Дотоодын аялагчдын зохисгүй үйлдэл хэтэрсээр байвал ирээдүйд аялал жуулчлалаас олох асар их орлогоо Монгол улс алдана

Аялал жуулчлалын зөвлөх, судлаач Ч.Буянбадрахтай ярилцлаа.


-Энэ жил хүн болгон орон нутгийг зорьж, аялж байна. Гэвч дотоодын аялагчдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэлээн байх шиг?

-Манай улсад фэйсбүүкийг хоёр сая гаруй хүн хэрэглэдэг гэсэн статистик бий. Насанд хүрсэн хүн бүр, нэмээд өсвөр үеийнхэн хэрэглэж байна гэвэл буруудахгүй. Фэйсбүүк харахаар хүн бүр хог хаядаггүй, хог хаясан нэгнийг буруутгаж, шүүмжилдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл, сошиалыг харахаар хүн бүр байгалиа хамгаалаад байгаа юм. Гэтэл бодит байдал дээр орон нутагт аялж байгаа хүмүүс маш их хог хаяж байна. Тэгэхээр сошиал орчин бодит байдлын талбар биш, мөн уриалаад үр дүн багатай юм байна. Тиймээс миний харж байгаагаар үүн дээр зохион байгуулалт, менежмэнт хийх хэрэгтэй. Би нэг мэдээлэл харж байсан. Хөвсгөл аймаг руу орж байгаа аялагчдаас 20 мянган төгрөгийн такс авъя гэсэн байсан санагдаж байна. Үнэхээр тэгж такс авах бол тухайн мөнгийг авсан газар зохион байгуулалт хийх хэрэгтэй. Майхантай буух бүсээ зоож өгөх, хогийн цэгээ тодорхойлох, хогны уут өгөөд буцахдаа тасалбараа шалгуулаад хогоо тушаагаарай ч юм уу, ийм зохион байгуулалт, менежмэнт дутагдаад байна. Зөвхөн уриалаад хангалтгүй юм. Зохион байгуулалт, менежмэнт, хяналт шалгалт хэрэгтэй байна.

Ард иргэдэд нэг зүйлийг сайн ойлгуулмаар байна. Улаанбаатар хотыг өдөр болгон ТҮК-ийн ажилчид цэвэрлэчихэж байна. Түүнтэй адил орон нутагт хаясан хогийг цэвэрлэх хүн гэж байхгүй. Тэнд хогийн сав тавиад ч утгагүй. Ерөөсөө л хүн болгон тарьсан хогоо бүрэн цэвэрлээд хаана ч үлдээлгүй аваад явдаг байх хэрэгтэй.

-Аялагчдад аяллын боловсролыг хэрхэн олгох боломжтой вэ?

-Үүнийг үе шаттай сургалтаар хийнэ. Жишээ нь, Малайз бол бусад оронтой харьцуулахад үзэж харах асар их зүйлтэй орон мөн үү гэвэл тийм биш. Гэтэл тус улс яагаад богино хугацааны зорилт тавиад аялал жуулчлалаар дэлхийд эхний 10-т орох орлоготой орон болж чадсан бэ гэвэл цэвэр сургалтын системтэй холбоотой. Нисэх буудлын ажилтнаас өгсүүлээд таксины жолооч, дэлгүүрийн худалдагч зэрэгт улс орон даяар төрөөс нь бодлого хэрэгжүүлж хөрөнгө хаяж сургалтад хамруулсан. Наад зах нь Малайзад ирж байгаа ямар ч гадаадын жуулчинг хараад инээх гэдэг зүйлийг хүн бүрт суулгаж чадсан. Үүнтэй адил сургалтаар л хүмүүст аялал жуулчлалын боловсрол олгохгүй бол хэцүү. Өвөрхангай аймгийн адуучин залуучуудад зориулсан аялал жуулчлалын нэг сургалт болж байсныг санаж байна. Түүнээс өөрөөр уг салбарт оролцоотой хүмүүсийг хамруулсан сургалт болж байсныг энэ салбарт 20 гаруй жил ажиллахад санахгүй байна. Тиймээс аялал жуулчлалд оролцож байгаа, аялж байгаа хүнд боловсрол олгохын тулд үе шаттай сургалтыг хийх хэрэгтэй. Гэхдээ үүнийг сошиалаар явуулаад хэрэггүй юм байна. Яг ухамсарт нь нөлөөлдөг зүйл юу вэ гэдгийг бодох ёстой. Танхимын, эсвэл газар дээр нь сургалтууд зохион байгуулж болно.

Би нэг зүйлд харамссан. Коронавирустэй холбоотойгоор бүх жуулчны бааз гадаад жуулчингүй байгаа. Төр засаг энэ цаг хугацааг ашиглаж баазын ажилтнуудад сургалт зарласан бол өнөөдөр арай өөр үр дүнг хүлээх байлаа. Судалгаагаар манай жуулчны баазуудын 70 хувь нь мэргэжлийн бус эзэдтэй. Ямар ч зочлох үйлчилгээтэй хамааралгүй, мэргэжлийн бус хүмүүс байгаа юм. Мөн ажилчдынх нь хэдэн хувь мэргэжлийн бус вэ гэж судлаад үзэхээр бас 70 хувь. Ямар ч аялал жуулчлалын ойлголтгүй хүнийг бааз дээр аваачаад тавьчихсан. Тэгэхээр мэргэжлийн байгууллага нь ийм байхад жирийн монгол аялагчид аялал жуулчлал гэж ийм юм гэж ойлгуулахад бэрхшээл ихтэй байгаа биз. Энэ салбарт оролцож байгаа бүх хүнээ сургамаар байна.

