Т.Энхбаяр: Хотыг дүрэмтэй болгож, төрийн үйлчилгээг стандартчилах хэрэгтэй

Хуульч, өмгөөлөгч Т.Энхбаяртай ярилцлаа. Хотыг стандартчилж хөгжүүлэх, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй байлгах талаар санаачилга өрнүүлж буй гэдгээр нь түүнийг уншигчид мэднэ. Мөн Лениний музейг төрд авч, соёлын үнэт олдворуудыг Монголд буцаан авч ирэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан билээ.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар та ихээхэн шүүмжлэлтэй дуугарч байсан. Учир юу байв?

-Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Хуулийн өөрчлөлтөд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог байхаар оруулсан. Үүнийг буруу гэж үзэж байгаа. Учир нь аймаг, нийслэлийн Засаг дарга гэдэг нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж буй байгууллагаас сонгогдож гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж хэрэгжүүлдэг субьект. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжин, нэг намын төвлөрсөн тогтолцоог халсан. Мөн нийгэмд олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрөөд бид 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алдаатай, оноотой зүйл олон байсан ч илүү иргэншсэн нийгэм рүү, төвлөрлийг сааруулах чиглэлд ихээхэн ахиц гаргасан. Гэвч энэ хуулийн өөрчлөлтөд тусгасан санал нь өмнөх хүрсэн үр дүнгээсээ илт ухарсан өөрчлөлт болох нь гэж би харж байна. Учрыг нь тайлбарлая. Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Ерөнхий сайд өөрөө аймаг, нийслэлийн Засаг даргаа томилох зохицуулалт нь нөгөө л урд өмнө байсан, ардчилсан өөрчлөлтийн дүнд халагдсан, төвлөрсөн босоо тогтолцоо руу оруулж байгаа хэрэг. Гэтэл иргэншсэн нийгэм нь орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог аль болох нэмэгдүүлэхийг зорьдог. Иргэдийн оролцоо бол ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг. Өөрөөр хэлбэл, иргэдийг шийдвэр гаргах үйл хэрэгт илүүтэй оролцуулснаар илүү иргэншсэн, иргэндээ хүртээмжтэй, хүнийхээ төлөө шийдвэр гарна гэсэн үг. Иргэнээсээ холдсон шийдвэрээс л өнөөгийн Улаанбаатар хотын эмх замбараагүй төлөвлөлт, хэт төвлөрөл, замын түгжрэл, агаар хөрсний бохирдол үүдэлтэй. Тиймээс аль болох хороо, сум, багийн оршин суугчдыг шийдвэр гаргахад илүүтэй оролцуулсан, иргэдээ чагнасан, тэдний саналыг харгалзсан тогтолцоо руу явах ёстой. Бүр цаашилбал аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарыг тухайн орон нутаг, баг хорооны иргэд нь шууд сонгодог байх ёстой.

-Нийслэлийг яаж хөгжүүлэх ёстой вэ. Улаанбаатар хотын хөгжлийг та юу гэж харж байна?

Зөв төлөвлөлт. Манай нийслэл шиг томоохон хотын хөгжлийн гол үндэс нь зөв төлөвлөлт. Хотуудын хөгжлийн түүх, хөгжсөн сайн туршлагуудыг харахад тухайн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх байдаг. Өөрсдөд нь хамааралтай шийдвэр гаргахад иргэдийн саналыг маш сайн тусгуулж, шат шатны түвшинд өргөн хэлэлцүүлгүүдийг хийж байж зөв шийдвэр гаргадаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ.

-Хот өөрийн дүрэмтэй байх ёстой гэж та ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

Хотын стандарт тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, хот өөрийн гэсэн дүрэмтэй болох ёстой. Үүний үндэс нь уг нь тавигдчихсан. Улаанбаатар хотод нэг сая 500 мянган хүн амьдарч байна. Бүртгэлтэй 500 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Хүн амын нягтрал ихтэй, буруу төлөвлөлттэй, маш их түгжрэлтэй энэ хотод стандарт, дүрэм тогтоох ёстой. Дэлхийн томоохон хотууд бүгд өөрсдийн дүрэмтэй, иргэд нь дүрмээ хуульчлан биелүүлж байна. Энэ нь хот хөгжихөд, мөн хотын соёлд ч ихээхэн үүрэг нөлөөтэй. Илүү хөгжсөн, соёлжсон, илүү хүнлэг хотын иргэд баймаар байна.

