Б.Эрдэнэтуяа: Сошиал маркетинг хүнээс мөнгө биш хугацаа, сэтгэл шаарддаг

“Бизнес хөгжил” булангийн зочноор Маркетингийн болон хувь хүний хөгжлийн зөвлөх "Дэйл Карнеги" төвийн итгэмжлэгдсэн сургагч багш  Б.Эрдэнэтуяаг урьж ярилцлаа. 

-Миний ажигласнаар та их олон салбарт ажилладаг юм шиг санагдсан?

-Миний мэргэжил маркетинг. Мэргэжлээрээ ажиллаад 18 жил болж байна.  Олон байгууллагын маркетингийг хийдэг болохоор салбар бүрт ажилладаг юм шиг харагддаг. Маркетинг гэдэг нь олон салбарт ажиллах зэрэг ажиллах боломжтой ч үндсэндээ нэг л мэргэжил. Хүмүүс бүтээгдэхүүн нь өөр өөр харагдахаар олон салбарт ажилладаг гэж хараад байдаг. Энэ салбараас гадна сүүлийн тав орчим жил сэтгэл судлалыг сонирхож, суралцаад явж байна. Харин одоо “өөрийнхөө эрдэм мэдлэгийг зарж” эхэлсэн. Өмнө нь байгуулгын маркетинг хийж байхдаа тухайн байгууллагын онцлогт тааруулж, хүний  барааг зарж өгдөг байсан. Харин одоо өөрийнхөө бараа үйлчилгээ, контентыг зарж борлуулж эхэлсэн гэсэн үг. 

 

-Сүүлийн үеийн маркетингийн чиг хандлагыг тодорхойлооч? 

 

-Арга барил их өөрчлөгдөж байгаа. Өмнө нь боломжит нөхцөл байдлыг дүгнээд ажилладаг байсан. Одоо бол дижитал маркетинг, цахим орчны нөлөөгөөр маш их өөрчлөлт бий болж байна. Цахим орчны хурдацтай хөгжлийг дагаад маркетинг маш хурдтай хөгжиж байгаа. Сүүлийн үед бизнесийн байгууллагууд цахим сувгийг ашиглаж хэрэглэгчидтэйгээ ойр дотно харилцааг үүсгэж борлуулалтаа хийдэг болсон. Өмнө нь зурагтаар реклам үзээд л сурталчилгаагаа хийчихдэг.Үйлчлүүлэгчтэйгээ зорьж уулзахаас өөр харилцаа байдаггүй байсан. Тийм нөхцөлд хэрэглэгчид бүтээгдэхүүний тухай сэтгэгдэлээ илэрхийлэх боломжгүй. Одоо бол хэрэглэгчид цахимаар дамжуулан цаг минут тутамд сэтгэгдэлээ илэрхийлж, шүүмж өгдөг болсон. 

 

-Дижитал маркетинг хийхдээ юун дээр анхаарах вэ?

 

-Дижитал маркетинг нь хэрэглэгчид болон олон нийттэй шууд харилцаж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Энэ хэлбэр нь үр дүнтэй хямд зардалтай.

 

 

 

Телевиз бол хамгийн өндөр үнэтэй нь бас хамгийн их хүнд хүрдэг хэлбэр байсан бол дижитал маркетинг түүнийг ардаа орхиод байна. Гэхдээ энэ хэлбэр нь бидний зүгээс маш их “хайр халамж”-ийг шаарддаг. Хайрыг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдэг шиг хэдий их хөрөнгө зарцуулаад, олон хүн хөлслөөд, маш гоё контент хийхээс илүүтэйгүүр хэрэглэгчдээ ойлгодог, халамжилдаг ойр дотны харилцаа үүсгэж байж л амжилт олдог болсон. Их мөнгө шаардахгүй ч хугацаа сэтгэл шаарддаг. 

 

 

 

-Олон нийтийн сүлжээ, цахим орчныг ашиглаад сайн маркетинг хийхийн тулд заавал их хөрөнгө шаардлагагүй гэсэн үг үү? 

 

-Яг ийм л сайхан цаг үе ирчихсэн байгаа. Мөнгөтэй байгууллагууд маркетинг хийдэг, мөнгөгүй жижиг гарааны бизнесүүд юу ч хийж чаддаггүй цаг үе байсан. Арваад жилийн өмнө бизнес эхлүүлэхэд шаардагдах мөнгөнөөсөө илүү их мөнгийг маркетингдаа зарцуулдаг байсан. Үндсэн барааны үнэ 30 мянга байлаа гэхэд маркетингийн зардал болон бусад зардлаа нэмээд бараг л хоёр дахин илүү үнээр хэрэглэгчдийн гар дээр очдог байсан. Харин одоо бол мөнгөгүй байсан ч маркетингаа хийх боломжтой болчихсон учраас тийм  ч их үнээ нэмдэггүй. Үүний үр дүнд маш олон гарааны бизнес эрхлэгчид гарч ирсэн. Шинэ шинэ бизнесүүд бий болж монголчууд өөрсдөө бүх юмыг хийхийг эрмэлзэж байна. 

 

-Та өөрөө бизнес хийдэг болсон гэж хэлсэн. Тэгэхээр мэргэжлийн хүний хувьд энэ салбарт ажиллахад таньд өөрийн гэсэн арга барил байдаг уу?

