Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ

- БИ “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ АМЬ, БИЕЭ ЗОРИУЛНА” ГЭЭД ХИЛИЙН ТОРЫГ ДАВЖ ДҮРВЭН ИРСЭН -

ӨМӨЗО даяар “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн хүчтэй өрнөсөөр байна. Эцэг эхчүүд хятад хэл дээр хичээл оруулахыг эсэргүүцэж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байгаа юм. ӨМӨЗО-д өрнөж буй энэ хөдөлгөөнийг Ар монголчууд ч дэмжиж, сошиал орчинд эсэргүүцлээ илэрхийлцгээж “Энэ асуудлыг даруй олон улсын анхааралд оруулж, НҮБ, ЮНЕСКО-д дуулгах хэрэгтэй” гэцгээж байна.

НҮБ: БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДЛЫГ СУДАЛСНЫ ДАРААӨМНӨД МОНГОЛЫН ТАЛААР БАЙР СУУРИАИЛЭРХИЙЛЭХҮҮ, ҮГҮЙ ЮҮ ГЭДГЭЭ ШИЙДНЭ

"Өдрийн сонин" Өмнөд Монголд өрнөж буй асуудалтай холбогдуулж НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт албан бичиг илгээж, албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм.

Өмнөд Монголын номын сан, бичиг хэргийн дэлгүүрүүдийг монгол бичигтэй номоор үйлчлэх, зарахыг хориглож буй нь.

НҮБ-ын Ажлын албанаас нь дараах тайлбарыг авлаа.


-"Өдрийн сонин" НҮБ-д, танай төлөөлөгчийн газарт хүсэлт тавьсан?

-Танай сонины хүсэлтийг бид өчигдөр (наймдугаар сарын 31-ний даваа) хүлээж авсан. Өмнөд Монголд чухам юу болоод байгаа, ямар учиртай үйл явдал өрнөж буйг судалж байж энэ талаар байр сууриа илэрхийлэх үү, үгүй юү гэдэг шийдээ гаргана. Хүсэлт авангуутаа, өөрсдийнхөө судлаагүй асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Эхлээд бид энэ асуудлыг судална. Ямар учиртай, юу болоод байгааг. Тэрний дараа үүн дээр НҮБ-ын байр суурийг илэрхийлэх шаардлагатай юу, үгүй гэдгээ шийднэ.

-Энэ сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган болох байх аа?

-НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулган жил бүр есдүгээр сард, Нью-Йорк хотноо болдог.

-Та бүхэн яаралтайгаар Өмнөд монголын асуудлыг судлаад ямар нэгэн шийдэлд хүрч, түүнийгээ Ерөнхий ассамблейн хурал дээр асуудал болгон олон улсын хэмжээнд гаргаж ирж болно биз дээ. даруй шийдэхгүй бол ассамблейгаас хоцорчихож мэдэхээр юм байна даа?

-Хэлээд байна шүү дээ. Энэ ямар учиртай асуудал яагаад болоод байгааг судлаад хэлний асуудлыг хариуцдаг холбогдох байгууллагатайгаа ярилцаад “Манайх, НҮБ байр сууриа илэрхийлэх юм уу, үгүй юү” гэдгээ судалж байж хариу өгнө. “Шаардлагагүй” гэвэл байр сууриа илэрхийлэх шаардлагагүй ч байж магадгүй шүү дээ. Эхлээд бид асуудлаа судална, дараа нь ярина.

ЮНЕСКО: ӨМНӨД МОНГОЛД БОЛЖ БАЙГАА АСУУДАЛ МАНАЙХТАЙ ХОЛБООГҮЙ УЧИР БИД ЯМАР Ч ТАЙЛБАР ӨГӨХГҮЙ

НҮБ нь дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой байгууллага. Нэгдсэн Үндэстний болон түүний зарим төрөлжсөн байгууллага, түүний дотор Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО нь дайнаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирлыг багасгахад хүчин чармайлтаа чиглүүлдэг.

