Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан
- 2024-03-11
- Монгол улсаа хөгжүүлье
- 0
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай ярилцлаа.
-Та Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр хоёр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдсон. Одоо Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Мөн МАН-ын дунд үеийн төлөөлөл. Тэгэхээр таныг улстөрч гэж хэлэхээс өөр аргагүй. Та их чимээгүй хүн. Олон нийтийн өмнө ил гардаггүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр яриад байдаггүй. Чимээгүй байдаг нь таны хувь хүний зан чанар уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?
-Би яалт ч үгүй МАН-ын дунд үеийн төлөөлөл мөн үү гэвэл мөн. МАН-д нэгдүгээр дамжааны оюутан байхдаа элссэн. Намын баримталж ирсэн бодлого, түүхийг алдаа, оноотой нь харж ирлээ. Манай нам үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан зүүн төвийн үзэл баримтлалтай. Онолын хувьд социал демократ үзэл санааны чигт багтана. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй, хүн ам цөөн, газар нутаг том, хоёр том хөршийн дунд оршдог онцлогтой, түүх, уламжлал, амьдралын хэв маягийн хувьд социал демократ үзэл санаа илүү ойр юм уу гэж анх сонголтоо хийсэн.
Мөн нийгэмд идэвхтэй байх, хамт олонтой байх зорилгоор 17 настай байхдаа элсэж, МАН-тай багагүй хугацаанд ажил, амьдралаа холбоод явж байна. Чимээгүй байдгийн тухайд гэвэл намын 200 мянга гаруй гишүүн бий.
Тэднээс ил гараад, чимээ гаргаад явдаг нь цөөн. Миний хувьд намын судалгааны хэсэгт голлон ажиллаж ирсэн. Арын албанд нэлээд ажилласан хүн гэх үү дээ. Намаас сонгогдож, дүүргийн Засаг даргаар томилогдсон хүний хувьд ил гарах зайлшгүй шаардлага үүсэж л байх шиг байна. Дүүргийн Засаг дарга аж ахуйн ажил л хийдэг. Тиймээс улс орны хэмжээнд биш, орон нутгийн шинжтэй байдаг учраас ил гараад, улс орон даяар зарлаад явах нь зохимжгүй. Дүүрэг, хороондоо л ил гараад явах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ иргэддээ үйл ажиллагаа, бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл өгч байх ёстой юм билээ. Би нэлээн хуучинсаг хүн шиг байгаа юм. Хийж буй ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр цацаад байхыг хүсдэггүй. Харин иргэдтэйгээ олон уулзалт хийдэг.
-Таны намтрыг харахад аль 1997 онд МУИС-ийн Улс төр судлалын ангийн оюутан байхдаа намд элссэн юм билээ. Бараг 27 жилийн түүхтэй нь холбоотой юм байна.
-Намын дэргэд залуучуудын анхдугаар чуулганыг 1998 онд анх зохион байгуулалцаад явж байлаа. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын дэргэд залуучуудын байгууллага байгуулах санаачилгыг гаргаж байсан. Манай оюутан ангийн хэдэн залуу нийлээд намын оюутан, залуучуудын байгууллагын эхлэлийг тавьсан юм. Дээд үеийнхэн маань сайн мэднэ. Тэр үед намын ажил уулзалт, хурал хийх, цуглаан зохион байгуулах гэх мэтээр амьд харилцаанд ихээхэн тулгуурлаж явдаг байлаа.
-Намын судалгааны ажлаар Өмнөговь аймаг явж байгаад осолд орж нэлээд хүнд бэртсэн гэж сонссон. Яг юу болсон юм бэ?
-Би оюутан байхдаа ч, их сургуулиа төгсөөд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд ажиллаж байхдаа ч намын судалгааны багт хавсарч ажилладаг байсан. УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө Өмнөговь аймаг руу УАЗ-469 машинтай явж байх үед бороо орж замын нөхцөл муудаж, осолд орсон тохиолдол бий. Нуруундаа бэртэл авч, Даланзадгадын эмнэлэгт гурав хоногт хэвтээд онгоцоор Улаанбаатарт ирж байлаа. Бэртэл гайгүй эдгэсэн. Гэхдээ удаан суух, даарч хөрөхөөр өвчин орох гээд байдаг. Бас хазгай сууж амраадаг зуршилтай болсон. Аливаа бодлого, шийдвэр гаргахдаа судалгаанд суурилсан байх шаардлагатай гэж тухайн үеийн намын дарга нар үзэж байлаа.
