Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хvчирхийлэлтэй харилцааг орхиж чаддаггvй шалтгаан

Гэр бүлийн хүчирхийлэл нь хаалттай хаалганы цаана, хайртай дотны хүмүүсийн дунд үйлдэгддэг гэмт хэрэг юм. Хүчирхийллийн хохирогч нартай байнга ярилцлага хийдэг алба хаагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын үзэж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь дэс дараалсан олон жижиг үйлдлээс бүрдсэн хүчирхийллийн үргэлжилсэн үйл явц ажээ. Үүнийг хорих ангид нэгнийгээ заналхийлж, эрүүдэн шүүхтэй адил, террористууд хүн барьцаалсантай адил гэж болохоор. Ялгаа нь гэвэл энэ бүхэн хаалттай хаалганы цаана, хэн ч сэрдэхээргүй жирийн нэг айлын гэрт болж байдаг. Хүчирхийллийн аль ч хэлбэрийг ашиглаад хохирогчийг эрхшээлдээ оруулж болох ба хохирогч зугтах боломж байсан ч эдийн засгийн хараат байдлаасаа болоод, эсхүл ойр дотны хэн нэгэнд нь эрдсэл учрахаас айснаас, бусад ямар нэгэн аюултай үр дагавар заналхийлж буйгаас болоод хүчирхийлэгчийн эрхэнд орж түүний бүрэн хяналтанд байна. Энэ байдал нь хүчирхийлэгч, хохирогч хоёрын харилцаа тун онцгой гэдгийг харуулж байгаа бөгөөд хохирогчийн амьдралд хүчирхийлэгч хамгийн гол хүн нь байдаг. Хүчирхийлэгч хохирогчийг бүрэн өөрийн эрхшээлд байлгахыг зорьдог.

СТОКГОЛЬМИЙН СИНДРОМ

Швед Улсын нийслэл Стокгольм хотын нэгэн банкийг гэмт этгээдүүд дээрэмдэх үед барьцаалагдсан хүмүүс хожим суллагдаад чухам ямар нөхцөл байдал мэдрэгдэж байсан, яагаад гэмт этгээдүүдийн үйлдэл, үйл явдал, харилцаа, өгүүлэмжийг тодорхой мэдүүлж чадахгүй байсан талаар мэргэжилтнүүд дэлгэрэнгүй хэлэлцсэнтэй холбоотойгоор ийнхүү нэрлэх болсон. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яг л тэрхүү барьцаалагдсан хүн шиг нөхцөл байдалд ордог бөгөөд:

- Амьдрал үхлийн дэнсэн дээр байгаа мэт санагдаж;

- Зугтах боломжгүй, эсхүл боломжгүй гэдэгт итгэж;

- Хүчирхийлэгчийн ая эвийн дагаад байвал аврагдах мэт сэтгэгдэл төрж;

- Хүчирхийлэгч нэгэн бодлын өөрт нь сайнаар хандаад байгаа мэт сэтгэгдэл төрж;

- Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсанаа мэдэрч байдаг ажээ.

Уг синдром хохирогчоос гадна хүчирхийллийн гэрч болсон гэр бүлийн гишүүд, хүүхдэд мөн ажиглагддаг.

ХАМААРАЛТ ХАРИЛЦААТАЙ БОЛОХ

Нийгмийн хүрээллээс тусгаарлагдаж, бие даасан байдал нь үгүй болоход хохирогч гэр бүлийн харилцаанаас шууд хамааралтай болдог. Энэ үед хохирогчийн өөрийнх нь үзэл бодол, хэрэгцээ үгүй болж зөвхөн хүчирхийлэгчийн хэрэгцээ л чухал болно. Хүчирхийллийн хэлбэр, хэрцгийлэл дээд цэгтээ хүрэхэд хохирогч амьдрах хүсэлгүй болж, амиа хорлох оролдлого хийх нь ч бий. Эмэгтэйчүүд үр хүүхдээ л бодож амьд явж байдаг. Гэхдээ хүчирхийлэл удаан хугацаагаар үргэлжлээд ирэхээр олон эмэгтэйчүүд хүүхдээ ч хамгаалахаа больж, саруул ухаанаа алддаг байна.