Энэ байгууллага нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, үндэстэн ястны хамтын ажиллагаанд тулгуурлан энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн ажилладаг. Энэ утгаар нь НҮБ-ын ЮНЕСКО-гоос Өмнөд Монголд болж буй үйл явдалд ямар нэгэн тайлбар хийхийг хүсэхэд “Өмнөд Монголд болж байгаа асуудал манайхтай холбоогүй учир бид ямар ч тайлбар өгөхгүй гэж шийдвэрлэлээ” гэлээ.

2020.09.01. Өмнөд Монгол даяар өрнөж буй "Эх хэлээ аваръя" хөдөлгөөний үеэр

ЭРДЭМТСОЁМБО: ӨМНӨД МОНГОЛЧУУД МААНЬ УДААН ТЭСЭХГҮЙ НЬ ЭЭ

Өмнөд Монголоос дүрвэгч Эрдэмтсоёмботой ярилцлаа.


-Есдүгээр сарын 1-ний байдлаар Өмнөд монголд нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөө өглөөний байдлаар нэг ч хүн хүүхдээ сургуульд нь аваачиж өгөөгүй. Сургуулийн хаалга нь нээлттэй, дотор нь хүлээж авах багш нар нь л байсан. Нэг ч хүн хүүхдээ дагуулж сургууль очоогүй юм билээ.

-Гадуур явахад гар утсыг нь шалгаж, зураг, бичлэгийг нь устгаад байна гэсэн?

-Угаасаа Өмнөд Монголд ч биш, Хятад даяар тэгдэг. We Chat дахь зураг, бичлэгийг нь устгуулж, хариуцлага тооцдог системтэй. Тэр дундаа Өмнөд Монголд ангийн багшийг нь дагуулаад ангийн хүүхдүүдийнх нь гэрээр явж, хүүхдүүдийг нь хүчээр булааж авч байна гэсэн. Айлгаж, сүрдүүлж байна.

Шилийн голд шөнийн цагаар хүмүүс айлуудаар орж “Хүүхдээ яагаад цэцэрлэг, сургуульд явуулахгүй байна” гэж байцааж байгаа юм билээ. Ялангуяа төрийн албанд ажилладаг хүмүүсийн байдал их хүнд, дарга нар нь гэрт нь ирээд “Яагаад хүүхдээ сургуульд явуулахгүй байна. Энэ үүсээд байгаа асуудлыг юу гэж бодож байна, ярь” гэхээр нь “дэмжиж байгаа. Гэхдээ хүүхдээ сургуульд өгөхгүй” гэсэн хариу өгч байгаа юм билээ.

Хүн амынх нь 80-90 гаруй хувь нь монгол гэгддэг Өмнөд Монголын зүүнтээ хятад хэлний бодлого маш хүчтэй явагдаж байна.

-Нэг хүүхэд сургуулийн цонхоор үсэрч нас барсан хэрэг гарсан байна билээ?

-Наймдугаар сарын 27, 28-нд нэг хүүхэд сургуулийн дөрвөн давхраас унаж нас барсан гэх хэрэг гарсан. Өөр эх сурвалжийн яриагаар хоёрдугаар давхраас унасан ч гэх юм дуулдаж байна. Ерөнхийдөө унаад гэмтсэн юм уу, нас барсан юм уу ямар ч байсан тийм юм болох нь болсон. Юу болсон бэ гэхээр өөрийг нь сургуулиас авах гэж ирсэн аав ээжийг нь цагдаа нар нүдэн дээр нь зодсон. Хүүхдүүдийг ч бас гаргахгүй гэж цагдаа нар ангид нь барьж хорьж байсан. Аав ээжийг нь нүдэн дээр нь зодож байхыг харсан хүүхэд цочролд орж тэсэлгүй цонхоор үсэрсэн гэж байгаа юм. Хүнд бэртсэн юм билээ. Хоёр хөл нь хугарсан дуулдсан. Зарим эх сурвалж нас барсан гэж байгаа. Нарийн мэдээллийг нь хайж байгаа. Хятадууд үнэн байсан ч худал гэж хэлдэг. тэр хүүхдийн нэр, овгийг нь олоогүй л байна.