-Дотоодын аялагчид өссөнөөр хүндрэлтэй байгаа уг салбарынхны орлогод нэмэр болж байна уу?

-Бид гадаадын жуулчин дээр хамгийн дээд тал нь 30 хувийн ашиг хүртдэг. Дотоодын жуулчин үүнээс хамаагүй бага байна. 10 хувийн ашиг хийж чадаж байна уу, үгүй юү. Тиймээс дотоодын аялал жуулчлалаас ашиг хийж, хямралын давж чадаж байгаа гэвэл хэцүү. Яагаад гэвэл манай ихэнх аялагч нар хувиараа аялдаг. Хаа дуртай газраа буугаад тухалж байгаад яваад өгдөг. 10 хүн байлаа гэхэд компаниар захиалга өгч аялж байгаа нь гурваас хэтрэхгүй. Гэхдээ цөөн ч дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр компаниуд хүмүүсийг уриалаад байгаа нь зөв юм. Бага багаар зүтгэж байж л ахина. Уг нь аялагч аяллын компанид хандвал өөрөө зохион байгуулагч, тогооч болох шаардлагагүй, төлөвлөсөн цаг хугацаандаа үзэх ёстой зүйлээ үзээд ая тухтай аялаад ирнэ. Энэ давуу боломжуудыг манайхан сайн мэдэхгүй байна. Хувиараа аялбал зардал багатай гэдэг ч олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж, нөгөө тухтай сайхан аялах гэсэн гол утга учраа алдагдуулаад байна. Уг нь даатгах ёстой хүмүүст нь даатгаад явах ёстой.

-Монголын байгаль бүхэлдээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Байгаль орчноо бохирдуулаад байвал эргээд хэрхэн жуулчин татах вэ гэсэн бэрхшээл үүснэ. Коронавирусийн халдвар намжиж Монголыг зорих жуулчдын цуваа нээгдэх нь ойлгомжтой шүү дээ?

-Дэлхий дээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Үүн дотор эко аялал жуулчлал гэж ойлголт бий. Манай орон ийшээ их оройтож орж байна. Сүүлийн хэдэн жил л дөнгөж ярьж эхэллээ. Гэтэл Япон зэрэг орнууд 1990-ээд оноос эко аялал жуулчлалыг яриад байгальд ээлтэй байх технологийн асуудлыг шийдвэрлээд явчихсан. Тогтвортой, эко аялал жуулчлал гэж юу вэ, гадаадын жуулчдад бид монгол орныг байгаагаар нь хэрхэн “борлуулах” вэ гэхээр өнөөдөр ирээд амарсан газар дараагийн жуулчин ирэхэд асуудалгүй, эвдрэлгүй байх тухай ойлголт юм. Гэтэл одоо нэг жуулчин (гадаад, дотоод хамаагүй) ирж эвдээд явсныг дараагийн хоёр, гурав дахь хүмүүс нь ирээд харж байна. Энэ нь өөрөө тогтвортой аялал жуулчлал биш. Би нэг зүйлийг гайхдаг. Өнөөдөр Монголын газар нутгийн 78 хувь нь цөлжсөн гэж ярьдаг. 2025 он гэхэд хойд мөсөн далай хайлж дуусна гэдэг. Энэ үед байгаль цаг уур их өөр болно гэж дэлхий нийт ярьж байна шүү дээ. Энэ том мэдээллийн хаана Монгол явж байна вэ. Энэ өөрчлөлт аялал жуулчлалд асар том нөлөөтэй. 20 жилийн өмнө намайг хөтөч байхад Хархорин суманд Орхон голын эрэг дээр жуулчидтай гадаа хоол идэхэд салхи босоход шороо хийсдэггүй байсан. Бор шороон хөрстэй. Одоо 20 жилийн дараа ширээгээ дэлгээд суухад багахан салхинд л элс дарчихаж байна. Ингээд өөрчлөгдөөд байхад манайх хаана явна вэ, ямар бодлого чиглэл баримтлах юм, аялал жуулчлалын салбарт энэ бүх нөхцөл байдлыг хэрхэн тооцох юм гэх зэргээр асуудал их байна. Нэмээд дотоодын жуулчид хог тариад байна.

-Уг нь манайх хэдэн зуун сая жуулчин авах том зорилттой шүү дээ?

-400 сая жуулчин уу. Тийм жуулчин авсан нэг ч улс байхгүй л дээ. Хамгийн их жуулчин авч байгаа улс 96 саяд л хүргэдэг. Хэл нь халтираад хэлсэн байх. Ордосыг харьцуулсан байсан. Өнөөдөр Хятадын аялал жуулчлалын бүсийг Монголынхтой харьцуулшгүй юм. Ордос дээр гадаадын жуулчин хэд ирдэг вэ гэвэл дорвитой тоо гардаггүй. Хятадууд өөрсдөө л аялдаг. Хятад өөрсдөө дотооддоо аялж аялал жуулчлалаа аварч гараад байгаа юм. Үүнтэй адил монголчууд унаж байгаа салбараа аврах гээд тодорхой хэмжээгээр аялаад явж байгаа нь сайн байна. Энэ бол дэвшил юм.

Г.БАТЗОРИГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zov (127.0.0.1)

    2020-07-19

    Saihan yariltslaga bainaa, bayrlala