Би бүх аймгаар явж судалгаа хийсэн. Энэ явцад хөдөө орон нутагт амьдарч буй олон хүнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно.
Нэг ёсондоо залуу насны амьдрал таних аялал байсан даа. Манай судалгааны багийн зарим хүн эх орноо гурав дөрвөн удаа бүтэн тойрсон байдаг.
-Таныг С.Баяр даргын туслахаар ажиллаж байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. С.Баяр бол Монголын олны анхаарлыг ихээр татдаг бөгөөд шилдэг улстөрчдийн нэг. Тэр хүнээс юу сурсан бэ?
-Намын оюутны холбоонд байх үед 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди гуайтай бид уулзсан. Тэр үед С.Баяр даргыг анх удаа харж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Шулуухан ярьж, үнэтэй зөвлөгөө өгч, оюутнуудын анхаарлыг ихэд татсан. Намын судалгааны төвд ажиллаж байх үед С.Баяр дарга ОХУ-д суух Элчин сайдаас буугаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдсон. Судалгааны төвд ажиллаж байгаа залуучуудаас нэгийг нь туслахаараа авъя гэсэн юм билээ. Манай хэлтсийн дарга О.Эрдэнэчимэг намайг санал болгосон. Намын ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллана гэдэг бол улс төрийн карьер хөөхөөр шулуудсан залуу хүнд сайхан боломж. Мэдээж, ажлын туршлага хуримтлуулах нь тодорхой. С.Баяр дарга “Туслах хийнэ гэдэг бүх талаар тусална л гэсэн үг шүү дээ” гэж хэлээд ажилд авч байсан. Удалгүй Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн кампанит ажлыг дарга удирдсан. С.Баяр даргыг мэдлэгтэй, мэдрэмжтэй, сайн стратегич гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тийм хүний дэргэд ажиллаад нэлээд юм ажигласан л байх. Үнэнийг хэлэхэд их юм сурч чадаагүй юм шиг санагддаг. 24-25 настай, гэнэн залуу ч байж.
-Дараа нь Ө.Энхтүвшин даргын үед ажлын багт нь ажиллаж байна гэсэн. Ерөнхийдөө МАН-ын удирдлагатай их ойр ажиллаж байсан хүн үү?
-Анх намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн намайг ажилд авч байсан. Ө.Энхтүвшин даргын ажлын албанд О.Эрдэнэчимэг даргатай хамт ажиллаж байлаа. Дараа нь залуу генсек Ж.Мөнхбатын үед намын судалгааны төв Стратеги академи болоход дэд даргаар ажилласан. Бид нэг нутгийнх. Судалгааны чиглэлээрээ л хамтарч ажиллаж байсан. Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяртай хамт судалгааны ажлын хэсгийг нь ахалж, 2012 оны Нийслэлийн намын хорооны Судалгаа, сургалтын багт ажиллаж байлаа. Би улс төрийн социологи тал руу илүү мэргэшсэн хүн.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Тамгын газрын даргаар 2016 оноос ажилласныг тань мэдэх юм.
-Намын томилгоогоор тэр ажилд очсон. Компани учраас яг Тамгын газар гэж нэрлэдэггүй. Захиргаа, удирдлагын газрын захирал гэдэг. Д.Ариунболд гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Тухайн үед дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн сайхан үе тохиосон. Бид 2016 оны арванхоёрдугаар сард нүүрсийг анх удаа сонгон шалгаруулалтын үнээр худалдаж байлаа. Тонн нь 27 ам.доллар байсан нүүрсний үнэ 72 ам.доллар хүртэл өссөн. Өдөрт нэг сая гаруй ам.долларын борлуулалт хийдэг болсон.