 

-Миний хувьд судалгаан дээр тулгуурлаж ажиллах дуртай. Хүмүүс яг юу хүсэж байгаа, ямар орчин нөхцөлд байдаг, таалагддаг таалагддаггүй зүйлс зэргийг судалж байж ажилладаг. Хэрэглэгчийнхээ хэрэгцээг ойлгож түүнийг нь судалж ажиллавал хамаагүй үр дүнтэй. Хэрэглэгчээ ойлгож чадахгүй бол түүний хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлж чадахгүй л гэсэн үг. 

 

-Цар тахал дэгдэж хөл хорио тогтоосон өнөөгийн нөхцөл байдалд олон байгууллагууд хаалгаа барихад хүрээд байна. Ийм нөхцөлд бизнесээ тогтвортой хадгалж үлдэхэд маркетингийн талаасаа ямар арга хэмжээ авах вэ?

 

-Маш олон хүмүүст “COVID-19” хүндээр тусаж байгаа ч зарим хүмүүст ашигтай байгаа. Сайн дураараа интернет маркетингд орсон хүмүүс байхад зарим нь огт энэ төрлийн маркетинггүй байсан. Тэдгээрт хөл хорионы нөхцөл байдал тулж ирэхээр хүссэн хүсээгүй интернет маркетингд суралцах шаардлагатай болсон. Маш олон хүмүүс энэ хэлбэрт суралцаж байна. Үйлчлүүлэгчээ хүлээгээд лангуун дээр суухаа болиод хүргэлтийн үйлчилгээгээр хүргээд өгчихдөг болсон. Харин зарим нь “COVID-19” дуусахаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гээд интернет маркетингийг алгасаад байгаа байх. Сурсан зүйлийг хэн ч булаагаад авчихдаггүй учраас энэ төрлийн маркетингд суралцсанаар маш том давуу тал болно. 

 

-Фэйсбүүк, инстаграмм зэргийг хэн ч ашиглаж чадна, тиймээс суралцах шаардлагагүй гэсэн хандлага байдаг. Дижитал маркетингийг сайн хийхдээ заавал мэргэжлийн байх шаардлагатай юу?

 

-Ихэнх мэргэжлийн хувьд дипломтой, ажлын туршлагатай байвал ажилд орох боломжтой болдог. Харин маркетингийн мэргэжлийн хувьд диплом, ажлын туршлагатай байсан ч гэсэн мэдрэмжгүй бол төдийлөн амжилттай ажиллаж чадахгүй байх тохиолдол байдаг. Мэдрэмж маш чухал. Мэргэжлийн хүн биш ч гэлээ өндөр мэдрэмжээрээ маш сайн маркетинг хийж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ цөөн тохиолдолд. 

 

-Маркетингийн чиглэлээр суралцах гэж байгаа залуус болон энэ чиглэллийг судлах гэж байгаа бизнес эрхлэгчид олон байгаа. Энэ чиглэлээр суралцахад ямар нэгэн суурь авьяас чадвар шаардлагатай юу?

 

-Шинийг санаачлах болон зохион бүтээх чадвартай байх нь их чухал гэж боддог. Миний хувьд гэвэл би хүүхэд байхдаа зурах дуртай байсан. Бас зохион бүтээх их сонирхолтой, загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан. Ах маань надад маркетингийн менежер гэдэг мэргэжлийг санал болгосон. Тэгээд л энэ мэргэжлээр суралцсан. Одоо цагт хүний өмнөөс маркетингийг нь хийхэд хэцүү болсон. Хүний хийсэн зүйлийг өөрийн юм шиг мэдрэх нь олон байгууллагатай зэрэг ажиллаж байгаа нөхцөлд хүндрэлтэй. Хүүхдэд ээжээс нь илүү сэтгэл гаргаж чадахгүй гэдэг шиг олон байгууллагатай зэрэг ажиллаж байхад яг өөрийн юм шиг сэтгэл гаргаж ойлгож ажиллана гэдэг бол боломжгүй зүйл. Харин энийг бүтээсэн, үйлдвэрлэсэн хүн нь өөрөө хийвэл илүү их ойлгож, нэг бүрчлэн сэтгэл гаргаж ажиллах нь мэдээж. Тиймээс бизнес эрхлэгчид маань өөрсдөө маркетингийн ухаанд суралцах хэрэгтэй. Мөн л мэдрэмж зайлшгүй шаардлагатай. Хүнд хүргэж байгаа зүйл минь ойлгомжтой байж чадаж байгаа эсэхийг судалж мэдсэн байх хэрэгтэй. 

 

-Та сэтгэлзүйн чиглэлээр суралцсан гэж хэлсэн. Энэ салбарыг судалснаараа таньд маркетингийн менежерийн хувьд давуу тал болж өгсөн үү?

 

-Маркетинг хийж байгаад сэтгэл судлал руу орох их ойрхон. Маркетинг бол нэг хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэлзүйг таньж мэдэж, тэрэнд нь тохируулж, шийдвэрийг нь удирдаж эхлэхэд сэтгэлзүйн танин мэдэхүйн чадвар тус болдог. 

 

-Бизнесийн салбарт хөл тавьж байгаа гарааны бизнесээ эрхлэгчдэд хандаж юуг зөвлөх вэ?

 

-Би тэднийг хоёр зүйлийг сураарай гэж хэлмээр байна. Нэгдүгээрт хүн хөлслөөд хүнээр хийлгэчихнэ гээд орхилгүй өөрсдөө маркетингийн үнэ цэнэ, бүтэц дараалал онолуудыг судалж ойлголттой болох нь чухал. Хоёрдугаарт бусдыг ойлгох чадвараа сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бусдыг ойлгож чадвал хэрэгтэй зүйлийг нь санал болгож чадна. 

 

 

А.Минжинсор

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)