-Ямар стандарт тогтоох ёстой гэж?

Төр, хувийн хэвшлийн үйлчилгээ болоод байшин барилга, зам талбай зэрэг бүгд тогтсон стандарттай байх ёстой. Аливаа хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг. Тиймээс иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж, тэдгээрийн эрх ашгийг хөндөхгүйгээр аливаа шийдвэрийг гаргадаг байх ёстой. Энгийнээр тайлбарлахад, барилга барихад эргэн тойрныхонтойгоо зөвшилцдөг, эрхийг нь зөрчдөггүй байх хэрэгтэй гэсэн үг. Тодруулж хэлбэл “Манайх энд ийм барилга, бүтээн байгуулалт хийлээ, энэ орчмын өнгө үзэмж ингэж сайжирна. Үүний энэ хэсэгт ногоон байгууламж бий болгоно. Нөгөө хэсэгт авто зогсоол хийнэ. Орчин суугч иргэд, аж ахуйн нэгжүүд энэ талаас нь хамтарч ажиллаж болно. Та нарт ийм давуу талтай” гээд харилцан зөвшилцөж, шийдэлд хүрэх ёстой. Үүний дараа барилга барих зөвшөөрлийг авдаг, төрөөс ч зөвшөөрлийг олгохдоо энэ байдлыг харгалздаг байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг газрыг хашиж аваад тухайн газартаа миний өмч юм чинь юуг ч яаж ч барьсан миний дур гэсэн байдлаар хандаж байна. Ямар ч төлөвлөлтгүй, авто зогсоолгүй шахуу, ногоон байгууламжгүй барилгууд энд тэнд баригдаад л байгаа биз дээ. Үүний балгаар хотын удирдлагууд замын түгжрэлийг яаж шийдэх учраа ч сүүлдээ олохоо больсон.

Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар нийслэл нь дүүрэг, хороонд хуваагддаг. Харин орон нутаг бол аймаг, сум, багт хуваагддаг. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийг нэг, сум, дүүргийг ч нэг шатанд авч үзэж байна. Баг, хороог ч ялгаагүй. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд сум дүүрэг хоёрыг харьцуулж болох уу үгүй юү. Нэг багт багцаагаар 400-500 хүн амьдардаг. Харин нэг хороонд 20-30 мянган хүн амьдардаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын орон сууцнуудад 27 мянган хүн амьдарч байна. Гэтэл энэ хороонд нэг ч ширхэг улсын цэцэрлэг, сургууль алга байгаа нь дэндүү гэмээр. Нэг хорооны 27 мянган оршин суугч гэдэг чинь баг битгий хэл сумын иргэдийн тооноос хэд дахин илүү, зарим аймгуудын төвөөс ч илүү байгаа биз дээ. Энэ бол хот төлөвлөлтийн бодлогогүй байгаагийн нэг жишээ. Энэ байдлыг даруй халж, бид төлөвлөлттэй, хөгжлийн зөв бодлоготой болох хэрэгтэй. Ингэхийн тулд шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой. Хороонд ямар байгууламж барих вэ гэдгийг хорооны иргэд нь ярилцаж шийдсэний дараа зөвшөөрөл олгодог болох ёстой.

-Иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх юм бэ?

-Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах ёстой.

-Яаж?

-Иргэдийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Төр нь иргэд рүүгээ хүрч ажиллах хэрэгтэй. Энгийн жишээ авъя, Сонгинохайрхан дүүрэг 330 мянган хүн амтай, 43 хороотой. Харин Баянзүрх дүүрэг 360 мянган хүн амтай, 28 хороотой. Эндээс хот ямарч стандарт, бодлогогүй байгаа нь харагдана. Адилхан хоёр дүүрэгт хороодын зохион байгуулалт ямар ялгавартай байгаа нь эндээс харагдана. Яагаад ийм байдаг нь тодорхойгүй. Нэг хорооны 30 мянган хүнд үйлчилж байгаа өрхийн эмч ямар хүртээмжтэй ажиллах вэ? Ачаалал нь ямар зөрүүтэй байх вэ? Мөн 2-3 мянган хүн амтай сумын эмч, үүнээс 10 дахин их хүн амтай хорооны эмчийн ачааллыг харьцуулаад үз дээ? Иймээс л хотыг стандарттай, дүрэмтэй болгох ёстой гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлж буй нэг төрийн албан хаагчийн ачаалалд стандарт тогтоож өгөх ёстой. Дээрх эрс ялгаатай байдлаас үүдэж төрийн үйлчилгээг иргэд тэгш, жигд хүртэж чадахгүй байна. Тиймээс хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэг ажилтан хэдэн иргэнд хүрч үйлчлэх, нэг ажилтны ажлын ачаалал даах чадвар ямар байх вэ гэдгийг гаргаж, стандарт тогтоох ёстой. Сумын хөдөлмөр халамжийн үйлчилгээний ажилтан гэж нэг хүн байдаг. Хорооны ч мөн адил нэг. Авч байгаа ачаалал нь тэнгэр газар шиг өөр. Стандарт тогтоочихвол төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно.

-Лениний музейг төрд авахад та хуульчаар ажиллаж, өмгөөлж байсан байх аа. Ер нь төрд хэдэн жил ажилласан юм бэ?

-Би говь нутгийн хүү. Дундговь аймагт төрж, өссөн. Би төрийн захиргааны удирлага, эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ийн хууль зүйн сургуулийг эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. Төрийн албанд 14 жил ажилласан. Анхан шатнаас нь эхлээд ажилласаар л явна. Үүнээс хөдөлмөр хамгааллын үйлчилгээний хэлтэст найман жил гаруй ажилласан. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх хуульчаар ажиллаж байгаад дараа нь Аж үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын албыг хашиж байлаа.

Ленинийн музейн барилгыг төрийн өмч байх ёстой гэдэг асуудал Ц.Оюунгэрэл сайдын үед хөндөгдөж, багагүй бэрхшээл саад даван туулж байж төрийн өмчид авч байсан. Тухайн үед МАН Лениний музейг эзэмшиж, ашиглаж байсан ч барилгын өмчлөх эрх нь төрийнх байсан юм. Тухайн үед уг барилгыг “Оросын Холбооны Улсаас МАН-д бэлэглэсэн. Намын өмч” гэгдэж байлаа. Харин манай багийнхан архивтай л их зууралдсан даа. МАН үнэхээр энэ барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан эсэхийг архиваас шүүн судалж, Лениний музейг МАН өөрийн хөрөнгөөр бариагүй, бүр ОХУ ч намд нь бэлэглээгүй гэдэг нь архивын баримтаар тодорхой болсон. БНМАУ-ын төсвөөс 1974-1980 оны хооронд бүтэн долоон жилийн хугацаанд музейг барих санхүүжүүлтийг жил бүр өгдөг байсан талаарх архивын баримт олдсон. Ингээд тухайн үеийн Төрийн өмчийн хороотой хамтран шүүхэд нэхэмжлэл гаргаж хоёр жил гаруй хугацаанд гурван шатны шүүхээр орж ялалт байгуулж, төрийн өмчийг төрд нь авсан. Мөн тухайн үед хилээр хууль бусаар гаргачихсан байсан эртний үлэг гүрвэлүүдийн яснууд болон бусад соёлын үнэт олдворуудыг эх орондоо буцаан авч ирэх ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас эхлүүлж олон тооны яриа хэлэлцээрүүд, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд алдагдсан соёлын үнэт өв, олдворуудыг эх орондоо буцаан авчралцаж байлаа. Тухайн үеийн сайд маань ч энэ үйлсэд жинхэнэ манлайлал үзүүлж байсан. Дараа нь Засгийн газрын тогтоол гарч Үлэг гүрвэлийн музейг байгуулж байлаа. Энэ ажлыг гардаж хийж төрд болон соёлын салбарт чухал хөрөнгө оруулалт хийсэн бидний баг хамт олон болон Ц.Оюунгэрэл сайдаар бахархаж явдаг даа.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)