Т.Дүүрэн: Мах, самрын экспортод төрийн оролцоог хумих асуудлыг ярилцаж байна

Төрийн зарим эрхийг салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх тухай олон жил ярьсаар ирсэн. МҮХАҮТ энэ чиглэлд ажиллаад эхэлжээ. Эхний ээлжинд ноос, ноолуур, самар, махны экспортод чиглэсэн байна. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс энэ талаар тодрууллаа.


-Төрөөс бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд олгодог зарим эрхийг МҮХАҮТ шилжүүлж авах тухай яриа хэлэлцээ бодитоор эхэлжээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-2017 оны арванхоёрдугаар сард УИХ-аар стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэн. Ингэснээр удирдлагын тогтолцооны ба бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэх болсон. Саяхан болсон Үндэсний итгэмжлэлийн төвийн техникийн хорооны хурлаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба ноос ноолуурын бүтээгдэхүүний баталгаажуулалт хийхээр итгэмжлэгдсэн.

Ноос ноолууран бүтээгдэхүүн стандартад нийцсэн эсэхийг зөвхөн улсын байгууллага шалгаж, үнэлдэг байсныг энэ жилээс хувийн хэвшлийн компани байгууллага олгох боломжтой болсон гэсэн үг. Хоёрдугаарт, Европын холбоо руу экспортлох барааны гарал үүслийн автоматжуулсан бүртгэлийг Гаалийн ерөнхий газарт нэвтрүүлэх байсныг МҮХАҮТ хийх эрхтэй болсон. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлын хүрээнд энэ жил шинээр хийгдсэн хоёр ажил гэвэл сая дурдсан зүйлс.

-Махны экспорт дээр бас ийм өөрчлөлт хийгдэх гэж байгаа гэсэн үү?

-Есдүгээр сард болсон Засгийн газар болон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспортын квот хуваарилалтыг МҮХАҮТ-д өгнө гэж хэлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны квот хуваарилалтыг хариуцуулна гэсэн байдалтайгаар хамтарсан журмаа боловсруулах шатанд явж байгаа. Ийм саналыг ХХААХҮЯ-нд МҮХАҮТ-ын зүгээс тавьснаас хойш бид махны салбарын эдийн засгийн модель загварыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хаанаас ямар махыг хэр үнээр хэдэн килограммаар яаж боловсруулж гаргах вэ, ингэснээр махны экспортыг ихдээ хэдий хэмжээнд нэмэгдүүлж болох вэ, дотоодын махны үнэд огт нөлөөлөхгүйгээр зохион байгуулах боломжтой бий юү гэх мэт асуудлуудыг багтаасан компьютер симуляцийг систем динамикийн загварчлалыг бүтээсэн.

-Самрын экспорт дээр танхим ямар асуудлыг хариуцаж ажиллах гэж байгаа вэ?

-Самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилготойгоор Самрын кластерийг танхимын зүгээс байгуулсан. Самар үйлдвэрлэгч, экспортлогч компаниудыг нэг дээвэр дор нэгдсэн зохион байгуулалттайгаар экспорт хийлгэх ажил л даа. Ингэхийн тулд Байгаль орчны яамнаас өгдөг байсан самрын экспортын зөвшөөрөл дээр танхим хамтрах юм. Энэ ажлыг хамтран зохион байгуулах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн байгаа.

Ингэвэл дундын ченжүүдийн оролцоо багасна. Самар олборлож, экспортолж байгаа компаниуд шууд эцсийн шатны үйлдвэр рүү нь самраа худалдвал наад зах нь л арай ахиу үнээр экспортолно. Ингэж ажиллах саналаа хүргүүлсэн.

Хятадын танхимтай хамтраад урд хөршийн самрын үйлдвэрлэгчидтэй холбогдоно. Өмнө нь яамнаас зөвшөөрөл олгочихоод дараагийн процесст нь улсын зүгээс оролцохгүй хаячихдаг байсан бол одоо байдал өөрчлөгдөнө. Самрын үйлдвэрүүдтэй нэг үнээр нэг цонхоор хэлэлцээр хийх боломжийг хувийн хэвшилд өгөх юм. Яамтай ийм агуулгатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажил нааштай байгаа.

-Бизнесийн голлох салбарууд тусдаа танхимтай болно гэв үү?

-Танхим ерэн оноос хойш газар зүйн байрлалаар салбараа байгуулж ирсэн. Газар зүйн байрлалаар бий болсон салбарууддаа түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын эдийн засаг Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Нийт компаниудын 80 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн гэсэн онцлогоо харахаар газар зүйн байрлал тийм ч чухал биш болчихлоо л доо. Харин бизнесийн салбаруудын хөгжил илүү чухал болоод байна. Тухайн салбаруудын танхим гэж байгуулах өөрчлөлтийг танхимын тухай хуульд оруулах санал гаргасан. Өөрөөр хэлбэл, салбар танхимууд газар зүйн байршлаар байхаас гадна тухайн салбаруудын, бүр тодруулж хэлбэл барилгын танхим, ноос ноолуурын танхим гэх мэт зохион байгуулалтад орох тухай ярьж байгаа. Ингэвэл тухайн салбарын олон асуудлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод нь шийдэх боломж бүрдэнэ. Хуульд ийм өөрчлөлт оруулахаар тусгаж өгсөн.

-Салбарууд танхимтай болчихвол ямар эерэг өөрчлөлтүүд ажиглагдах вэ?

-Ингэвэл төрөөс зарлаж байгаа олон тендерийн хуваарилалтыг тухайн салбарын танхим нь хариуцаад хийчих боломж бүрдэнэ. Ийм саналыг л бид төр засагт тавьсан. Аж ахуйн асуудал, худалдан авалт, боловсруулалт гэх мэтэд төр заавал оролцох гээд байх шаардлагагүйгээр тухайн салбарын танхим нь хариуцлагыг нь хүлээгээд, баталгааг нь гаргаад, гүйцэтгэлийг нь яг цаг хугацаанд нь зохион байгуулаад явна гэсэн үг. Энэ бол олон улсын жишиг. Олон улсын жишгээ дагаж явъя гэсэн санаа л даа. Монгол Улсын цаашдын стратеги, цаашдын эдийн засгийн хөгжлийн бодлогыг ийм тогтолцоонд суурилж хөгжүүлэх саналыг төр засагт хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт тухайн жилдээ тодорхой тооны цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй боллоо гэж үзье.

Нийт төчнөөн метр квадрат талбайн барилга барина гэдэг тооцоо, саналаа гаргаад Барилгын танхимд нь хүргүүлчихнэ. Барилгын мэргэжлийн танхим нь тэрийг саналыг нь аваад хуваарилалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, төр засаг, мэргэжлийн хяналтын байгууллага тухайн барилгыг стандартын дагуу байгаа эсэхийг тогтоож хүлээж авах хэмжээнд ажиллана гэсэн үг.

Ц.Билэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)