Энэ бол зөвхөн Өмнөд Монголын зүүн Хорчин нутагт хэрэгжүүлж байгаа бодлого биш. Өмнөд Монголыг бүхэлд нь хамарсан үйл явдал. Хөхнуурт аль эрт хятадаар хичээл зааж эхэлсэн. Одоо бол Өмнөд Монголын хэмжээнд монгол хэлийг хаах, үндэстнээр нь хоморголон устгах ажлыг хийж байна. Хятадын энэ ажиллагаа зогсохгүй. Хятадуудын характераар бол Хонконг шиг эрх чөлөөтэй, дэлхий хөгжлийн төв болж байгаа орныг хүртэл шууд хүчээр авч чадаж байгаа юм чинь Өмнөд Монголыг юман чинээ бодохгүй ээ.

-Өмнөд монголчуудын хувьд Ар монголоос маш их дэмжлэг хүсэж, хүлээж байгаа нь анзаарагдаж байна?

-Халхавч болж байгаа өмнөд монголчуудыг байхгүй болвол, тэр улсууд хятаджсаны дараа Монголын хүчтэй дайсан л болж таараа. Тиймээс бүх монгол угсаатан, үндэстний үүднээс Монгол Улс энэ асуудлыг улсын түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Өмнөд Монголд хэлмэгдэл болж байсан шиг тийм уур амьсгалтай болоод ирлээ л дээ. Тиймээс Өмнөд Монголоос дүрвэж зугтаах, үймээн самуун, дайн дажин болоход маш ойрхон байгаа. Монгол Улсын хувьд, бидний санаагаар бол иргэдээ, нийгмээ маш бэлтгэлтэй байлгах хэрэгтэй боллоо гэж үзэж байна.

-Дүрвэж ирсэн өмнөд монголчуудыг хятадын талд бариад өгчихдөг. Барьж өгөөд их хэмжээний мөнгө авчихдаг гэдэг хүн чанаргүй юм дуулддаг нь харамсалтай?

-Өмнөд Монголоос ирсэн хүмүүсийг Хятад руу битгий буцаагаарай. Би хилийн торыг давж ирсэн. Олон жил боллоо. Одоо хүртэл надад оршин суух үнэмлэх өгөхгүй байгаа. Би “Монгол Улсын төлөө амь биеэ зориулна” гээд хилийн торыг даваад олон жил болчихлоо. Оршин суух үнэмлэх өгөхгүй байгаа юм чинь би яаж иргэн болох юм бэ. Надад ажиллах эрх ч байхгүй. Ядаж би ажил хийвэл Монгол Улсад жаахан ч болтугай хувь нэмрээ үзүүлнэ шүү дээ. Гэтэл намайг энэ олон жил хатааж байгаа байхгүй юу. Цаашид ийм асуудалтай хүн нэмэгдэнэ. Тийм учраас ийм хүмүүсийг Хятад руу битгий буцаагаарай. Дүрвэгсдийг Хятадын талд буцаагаад өгчихдөг асуудал маш идэвхтэй явагддаг. 2011 онд нааш дүрвэсэн гэр бүлийг НҮБ-ын байрнаас барьж өгч байсан. 2014 оны тавдугаар сарын 13-нд хоёр оюутныг цааш нь буцааж л байсан. 2019 онд ная хүрэх гэж байсан өндөр настныг бас Хятад руу буцаасан. Эндээс очсон тийм хүмүүсийг угтаж авсан хятадууд “за та нарын монгол ахан дүүс гэдэг хүмүүс чинь яаж байна даа?” гэж ам асуудаг.

