжийн (инээв). Тийм учраас би их өөдрөг байгаа. Хэрвээ 1000 дотор нэг гэсэн бол яана даа гэж бодохсон. Арван хүнээс нэг гэж бодохоор бас л боломжийн байгаа биз дээ.

-Тийм байна.

-Миний хувьд бол энэ тойрог гоё тойрог. Хүмүүстээ хүлээж буй итгэлийг нь өгч байна. Хүмүүс сонгох хүнтэй болчихлоо шүү дээ. Түүнээс биш аль нэг намын шахаасаар бөөн хар үүх түүхтэй хүмүүс, эдэн дундаас арай гайгүйг нь сонгоё гэсэн сонголт биш байна шүү дээ. Яагаад энэ хүмүүсийг бүгдийг нь энэ тойрогт тааруулаад хаячихав даа, хайран юм гэж байна. Энэ чинь бол харин ч гоё сонголт болж байна, миний хувьд.

-ЖДҮ болон бусад олон бусармаг явдалд нэр холбогдсон гишүүд сонгогчдын итгэлийг алдсан. Бүр “Энэ ч арай тэгэхгүй ээ” гэсэн хүмүүс хүртэл ЖДҮ-гээс мөнгө хулгайлчихсан. Хэрвээ та УИХ-д орвол тийм санал ирлээ гэвэл...

-Би бол тэр шалгалтаа аль хэдийнэ давчихсан.

-Хэзээ?

-АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Надад том цүнхтэй юмнууд авчирч өгч байсан. Би тэр цүнхэнд юу байгааг нь ч хараагүй. “За, наадхаа аваад явцгаа. Ажлаа зүгээр хийцгээ. Хэдүүлээ сайхан ажил хэргийн уулзалттай л байя. Надад янз бүрийн бэлэг хэрэггүй” гээд өчнөөн хүнийг буцааж байсан. Би хүний мууг үзэж, матаж хэнд ч зарлаагүй. Ил тодоор надад авлига өгье гэж байсан тохиолдол бий. Харин би тэрийг Тагнуулын байгууллага, АТГ-т нь мэдэгдсэн. Улсын аюулгүй байдалд нөлөөтэй юмнууд орж ирж байсан. Цаг хугацаа хангалттай өнгөрчихсөн учраас өнөөдөр ярьж байна. Одоо бол ингээд ярихад улсын аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх. Ямар ч байсан над дээр нэлээд хэдэн сая долларын санал тавьж орж ирж байсан хүмүүс бий. Тийм их мөнгө санал болгоно гэдэг чинь цаанаа асар их сонирхол байна, тэр нь Монголын аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэж үзээд тухайн үед нь сайхан сэтгэл гаргаж болохгүй учир хууль хяналтын байгууллагад нь мэдэгдэж байлаа. Тэр хүмүүсийг яасныг нь харин би мэдэхгүй. Надтай дахиж эргэж холбогдоогүй. Миний хувьд тийм мөнгөний шалгуурыг давдгаа давчихсан. Алдар гавьяа нэр цуунд багаас минь хоргүй болгочихсон. Ээж, эмээ хоёроос минь илүү алдартай хүн байна гэж төсөөлөхгүй байна (инээв). Миний хувьд тэр хоёроос давж алдартай болно гэж хэзээ ч байхгүй. Би ямар өчүүхэн бэ гэдгээ багаасаа мэдэрч өссөн. Тийм учраас ямар нэгэн албан тушаалд очлоо гэхэд толгой эргээд байх юм байхгүй.

-Бусад дүүргээс Хан-Уул юугаар онцлог юм. Эндээс дэвших болсон шалтгаан?