Манай багийнхан улиг болтол яригдаж байсан “Чалко”-гийн өрийг дарсан. Би хүний нөөц, орон нутгийн харилцаа гэсэн дотоод асуудлыг хариуцан ажилласан юм. 700 гаруй уурхайчин ажиллаж байлаа. Уурхайчид маань ажлын байрны таатай орчин, баталгаатай байж ажиллана. Уул уурхайн үйл ажиллагаа орон нутагт заавал өгөөжтэй байх ёстой. Тэгэхээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж, ойлголцол бий болгоно. Орон нутагтай хамтарсан гэрээ байгуулж ажиллана. Үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнэ гуайтай уурхайчдын эрх ашгийг нэлээд сайн хангасан гэрээ байгуулж байлаа. Уурхайчдын ростерийг 14 хоног болж байсан. Одоогийнх шиг 14 хоног ажиллаад, 14 амраадаг болгосон гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-д хоёр жил гаруй ажилласан. Д.Ариунболд захиралтай хамт очоод, хамт чөлөөлөгдсөн.
-Та нарын дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдсан хүмүүс “Нүүрсний хулгай”-н хэргээр ял шийтгүүллээ. УИХ-аас “Нүүрсний хулгай”-н сонсгол хийсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Харин танай менежментийн багийнхныг сонсголд дуудсангүй. Хуулийн дагуу шударга ажилласан гэсэн үг үү?
-“Эрдэнэс Тавантолгой” бол том компани. Хөрөнгө оруулалт, худалдан авалт нэмэгдэхийн хэрээр алдаа мадаг гаргаж болохгүй шүү гэж Д.Ариунболд захирал байнга анхааруулдаг байсан. Компанийн захирал, удирдлагын баг хичээж, бүх ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Тэр үед нүүрсний борлуулалтын сонгон шалгаруулалтыг анх удаа “Эрдэнэс Тавантолгой”-д нэвтрүүлсэн. Тиймээс алдаа мадаг бага байсан болов уу. “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх цаг үеийн шийдвэр, борлуулалт, худалдан авах гэрээг эрх бүхий байгууллагууд шалгаж үзсэн.
Мөн тэр үед том дүнтэй гэрээ хэлцэл ч хийгээгүй “Эрдэнэс Тавантолгой” хэмээх коксжих нүүрс олборлогч үндэсний том компанид ажиллаж байсан үе үеийн хүмүүсийг бүгдийг нь харлуулж болохгүй. Тэнд ажиллаж буй уурхайчдыг Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүс гэж боддог.
-Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөхөөр ажилласан санагдаж байна
-Тийм. Би нэг ажилд гурваас илүү жил ажиллаагүй юм билээ. Зөвхөн би ч биш, улс төрийн зам сонгосон, ийм намтартай хүн олон бий. Бид өнөө цагийн улс төрийн тогтолцооны л бүтээгдэхүүн шүү дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга хийж байлаа. Сайд нь солигдохоор хамт буугаад, өөр ажилд томилогдох жишээтэй. Ерөнхийд нь дүгнэвэл би байгууллагын дотоод ажил хариуцаж ажилладаг байсан хүн.
-Тэгээд 2020 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ялалт байгуулж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Харин энэ удаа дөрвөн жил тогтвортой ажиллах нь дээ.
-Баянгол дүүргийн МАН-аас 2012 оноос хойш гурван удаа нэр дэвшиж ялалт байгуулаад ажиллаж байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хоёр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдлоо. Баянгол дүүрэгт олон удаа сонгогдсон хүн одоогийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд надаас гадна нэг л бий. Манай нам дүүрэгт сөрөг хүчин байхад би хоёр удаа сонгогдсон. Иймээс дүүргийнхээ ажил, амьдралыг сайн мэднэ. Анх Улаанбаатарт Архангайгаас ирэхдээ л Баянгол дүүрэгт 10-р хороололд ирж, амьдарсан. Одоо ч энэ дүүрэгтээ амьдарч, ажиллаж байна.
-Баянгол дүүргийг улс төрийн хүрээнийхэн Эрдэнэ вангийн хошуу гэж егөөддөг болсон байсан. АН-ын дарга, нөлөө бүхий улстөрч С.Эрдэнийн ноёрхлыг нурааж танай багийнхан ялалт байгуулсан. Одоо ерөнхийд нь дүгнэвэл Баянгол дүүргийн аж амьдрал ямаршуу байна вэ?
-Манай нам 41 мандатын 21-ийг авсан. Ийм нөхцөлд Засаг дарга хийх эвгүй. Хувь хүнээс улс төрийн ухаан, ажлын арга барил ихээхэн шаарддаг юм байна. Дүүргийн Засаг даргын албан тушаал заавал улс төртэй холбогддог. Ангид байхын арга ч үгүй. Гэхдээ дүүргийн төрийн захиргааны албан хаагчдыг улс төрөөс хамааралгүй байлгах бодлого баримталсан. Та “Эрдэнэ вангийн хошуу” гэж егөөддөгийг хэллээ. Баянгол дүүрэгт АН засаглаж байх үед улс төрийн хамаарал маш их болсон. Улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ дээ. Ийм байдлаас цаашдаа салах ёстой гэж бодож байгаа. Өмнө нь ажиллаж байсан төрийн албан хаагчдыг халах, солих бодлого баримтлаагүй. Харин өөрсдөө өөр ажилд шилжихээр болоод өргөдлөө өгч буй тохиолдол байсан. Бид өмнө нь хөндлөнгөөс хардаг байсан бол дүүргээ хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх боломж сонгуулийн үр дүнгээр үүслээ. Нэлээд эрч хүчтэй ажилласан гэж бодож байгаа. Засаг даргын Тамгын газрынхан, дүүрэг, хорооны төрийн албан хаагчид нэг баг болж сайн ажиллаж байна. Үр дүнд нь Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан гэж бодож байна.
-Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх шаардлага өчнөөн бий. Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Улс, нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн таван эх үүсвэрээс хөрөнгө оруулалт хийж байна. Мөн гадаадын төсөл, хөтөлбөр гэсэн эх үүсвэр бий. Гадаадын төсөл, хөтөлбөрийн эх үүсвэр бага байна. 2020-2024 онд 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Энэ оны төсөв батлагдчихсан учраас би нэгтгээд хэлчихлээ. Хөрөнгө оруулалтыг тулгамдсан асуудлууд руугаа чиглүүлье гэсэн бодлого баримталсан. Явган болон авто зам, автомашины зогсоол, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажилд хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн. Мөн дүүрэг хоггүй байх ёстой. Улсын төсвөөс голчлон авто зам, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулдаг. Өнгөрсөн хугацаанд дүүргийн боловсролын байгууллагуудад ихээхэн хөрөнгө оруулалт хийлээ. Зогссон, гацсан байсан барилгуудыг бүгдийг нь ашиглалтад оруулсан. Хотын дарга Х.Нямбаатар манлайлж ажилласны хүчинд манай дүүргийн “Алтай”, “Голден парк” хотхонд сургууль барих газрыг чөлөөллөө. Ирэх хавраас сургууль барьж эхлэх гэж байна. Дүүргийн хот нийтийн аж ахуй гэж нэрлэдэг, жижиг мэт боловч иргэдийн хамгийн ихээр хүсдэг, нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, дулаалга, гадна фасад, гэрэлтүүлэг, камержуулалт, тоглоомын талбай, хог цэвэрлэгээнд нэлээд хөрөнгө оруулсан. Ийм ажлууд олон жил орхигдсон юм билээ. Анх томилогдоход 2020 оны Баянгол дүүргийг гэрт амьдардаг айлтай зүйрлэвэл гэрийнх нь дээвэр туурга нь нэлээд муудчихсан, бороо орвол дусаал дусаад, салхи гарвал сийгээд байдаг, шал нь зарим хэсэгтээ эмтрээд, цөмөрчихсөн, ширээ, сандал нь хөдөлгөөн орчихсон нэг иймэрхүү айлтай зүйрлэхээр юм уу даа.
Тулгамдсан, хуримтлагдсан асуудлууд их. Эхлээд авто зам, явган зам, гэрэлтүүлэг, камер, тоглоомын талбайн тохижилт гээд айлаар бол гэр доторх асуудлуудаа шийдье гэж зорьсон.
Гэвч бүрэн хийж дуусаагүй л байгаа. Гэхдээ өмнөхийг бодвол нэлээд цэгцэрсэн. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
-Хэдэн км явган зам, авто зам тавьсан гэдэг ч юм уу, тоон үзүүлэлтээр илэрхийлбэл хэр хэмжээний бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Бүтээн байгуулалт хийхийн тулд сайн зохион байгуулах хэрэгтэй. Өнгөрсөн гурван жилд дүүрэгт хийсэн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгасан. Он дамжсан төсөл, хөтөлбөр гаргаагүй. Модны-2, Гэмтлийн эмнэлгийн зам, СОТ-ын байрнаас өгсөөд Баянхошууны хөтөлтэй холбосон зам, Алтай хотхоны хойд Мод боловсруулах үйлдвэрийн зам зэрэг том, жижиг 110 байршилд авто замыг 2021-2022 онд хийсэн. Мөн 2024 онд энэ хэмжээний зам хийхээр төсөвт суусан. Энэ ажлыг манай дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон Ж.Ганбаатарын хүчин чармайлт, дэмжлэгтэй хийсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Гарааш чөлөөлөх ажлыг авто зам тавих, автомашины зогсоол хийх төслүүдтэй уялдуулж хийлээ. Гарааш нэг талаар хувь хүний өмч. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхийн тулд хэлэлцэн, тохиролцоод нураахаас өөр аргагүй. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй гарааш буулгасан. Үүний 3000 гаруй нь манайх дүүргийнх.
-Бараг тал нь танай дүүргийнх юм байна.
-Манайх бараг л гараашийн дүүрэг болчихсон байсан. Сургууль, цэцэрлэгийн хашааг таглаад баахан гарааш. Нураасны дараа нүд нээгдэх шиг болж байгаа юм. Гарааш нурааж, зам тавьж, гэрэлтүүлэг зоож, автомашины зогсоол хийснээр гэмт хэргийн тоо ч цөөрсөн. Хамгийн гол нь гарааш буулгаад газрыг нь хувь хүн, албан байгууллагад огт олгоогүй. Иргэдийн саналыг авч явган зам, авто зам, замын өргөтгөл, авто зогсоол, гэрэлтүүлэг хийсэн. Ер нь дүүргийн Засаг даргын хувиар нэг ч газар олгоогүй. Манай дүүрэгт олгоод ч байх газар байхгүй. Харин хууль зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, иргэдийн саналыг харгалзан бүтээн байгуулалт хийж байгаа. Аливаа бүтээн байгуулалт хийхэд газар чухал. Газар байвал сайхан бүтээн байгуулалт хийж болно. Хүүхдийн тоглоомын талбай хийх, бүр хогийн сав тавьчих ч газар олдохгүй байсан тохиолдол ч бий. Баянгол дүүрэг хамгийн жижиг газар нутагтай. Бас нэг хүнд ногдох газар хамгийн багатай нь.
-Хийгээд байхад дутуу байна гэлээ. Хийвэл зохилтой бүтээн байгуулалтынхаа хэдэн хувийг гүйцэтгэсэн гэж үзэж байна вэ?
-Юутай ч 50 хувиас дээш гарсан гэж бодож байна. Энэ ондоо эрчимтэй ажиллачихвал нэлээд ажил амжуулчихна. Цар тахлаас шалтгаалж, цаг алдсан. Дээрээс нь манай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өрнөсөн улс төржилтөөс шалтгаалж, хэсэг хугацаанд ажил завсарласан.
-Улаанбаатар хотод цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ тулгамдсан асуудал болсон. Өвчтөнүүд эмнэлгийн шалан дээр л хэвтэж байна гэх мэдээлэл гарах боллоо. Баянгол дүүрэгт цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ ямар байна вэ?
-Манай дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 3500-4000 хүүхэд байсан. Засгийн газар, нийслэл, дүүрэг хамтраад 2022 оны намар шийдсэн. Манай дүүрэгт огт сургууль цэцэрлэг байхгүй хэд хэдэн байршил байсан. Тухайлбал, “Алтай”, “Голден парк” хотхон, “Эрин” хорооллыг нэрлэж болно. Төмөр замд ч орон сууцны өндөр байшин бариад цэцэрлэгийн хүртээмж муудсан. 10-р хорооллын нэг хэсэг мөн ижил. Бид орон сууцны нэг давхруудыг түрээсэлж аваад улсын цэцэрлэг байгуулж, 100 хувь шийдсэн юм. Улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалтыг шийдэж, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулалтыг нь хийсэн. Манай дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Магадлалтай гэж хэлж болох нь “Нарны хороолол” болчхоод байна. Тэнд 141 дүгээр сургуулийг шинээр барьсан. Гэвч суралцах хүүхдийн тоо нэмэгдэж, анги танхим хүрэлцэхээ болих хандлагатай байгаа. Тэнд сургууль барих газар алга. Газар эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдтэй тохиролцоонд хүрч байж сургууль барих байх. Хуучин сургуулийг шинээр барьж өргөтгөх ажил үргэлжилж байгаа. Тэгэхээр хүрэлцээ нь нэмэгдэнэ. Манай улсын хүн ам өсөж буй цонх үе тохиосон. Өмнөд Солонгост зарим дунд сургуулиа хааж байна гэнэ. Тэгвэл манайд шинээр барихаас өөр аргагүй болно. Учир нь хүүхдийн тоо улам өснө. Тэгэхээр шинээр баригдаж байгаа хотхон, хорооллуудыг цэцэрлэг, сургуультай төлөвлөх хэрэгтэй. Өмнөх алдаагаа давтаж болохгүй. 4000 хүүхдийн цэцэрлэг барихад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Төр бүгдийг нь даагаад явахад хэцүү. Тэгэхээр хувийн хэвшилтэйгээ хамтрах нь зүйтэй. Эмнэлгийн хувьд манай 34 хороо өрхийн анхан шатны эмнэлгийн үйлчилгээг сайн хүргэж байгаа. Дүүргийн Эрүүл мэндийн байгууллага бусад дүүргүүдээ ажлаараа манлайлж явдаг. Ахмадын болон хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Манай дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих нэн шаардлагатай. Ер нь бүх дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй болсон нь харагдаж байна. Манайх хүүхдийн эмнэлэг барих газраа шийдсэн. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид санаачлаад зураг төслийг нь хийлгэж байгаа. 2025 оноос эмнэлгээ барьж эхэлнэ.
-Баянгол дүүргийн 3, 4-р хороолол, Төмөр замын угсармал орон сууцнууд муудаж, дээврээс нь дусаал гоожин, дулаан алдах болсон гэдэг. Зарим орон сууцанд дулаалга хийгээд эхэлсэн. Баянгол дүүргийн хуучин орон сууцнуудын нөхцөл ямар байгаа вэ?
-Дүүрэг бүрийн онцлогоос шалтгаалаад асуудлууд нь өөр өөр. Манайх хотын төвийн дүүрэг. Хүн амын 85 орчим хувь нь орон сууцанд амьдарч байна. 3, 4, 10-р хороолол, Төмөр замын хуучин орон сууцнууд бий. Сүүлийн үед Нарны, “Эрин”, “Алтай” хотхон зэрэг шинэ орон сууцны хороолол баригдсан. Гэр хороололд 15 хувь амьдарч байна. Тэгэхээр манай дүүргийн 200 мянга гаруй иргэн орон сууцанд амьдардаг гэсэн үг. Төмөр замын орон сууцнууд 1970, 3, 4-р хорооллынх 1980-аад оны эхнийх. 40-50 жил ашиглаад ирэхээр орон сууцнууд муудаж байна. Дулаан алдагдалтай болж байна. Дээврээс их ус алддаг. Туслах болон хороолол доторх замууд муудсан. Цахилгаан шат муудсан. Орон сууцнууд жил ирэх тусам муудна. Одоо насжилтыг нь уртасгах нь маш чухал. Энэ бол Баянгол дүүргийн Засаг даргын нэг номерт анхаарах асуудал. Нөгөө талаас иргэдийн хувьчилж авсан орон сууц. Бүгдийг нь төсвийн хөрөнгөөр сайжруулж болохгүй, хязгаарлаж байгаа. Тэгэхээр иргэдийн оролцоотойгоор СӨХ-д хуримтлал үүсгэж, орон сууцны насжилтыг уртасгаж, сайжруулах хэрэгтэй.
Сүүлийн гурван жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 орон сууц дулаалсан. 2012-2020 онд 24 орон сууц дулаалсан юм байна лээ. Цаана нь дулаалах шаардлагатай 270 орчим орон сууц бий. Эдгээрийн 200 орчим нь их хүйтэн өвөлждөг болсон. Есөн давхар хоёр орцтой байрны дулаалга хийхэд ойролцоогоор нэг айлынх бараг 5 сая төгрөг болдог.
Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр айлын орон сууц дулаалаад байх нь зохимжгүй байгаа биз. Цаашдаа иргэдийн оролцоотой урт хугацаатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж СӨХ иргэдийн оролцоог хангаж ажиллах ёстой. Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2022 онд төсөл эхлүүлсэн. Энэ төсөл орон сууц дулаалах зардлын 50 хувийг иргэн, үлдсэн 50 хувийг нь төсөл хэрэгжүүлэгч гаргахаараа онцлогтой. Олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилгын хүрээнд ийм төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Орон сууцыг дулаалахаар эрчим хүчний хэрэглээ багасах нь ойлгомжтой. Тэгэхээр алсуураа хүлэмжийн хий ялгаруулах нь багасна гэсэн үг. Төслийн нэгжийнхэн орон сууц дулаалсан зардлын 50 хувийг айл өрхүүд 10 жилийн хугацаанд төл гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн тухайн орон сууцны айл өрх 100 хувь зөвшөөрвөл дулаалга хийнэ гэж буй. 10 жилийн хугацаанд сар бүр 50 мянган төгрөг төлж чадахгүй гэж байгаа ч өрх бий. Манай дүүргийн 22 орон сууцны өрхүүд энэ төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан. Энэ оноос төсөл хэрэгжүүлж эхэлнэ. Орон сууцны дээвэр, орцыг бүрэн дулаалж, металл фасад хийх юм. Хотын үзэмж ч гоё болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон ээжийн төсөлд зарцуулах мөнгөний талыг орон нутаг даах боломжтой. Ингэвэл төслийг илүү хурдтай хэрэгжүүлнэ. Дахиад 22 орон сууцны өрхүүдийн 90 хувь нь зөвшөөрсөн гарын үсэг зурчихсан байгаа. Уулзалтууд хийгээд 100 хувь зөвшөөрүүлэх хэрэгтэй. Бас нэг ажил төлөвлөж байгаа нь смарт дүүрэг болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, камержуулалтыг олноор байршуулж, дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн хянаж, ашиглах юм. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүргийн туршлагаас судалж, ажиллаж байгаа. Манай дүүрэг жижиг газар нутагтай учраас 5000 гаруй камер суурилуулахад бүрэн хянах боломжтой юм. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажилд олон талаар ашиглана. Гэмт хэргийн тоо буурч, эерэг үзүүлэлтүүд нэмэгдэнэ. Хоёр жилийн хугацаанд бүрэн камержуулж чадах юм. Энэ жил гурван хороог 100 хувь камержуулсан.
-Та түрүүнд дүүргийн дотоод асуудал үүсээд ажлаа түр завсарлуулсан гэж цухас дурдсан. Таныг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огцрууллаа гэсэн мэдээлэл гарсан. Дараа нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн томиллоо гэж мэдээлсэн. Яг юу болсон юм бэ?
-Дүүргийн Засаг даргыг томилох, огцруулах эрх нь зөвхөн нийслэлийн Засаг даргад л байгаа. Огцрууллаа гэдэг мэдээлэл нь дүүргийн иргэдийн хурал дээр болсон хууль бус үйл явдалтай л холбоотой. Товчхондоо дүрмийн бус улс төрийн акц болоод л үлдсэн. Эндээс хэн ч хожоогүй.
Сэтгэгдэл (0)