Болдог бол Монголд өмнөд монгол хүүхдүүдийг сургадаг сургуультай болмоор байна. Хэдий Монгол Улс өнөөдөр хүч сул, ядуу байгаа ч өмнөд монголчуудыг дэмжих сэтгэлтэй хүн их байгаа гэж итгэж байна.

Гэвч нөгөө талд Өмнөд Монголыг золиосонд хаяж, дундаас нь мөнгө олохыг зорьдог хүмүүс байна. “Өмнөд монголчуудыг дэмжвэл хятадууд биднээс нүүрс авахаа больчихвол яах юм бэ” гэцгээж байгаад үнэхээр сэтгэл дундуур байна.

Монголчуудын үсэрсэн цус, тасарсан мах болсон монголчууд нь хар нүүрсний үнэд хүрэхгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Ийм бодлоготой явааг нь олон арван жил харлаа. Энэ талаар дуугарч байгаа нь л би болж байна. Бид энэ асуудлыг дэлхийн хэмжээнд хүргэх ёстой. Ингэж хүргэхэд минь монгол ахан дүүс минь туслаарай. Бидэнд та нар л туслахаас өөр орныхон тусална гэж байхгүй ээ.

-Монгол нь монголдоо туслах ёстой?

-Тийм ээ. Өмнөд Монголын хэвлэл мэдээллийн тодорхой хэмжээний салбар, бүтцийг бий болгож өгч туслаарай. Хэрвээ бий болговол боловсон хүчин нь байгаа. Энэ бол түр зуурын, сэтгэл хөдлөлөөр хандаад, дараа нь мартчихдаг асуудал биш шүү. Хэлний асуудлын дараа Өмнөд Монголыг хуваах асуудал яригдаж эхэлнэ. Үүнтэй холбоотой газрын зураг нь 4-5 янзаар хэвлэгдчихээд байгаа. Бид удаан тэсэхгүй нь ээ. Биднийг нам дарна. Нам дарах нь тодорхой. Нөгөөтэйгүүр энэ үйл явдал өмнөд монголчуудын хувьд хятадуудыг улам сайн таньж, нам засаг гэж хүндэтгэн дагаж байсан зүйл нь чухамдаа юу байсныг мэдэх боломжийг өгч байна. Хятадын хувьд эвгүйтэж эхэлж байна. Дэлхийн нөхцөл байдал талаас нь харсан ч тэр. Та бүхэн харж л байгаа Өмнөд Монгол, Шинжаан Уйгар, Төвөд, Хятадын дотоодод хүртэл онц байдал тогтоох хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэхгүй байгаад гайхаад байна. Хятадын бодлогыг сурталчилсан нэвтрүүлгүүдээ зогсоож харин дээрх бодит байдал, үнэнийг харуулсан нэвтрүүлгүүдийг гаргаж, Хятадын нөлөөг багасгах ёстой л доо. Хятадад монгол хэлийг хааж байхад Монголд яагаад хятад хэлийг хааж болохгүй гэж. Хятадуудын хувьд Өмнөд Монголын тусгаар тогтнолыг дэмжих хөдөлгөөн, ямар нэг институци Монголд бүрэлдэхээс айж байгаа. Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдлын түвшинд заналхийлэл, аюул түгшүүр тулгарсан байдалтайгаар хүлээж авах хэрэгтэй болоод байна.

-Та Монголын нийгмийг маш их судалж, энэ нийгмийн төлөө сэтгэл зовниж явдаг тань мэдрэгдэж байна. сүүлийн үед монголчууд “Өмнөд монголчууд биднээс илүү тэмцэгч, эх оронч, зоригтой хүмүүс юм” гэцгээх болсон шүү?