-Би энэ дүүрэгт одоо амьдарч байгаа. 19-ийн үйлчилгээний төвийн өөдөөс харсан есдүгээр байранд би өвөөгийндөө өссөн юм. Энэ бол миний төрж өссөн нутаг. Эндээсээ л би нэр дэвшиж байна. Түүнээс биш өөр аль нэг тойрог, дүүргийг дорд ч юм уу, ад үзсэн юм байхгүй. Бид УИХ-д ороод зөвхөн энэ тойргоо төлөөлөхгүй. Ард түмний элч гэж л явна. Намайг багад манайх Найрамдлын район буюу Баянзүрх дүүрэгт байдаг байлаа. Би одоо ч Баянзүрхдээ элэгтэй. Өнөөдөр бид аль нэг тойрог дүүргийг төлөөлнө гэхээсээ илүү, Монгол Улсаа яаж хамгийн хурднаар энэ хэцүү байдлаас гаргах вэ. Эрх баригчид маань манай өнөөгийн бодит нөхцөл байдлыг хүмүүст хэлэхгүй. Манай эдийн засгийн байдал маш хүнд болчихсон. Яг үнэндээ манай улсад эдийн засаг байхгүй болчихсон. Манайд зүгээр аж ахуй, хувиараа эрхлэх аж ахуй л байна. Тийм хэмжээнд манай улсыг авааччихлаа. Жаахан юм ургуулж тарьж байна. Өөрсдөө тэрийгээ идээд ч хүрэлцэхгүй, гаднаас авч байна. Хашаанаасаа жаахан юм ухаад урагшаа гаргаж зараад тэр мөнгөө чүүтэй айтай хүргэх гээд л явж байна. Түүнээс биш Монгол Улсад энэ үндэстнийг чирээд авч явж байгаа ямар ч оюуны үйлдвэрлэл, эдийн засаг, аж үйлдвэрлэл алга. Манайд зөвхөн худалдаа л байна. Тэндээс юм авчраад эндээ зарчихдаг. Зарим нь бүр панз. Гадаадад таван ам.долларын үнэтэй байгаа юмыг энд авчраад 15-20 доллараар зарж байна. Чанартай юм авчирч зардаггүй. Монголчууд нь ядуураад юм худалдан авч чадахгүй болчихсон. Иймэрхүү наймаагаар л өдөр хоногийг өнгөрөөж байна. Газар доороос гаргаж ирсэн эрдэс баялгаа хэдхэн хүмүүс булаацалдаад зодолдоод нэгийгээ хориод л. Ийм л байдалтай бид аж төрж байна.

-Таны мөрийн хөтөлбөрөөс олны анхаарлыг татаж байгаа хэдэн хэдэн зүйл байна. Тэр дундаас дэлхийн алдартай Google, Amazon компаниудыг Монголд оруулж ирвэл олон мянган хүн ажлын байраар хангагдаж, тогтвортой амьжиргаатай болно гэсэн төлөвлөгөө гаргажээ?