ДАВАН ТУУЛАХЫГ ОРОЛДОХ

Хүчирхийлийг зогсоож амь гарахыг хүссэн хохирогч байдлыг өөрчлөх, өөрийн гэсэн арга барилыг сонгох нь тохиолдоно. Энэ арга барил нь зөрчилдөх эсхүл ойлголцох гэсэн аль нэг байдлаар өрнөнө. Хохирогч энэ тохиолдолд идэвхтэй байж асуудлыг шийдвэрлэх арга зам олохыг эрмэлзэж байдаг. Заримдаа энэ хоёр хэв шинж давхар байж болох боловч хүчирхийлэгч хохирогчид бүрэн хяналтаа тогтоосон үед тэмцэлдэхээсээ илүүтэй бууж өгч аяар нь байх замыг сонгодог байна.

ЭРГҮҮЛЭН ДАЙРАХ

Эмэгтэйчүүд өөрт нь болон үр хүүхдэд нь бодитой аюул заналхийлж байна гэж үзсэн үедээ буцаагаад дайрдаг. Хүчирхийлэгч бие махбодын хохирол амсаад цагдаад хандаж болох юм. Хүчирхийлэгчийн амь насанд хүрэх тохиолдол ч байна. Шүүхийн практикаас үзэхэд эр нөхрийнхөө амийг бүрэлгэсэн эмэгтэйчүүд нөхрийн хүчирхийлэл доор байсан байдаг бөгөөд амь насаа хамгаалах гарцаагүй нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүд ийм гэмт хэрэг үйлдэх явдал буурахгүй байгаа юм.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИНГИЙН ҮР ДАГАВАР

Нөхрөөрөө хүчиндүүлсэн эмэгтэй хүн өөрийгөө сул дорой гэж мэдэрдэг бөгөөд сэтгэл санааны маш их зовиур амьсдаг. Гэр бүлийн хүчингийн золиос болсон эмэгтэй итгэл эвдсэн энэ үйлдэлд маш их зовдог бөгөөд хүчингийн хэргийн золиос болсноос ялгаатай нь олон давтагддаг (заримд нь байнга болдог) болохоор байнгын айдаст байдаг ба эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг үгүй болгодог. Энэ хүчирхийлэл өөрөө харгислал бөгөөд үүн дээр нийгэм эмэгтэйг нь буруутгавал байдал бүр хүндэрдэг.

ХҮЧИРХИЙЛЛИЙН СЭТГЭЛ САНААНЫ ХОР УРШИГ 

Хүчирхийлэгч дандаа хүч хэрэглээд байдаггүй. Хэрцгий түрэмгий үе нь “өгөөмөр” сайхан үеэр солигдож хохирогчид болон хөндлөнгөөс харж буй бусдад “асуудал өөр зүйлээс болсон түүнийг нь шийдчихвэл бүх зүйл сайхан болно” гэсэн сэтгэгдэл төрүүлж. Үүнээс болж хохирогч хүчирхийлэгчээс салж чадахгүй эргэж хурган “түүний” сайхан байдаг үеийг бодож үлдсээр сэтгэл санааны хор хохирол амссаар байдаг. Хүчирхийлэл хэдий удаан үргэлжилж, харгисаар үйлдсэн байна, төдий хэмжээгээр сэтгэл санааны хохирол гүн гүнзгий болж эцэс сүүлдээ хохирогч юугаа ч мэдрэх сөхөөгүй нэгэн болж хувирдаг.

СЭТГЭЦИЙН ГҮН ЦОЧРОЛЫГ ТОДОРХОЙЛОХ ШАЛГУУРУУД

  • Хүн алахыг харсан, өөрийг нь буюу өөр хэн нэгнийг ална, биед нь хохирол учруулна гэж заналхийлүүлсэн хүн сэтгэцийн гүн цочролд орно.

  • Энэ үйлдлээс болоод айсан, сул дорой гэж мэдрэгдсэн.

  • Тодорхой хугацааны туршид бие махбодын болоод сэтгэл санааны стресст орсон.

  • Хүчирхийлэл болоод өнгөрлөө гэхэд айдас алга болдоггүй. Хичнээн салаад явсан ч айдас байсаар байдаг бөгөөд сар, жилээр алга болохгүй харин ч улам нэмэгдэж байдаг.

Энэхүү сэтгэл санааны цочрол нь удаан хугацаанд үргэлжилдэг бөгөөд хэдий үйл явдал болоод дууссан байвч:

  • Болсон явдлыг буруу зөрүү санах;

  • Хар дарж зүүдлэх;

  • Хүчирхийллийг санагдуулах эд зүйлс, үг ярианаас зугтах;

  • Хүчирхийллийг санагдуулах аливаа үйлдэл, үйл явдлаас зугтах;

  • Цочролд оруулсан гол, том үйлдлүүдийг санахгүй байх;

  • Төвлөрч чадахгүй байх;

  • Нойргүйдэх;

  • Хурдан уурлах, хүчтэй сэтгэл хөдлөлд хурдан автах зэрэг хямралын шинж тэмдэг удаан хугацаанд илэрч байдаг.

ХОХИРОГЧ ХVЧИРХИЙЛЭЛТЭЙ ХАРИЛЦААГ ОРХИЖ ЧАДДАГГVЙ ШАЛТГААН

Итгэл: Хүчирхийлэл үйлдэгчид хайртай хэвээрээ байдаг, засрах байх гэж найддаг, хvчирхийлэх зан авирыг өөрөө зогсоож чадна гэж боддог. Итгэлийн гал нь бөхдөггүй.

Гутрал: Би азгvй, надад амьдралаа өөрчлөх боломж байхгvй, юу ч хийж чадахгvй, хvмvvс намайг тоохгvй, би хэн ч биш хэмээн өөрийн хvндлэл, амьдрах итгэл, идэвхи унасан байх тохиолдол цөөнгүй байдаг.

Айдас: Хүчирхийлэл хохирогчийг айдастай болгосон байдаг. Салбал ална эсхvл өөрийнхөө амийг хорлоно, хvvхдээ авна, ах дvvд чинь амар заяа vзvvлэхгvй гэх мэт айлган сvрдvvлэлтэд итгэдэг.

Ганцаардал: Хvчирхийллээс гарах гарцыг хайхдаа өөрөөсөө шалтгаалах бvгдийг хийдэг ч мухардалд орсон байдаг. Хvчирхийллийн харилцааны явцад өөрийн орон зайгаа алдсаар хүчирхийлэл үйлдэгчийн хамааралд ордог.

Эдийн засгийн хамаарал: Гэр бүлийн хэрэгцээг хангаж чадах эсэх, ажил хийж, бие даан амьдрах чадвартай эсэх, гэр оронтой болж чадах эсэхэд эргэлзэж, хэн нэгнээ гэр оронгvй болгохоос болгоомжилдог.

Итгэл vнэмшил, ёс заншил нөлөөлдөг: Зарим хохирогчийн шашин шvтлэг, зан заншил нь “гэрлэлт vvрдийн байх ёстой” хэмээн итгэхэд хvрдэг. Энэ бол тэвчих ёстой хувь тавилан гэж vздэг.

Нийгмийн дэмжлэг дутагддаг: Тогтсон итгэл vнэмшил, хууль эрх зvйн орчин, эмнэлгийн vйлчилгээ, нийгмийн халамж vйлчилгээ гэх мэт төрийн тогтолцоо тэдэнд “ээлтэй бус“ ханддаг бөгөөд  тэднийг хvчирхийллээс гарахад нь дэмжлэг болж чаддаггvй.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОХИРОГЧИД ДАРААХ БАЙДЛААР ХАНДАЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ, АСРАМЖИЙН ГАЗРЫН АЖИЛТАН, ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧ ТА САНААРАЙ.

Буруутгах: Чи яагаад өдий болтол хэлэхгүй нуусан юм бэ?

Үл итгэх: Чи худлаа хэлээд байгаа юм биш биз дээ?

Загнах: Чи түүнийг үл бүтэх хүн гэдгийг мэдсээр байж яагаад уулзсан юм бэ?

Үл тоомсорлох: Би энэ тухай яримааргүй байна, чамайг харахыг ч хүсэхгүй байна. (эцэг, эх, асран хамгаалагч)

Нүүрэлдүүлэх: Хүчирхийлэгчтэй нүүрэлдүүлэх

Бухимдан уурлах: Болсон явдлын тухай ярих, уг хэрэг болсоноос хойш цаг үргэлж уурлаж бухимдан сэтгэлээр унасан байдлаа илэрхийлэх. (эцэг эх)

Шахалтанд оруулах: Яг юу болсныг нэгд нэгэнгүй ярихыг дахин дахин шаардах. Яагаад гэсэн асуултыг тавих.

ХЭЛ ЯРИА БА СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХОХИРОГЧ:

Хүнтэй чөлөөтэй харилцаж, өөрийгөө бусдад бүрэн ойлгуулах чадваргүй байдаг онцлогтой. Иймээс

- Тодорхой  пораль /гар утсанд нь аюул учирвал ашиглах апликейшин/ эзэмшүүлэх

- Дохионы хэл эзэмшсэн алба хаагч ажиллуулах

- Дохионы хэлмэрчтэйгээр тайлбар, мэдүүлэг авах

ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ ХОХИРОГЧ:

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүн нь биеийн тодорхой хэсгийг идэвхитэй хөдөлгөх боломжгүйн улмаас гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг онцлогтой.

- Тухайн хүнийг тусламж дуудах  холбооны хэрэгслээр хангах;

- Аюулгүй байдлын төлөвлөгөөг хамтран гаргаж хэрэгжүүлэх

- Боломжтой бүх аргаар өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөх

АХМАД НАСТАЙ ХОХИРОГЧ:

Өндөр настай,  эрүүл мэнд муу, тухайн насны хүний танин мэдэхүйн чадварын бууралт, бусдаас хараат байдал зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохироход нөлөөлдөг.

Жишээ нь: Гэр бүлийн гишүүд нь тэтгэврийг нь хэдэн сар, жилээр нь зээл авхуулж санхүүгийн хувьд хүчирхийлэх  тохиолдол байна. Энэ нь  цаашлаад эрүүл мэндийн үйлчилгээ авах, хоол хүнсний хүртээмж муудaхад хүргэж байна. Өндөр настангууд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл өгөх дургүй байдаг. Хэрвээ хүчирхийлэгч нь асран хамгаалагч нь бол өөр асрах хүн олдохгүй  эсвэл тэднийг өндөр настны асрамжийн газарт өгнө гэж санаа зовдог байна

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь хандах хэн нэгэн байхгүй, очих, явах газаргүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хэтэрхий бага, сэтгэл зүйд нь өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалах механизм үүссэн байдаг. Сэтгэлийн шаналал, хор хөнөөлийг багасгахын тулд хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг хамгаалж эхэлдэг, түүний үйлдлийг зөвтгөж /хайртай болохоороо л цохиж байгаа/, муу үгс бүрийг нь өөрийнх буруу юм шиг ойлгодог /ганцаараа байснаас дээр/. Энэ нь бодит байдлаас холбоогоо тасалдаг.

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

- Та хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй бол нөхцөл байдал үүссэн бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт залгах. Үнэ төлбөргүй.

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд ”Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас”-аар сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөөг 24 цагаар үнэ төлбөргүй өгнө.  

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид зөвлөгөө өгөх 107 дугаарын утсаар сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөөг 24 цагаар үнэ төлбөргүй өгнө.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОЧГИЙН ЭРХ:

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлгийн 8.1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд "Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ" гэж тус тус заасан байдаг.

ХОХИРОГЧИЙН ЭРХ:

- Нэн тэргүүнд эдлэх эрх :Цагдаагийн байгууллага болон ойр байгаа бусад хүмүүсээс тусламж авах, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээ авах,  хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, сэтгэлзүйн үйлчилгээ авах, хүчирхийлэгчтэй уулзахгүй байх,  мэдээллийн нууцлалтай байх эрх, байршлаа бусдад мэдэгдэхгүй байх, хамгаалалтын арга хэмжээг сонгон авах, хүчирхийлэгчийг нүүлгэн шилжүүлэх, саатуулах, баривчлуулах, зохих хариуцлага тооцуулах эрх г.м.

- Дунд хугацааны үед: Эрх зүйн зөвлөгөө, хууль зүйн туслалцаа авах, хохирогч, нэхэмжлэгчээр тогтоолгох, аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангуулах, биечилсэн хамгаалалт хүсэх, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэл авах, шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэл авах, шүүх хуралдааны танхимд сэтгэл зүйчтэй хамт байх, хүчирхийлэл үйлдэгчийг зан үйлд өөрчлөх сургалтад хамруулах, гэмт этгээдээс орон байрыг орхихыг шаардсан тогтоол хүсэх эрх г.м.

- Урт хугацааны үед: Хохирол арилгуулах, нөхөн төлбөр авах, гэрлэлтээ цуцлуулах, нийгмийн халамж, тэтгэмж авах,  баримт бичгийг солиулах, шаардлагатай тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан бусад эрхээр хангагдах г.м.

ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДРӨӨС ХАМТДАА

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)