-Монголд их удлаа. Монголын нийгмийг анзаарахад гурав алхаад л баар, караоке, ломбард байж байдаг. Ийм байхыг хүсэхгүй байна аа, миний монгол ахан дүүс минь. Битгий ийм зугаа цэнгэл хөөсөн, эмх замбараагүй байгаарай. Яахын аргагүй богино хугацаанд, эрчимтэйгээр сахилга батжих, нэгдэх, цэрэгжих хэрэгтэй. Эрчүүдийг гомо, гей болгосон тийм зүйлийг сурталчилж болохгүй ээ. Эрчүүдийг нийгмийн чухал байрлалд аваачиж тавих хэрэгтэй. Архидалт, самуун явдлаа зогсоох хэрэгтэй. Өмнөд монголчууд ар монголчуудынхаа энэ байдалд байнга эмзэглэдэг ч хэлж чаддаггүй. Хэрвээ намайг Монгол Улс иргэнээ болгож авбал Монгол Улсын төлөө амь, биеэ зориулахад бэлэн. Ар монголчуудын чадахгүй зүйлийг Өмнөд монголчууд хийж чадна аа, давуу тал бидэнд байгаа. Яг энэ үед Ар монголчууд та нар ч эрчимтэй, зоригтой алхмыг хийх хэрэгтэй. Хятадын тагнуулууд Монголд босоо монголоор хэвлэгдсэн Өмнөд Монголын эрдэмтний чухал ач холбогдолтой номнуудыг хулгайлаад аваад явчихсан. Хагас жилийн өмнө Хятадын тагнуулууд тэр номыг авах гэж байна гэдэг мэдээлэл ирсэн. Гэтэл машинтайгаа ирээд л аваад явчихсан байсан. Монголын тагнуулууд үүний учрыг олбол олж чадах чадвартай. Нэг зүйлийг ар монголчуудаасаа асууя.

-Болно оо. Юу юм?

-Бид хэдий болтол тэсэх юм бэ. 1912-1915 оны таван замын байлдаан, Хиагтын гэрээний дараа бүх өмнөд монголчуудыг урагшаа хөөж явуулснаас хойш зуу гаруй жил биднийг золиосолж байгаа. Бид Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө золиосонд явж болно оо. Монгол Улс бол бүх монгол үндэсний гал голомт. Монгол үндэстнийг орших уу, эс орших уу гэдгийн хариуцлагыг үүрч яваа. Гэтэл монгол залуучууд юу хийгээд байгаа юм бэ. Бид тэнд үрэгдэж, Монголд эрх чөлөөг авчирсан нь та нарыг баардаж, караоке хэсүүлэхийн төлөө байсан гэж үү гэж асууя. та нарын мөрөн дээр маш их хариуцлага байгаа. Бүхэл бүтэн нэг том аугаа үндэстнийг байх уу, үгүй гэдэг хариуцлага тэр эр гэдгээ мартаад элдэв юм сурталчлаад байгаа залуусын ч мөрөн дээр байгаа шүү. Эр хүнийг, нийгмийг тэгж бузарлаж болохгүй. Монголд хариуцлагатай, сахилга баттай эрчүүд байгаа. Монгол хүнийг нийгэм нь л муухай харагдуулаад байгаа тал бий.

Хөгжлийн төлөө биш, Монголын төлөө явъя. Та нарын яриад байгаа тэр хөгжил гэдэг юмыг ярья. Өмнөд Монгол Ар Монголоос илүү хөгжсөн. Хөгжөөд Монгол биш болчихсон байхгүй юу даа. Хятад хөгжөөд байгаа. Монголтой ямар ч хамаагүй. Хөгжөөд Монгол байхгүй болчихвол юу болох юм бэ. Хөгжил гэдэг бол Монголын оршин тогтнох, 100, 500, 1000 жил оршин тогтнох боломжийг хэлнэ. тэр боломжид ямар нэгэн аюул заналхийлэл учирвал тэр хөгжлийг зогсоох хэрэгтэй.

ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)