-Миний мөрийн хөтөлбөр дээр дандаа мэргэжлийн хүмүүс ажилласан. Түүнээс биш би унтаж байснаа гэнэт сэрээд л “Надад ийм нэг санаа орлоо” гэсэн зүйл огт биш юм. Монгол Улсыг ойрын 10 жилийн дотор энэ хүнд байдлаас нь гаргах хөтөлбөр байгаа юм. Шууд биелэх боломжтой төлөвлөгөө. Сүүлийн 10 жил бодож боловсруулсан ажил юм шүү. Жишээ нь, эрчим хүчний салбараа бүрмөсөн өөрчлөх ёстой. Бидэнд одоо ЗХУ-аас өвлөгдөж ирсэн эрчим хүчний систем л байна. Тэрийгээ бид хувьчлахгүй өчнөөн жил боллоо. V цахилгаан станц барина гэж улс төрчид өөрсдийгөө рекламддаг ярианы сэдэв 15 жил явлаа. Одоо болтол хоёр тоосго эвлүүлээд тавьсангүй ээ. Гэтэл хувийн секторын 20 төсөл байна, эрчим хүчний. Тэдэнд зөвшөөрлийг нь өгөхгүй, боомилоод л яваад байна. Бид улсаас ганц ч төгрөг гаргахгүй эрчим хүчийг Монголдоо үйлдвэрлэж чадна. Судалгаагаар Хятадын эрчим хүчний хэрэгцээ өнөөгийнхөөсөө гурав дахин нэмэгдэх гээд байна, ойр хугацаанд. Тэдний өнөөдрийн хэрэгцээ нь манай Монголын хэрэгцээнээс 2000 дахин илүү байна. Бид нүүрс урагшаа гаргах гэж байснаас энэ шороо шиг элбэг байгаа хүрэн нүүрсээ эндээ эрчим хүч болгоод урагшаагаа чөлөөтэй гаргахад Монгол Улсад хичнээн их мөнгө орж ирэх вэ. Аливаа улсын эдийн засаг гадаад худалдаанаасаа хамааралтай байдаг. Бид яагаад ядуу байгаад байна вэ гэвэл, арай гэж гаргаж ирсэн зэс, алт, нүүрснийхээ мөнгийг гадагшаагаа буцаагаад өгчихөөд байгаа юм. Бензин, машин, хүнсний бүх юмаа гаднаас худалдаж авна. Ингэхээр бид хамаг валютаа гадагшаа алдаад дуусчихаж байгаа юм. Бид гаднаас валют олж ирдэг хэдхэн сувагтай. Тэр нь ашигт малтмал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Ерөөсөө л энэ. Нэгдүгээрт бид энэ сувгуудынхаа төрөл зүйлийг нэммээр байна. Тэр бол яалт ч үгүй эрчим хүч. Эрчим хүчний 20 байг гэхэд таван том станцтай болоход эрчим хүч чинь хэд хэдэн давуу тал бий болгоно. Гэр хорооллуудыг бүгдийг шөнийн цагаар хямд өртөгтэй цахилгаанаар хангах боломжтой болно. Ингэхээр өрхийн орлогынхоо 70-80 хувь, бүр 100 хувийг тэр чигээр нь зарцуулдаг айл өрхүүд тэр мөнгөө амьжиргаандаа зарцуулдаг болж ирэх юм. Үүнийгээ дагаад агаарын бохирдлоо үндсээр нь шийднэ. Энийг аль ч нам ярьдаггүй, аль ч улстөрч ярьдаггүй. Тэд 30 жил ярьсан юмаа арай өөр болгоод л яриад яваад байна. Та нар өнөөдөр мөрийн хөтөлбөрөө ярьж байгаа улс төрчдийг хараарай. Ийм юм ярьж сэдсэн хүн ганц ч байхгүй. Бид XXI зуунд амьдарч байна. Өөрөөр бодож өөрөөр сэтгэх ёстой. Эрчим хүч шийдэгдчихээр Монголд үйлдвэрлэл эрхлэхэд нэн таатай орчин бүрдэнэ. Монголд үйлдвэрлэл эрхэлж буй үйлдвэрлэгчдэд сайнаар тусах нь ойлгомжтой. Монголд үйлдвэр байгуулахад хамгийн тохиромжтой болно. Гадаадын хөрөнгө оруулагчид таатай нөхцөлөө л харна. Монголд Google, Amazon хоёр орж ирэх гээд чадаагүй. Учир нь эрчим хүч нь хангалтгүй гээд гараад явчихсан. Монгол бол Google, Amazon-ы server farm-уудыг байгуулахад хамгийн таатай нөхцөлтэй улс орон.

-Харин тийм судалгаа байдаг билээ?

-12 сарынх нь найм нь хүйтний улиралтай. Серверүүд асар их дулаан ялгаруулдаг. Бид үүлэн технологи гээд л яриад байдаг. Тэр үүлэн технологи дээр байгаа файлууд чинь хаа нэгтээ бодит сервер дээр хадгалагдана шүү дээ. Энэ хоёр том газрын сервер гэхээр бүхэл бүтэн хот, район шиг хэмжээтэй байгууламж байж таарна. Тэр серверүүдийг сэрүүн газарт байгуулах нь хамгийн тохиромжтой байдаг. Серверүүдийг хөргөх гэж асар их зардал гаргадаг юм. Бид эрчим хүчээ хямдхан болговол тоолж баршгүй серверүүдээ ажиллуулахын тулд тэр том гегантууд чинь ороод л ирнэ. Бид тэдэнд эрчим хүч зарах гэж муйхарлахаас илүүтэй оронд нь “Монгол залуусыг сурга” гэж болно. Хэрвээ бид энэ ажлыг төлөвлөгөөний дагуу ажил хэрэг болвол Монголын барилгын салбараас эхлүүлээд жирийн иргэд, залуус маань ажлын байртай болж, олон улсын цалингийн сүлжээгээр цалинжина. Дунджаар 2000-3000 ам.долларын цалинтай болно гэсэн үг. За ингээд яриад байвал хагас цаг байтугай хэдэн ч цаг ярих их төлөвлөгөө санаа байна аа.

Нүүрс гаргана, төмөр гаргана, төмөр зам барина гэж ярьж байгаа сэдвүүд нь хүртээмжгүй юмнууд байгаад байна. Тэдний ярьж байгаа энэ сэдвүүд чинь XVII зууны үеийн технологи байхгүй юу. Дэлхийд аж үйлдвэрийн хувьсгал болж байхад л ярьж байсан юмнуудыг энэ улс төрч, намууд ярьсаар байна.

Д.Гансаруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай