Б.Бат-Эрдэнэ: Авто замын хашлагын баталгаат хугацааг гурван жилээр тогтоох нь учир дутагдалтай

Олон нийтийн шүүмж-лэл, асуудал дагуулдаг боржуур (бордюр) буюу авто замын хашлага солих ажлууд эхэлсэнтэй холбогдуулан авто замын инженер Б.Бат-Эрдэнэтэй авто замын хашлагын чанар, стандартын тухай ярилцлаа.


-Та авто замын инже-нерээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-2012 онд ШУТИС-ийг авто замын инженер мэргэжлээр сурч төгссөн. Түүнээс хойш тасралтгүй энэхүү салбарт ажиллаж байна. -Жил бүр хотын зарим хэсэгт боржуур солих ажил хийгдэх юм. Манай улсад мөрдөгдөж байгаа авто замын хашлагын стандарт ямар байна вэ?

-Стандартын дагуу авто замын хашлагын бетоны шахалтын бат бэхийн анги B30 буюу 350-400 марктай байдаг. Ийм марктай бетон барилга дээр ч ашиглагддаг тул авто замын хашлагад хангалттай чанартай байж чадна. Харин зарим хувийн авто замын хашлага хийдэг газрууд стандартаа дагаж мөрддөггүй болохоор авто замын хашлага эдэлгээ муутай байх нь гарцаагүй юм. -Боржуурын стандарт ямар байх ёстой вэ. Насжилт хэр урт байх боломжтой вэ?

-Хороолол доторх замын зорчих хэсгийг явган хүний зам болон таримал бут, зүлэгнээс тусгаарлах авто замын хашлагын марк нэг өөр. Гүүрэн дээрх болон нүхэн гарцны доторх зорчих хэсгийг явган хүний замаас тусгаарлах, мөн замын тусгаарлах зурвасуудыг өөр хооронд тусгаарлах авто замын хашлага нэг өөр юм. Тиймээс бүх боржуурын стандарт ижил байхгүй. Зориулалтаас шалтгаалаад өөр өөр байна. Хороолол доторх авто замын хашлага ойролцоогоор 0,05 тонн байхад гүүр, нүхэн гарцны авто замын хашлага ойролцоогоор 0.88 тонн жинтэй ч байна. Насжилтын хувьд авто замын нөхцөл, геотехникийн нөхцөл нөлөөлнө. Монгол Улсад миний мэдэхээр 2000-аад онд хийгдсэн ч дахин солигдоогүй авто замын хашлагууд бий.

-Ус зайлуулах систем боржуурын насжилттай холбоотой юу?

-Мэдээж хэрэг ус зайлуулах систем өөрөө боржуур гэлтгүй авто замын эдэлгээ чанарт чухал үүрэгтэй. Ус зайлуулах систем хийгдээгүй, аль эсвэл хангалттай сайн хийгдээгүйгээс авто зам дээр тогтоол ус бий болдог. Тогтоол ус яагаад авто замын насжилтад сөрөг нөлөөтэй вэ гэхээр замын хучилтын доод хэсэг ус нэвчдэг. Автомашин тогтоол усан дээгүүр явах бүрд замд эвдрэл үүсч байдаг.

-Нэг км замд хэдэн боржуур хэрэглэгдэж, хэр их зардал гарах вэ?

-Нэг эгнээтэй зам байлаа гэж бодоход хоёр талдаа нийт 2000 ширхэг боржуур хэрэглэх юм. Өнгөрсөн жил нэг ширхэг боржуур ойролцоогоор 30 мянган төгрөг байсан. Боржуур өөрөө 120 кг орчим жинтэй тул суурилуулах буюу ажиллах хүчин чухал үүрэгтэй. Мөн элс, хайрга суурилуулах үед шаардлагатай байдаг.Тэгэхээр шинээр нэг ширхэг боржуур суурилуулах өртөг ойролцоогоор 50 мянган төгрөг юм.

-Авто замын хашлагыг юу хамгийн их эвдэлж, сүйтгэж байна вэ?

-Энгийн жишээ хэлэхэд, өвлийн улиралд цементэн зуурмагийг хөлдөөхгүй гээд тодорхой хэмжээний давс зуурмагтаа хийдэг. Үүний үр дүнд зуурмаг үйлдвэрээс гараад очих цэг хүртлээ хөлдөхгүй. Харин давс хэт их хэмжээгээр хийвэл тухайн зуурмаг бетон болох үедээ чанар нь алдагдчихдаг. Цас орох үед бид авто зам дээрх цас, мөсийг хайлуулах гэж давс ашигладаг шүү дээ. Давс бол идэмтгий бодис. Давстай нойтон цасаа авто замын хажуу тал руу татаж цэвэрлэдэг. Тэр цасанд агуулагдаж байгаа давс авто замын хашлагад шингэж, наалдаж үлддэг байгаа юм. Өвлийн улирал дуусах хүртэл ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Харин хавар болоод дулаарч эхлэх үед тэр шингэсэн давс хашлагын чанарыг нь алдагдуулж эхэлдэг. Энгийн үгээр давс бетоны чанарыг идчихэж байгаа юм.

-Хэрхэн боржуурын эдэлгээ, насжилтыг уртасгах вэ?

-Боржуурын насжилтыг уртасгах бол зөвхөн боржуур-ны чанарыг сайжруулах тухай биш юм. Боржуурын насжилтад нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийг өөрчлөх, сайжруулах хэрэгтэй. Ус зайлуулах системийг сайжруулах, бат бэхийн ангиллыг сайн дагаж мөрдөх гэх мэт. Сүүлийн жилүүдэд ус зайлуулах шугам нэмэлтээр байрлуулж байгаа нь сайн үр дүн юм.

-Авто замын хашлагыг чанаргүй хийсэн гүйцэтгэгч талд хариуцлага тооцдог болмоор байна?

-Авто замын хашлагын насжилт богино байгаа нь зөвхөн гүйцэтгэгч талын алдаа биш л дээ. Тусгай комисс “Авто замын тухай” болон бусад хууль, тогтоомж, зураг төсөл, бусад техникийн баримтад заасан шаардлага хангасан авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах үүрэгтэй. Захиалагч, гүйцэтгэгч талуудын хүлээх хариуцлага маш тод байх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, тус гүйцэтгэгч талын суурилуулсан авто замын хашлага хэдэн жилийн баталгаатай байхыг тодорхой болгох хэрэгтэй. Монголд ихэвчлэн гурван жил байдаг. Авто замын хашлагын баталгаат хугацааг гурван жилээр тогтоох нь учир дутагдалтай. Жил бүр боржуурыг солих шаардлага үүсч байгаа бол чанаргүй гүйцэтгэсэн компанитай хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Нэг жилийн насжилттай боржуур суулгасан компанитай эргээд хариуцлага тооцдог байх ёстой.

Н.ВАНЧИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-04-29

    Мээдрэмж байхгүй. Боржууранд цемент байхгүй .Сэтгэл байхгүй.