Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана

“Шинэ хоршоо” хөтөлбөрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.


-“Шинэ хоршоо” хөтөлбөрийг санаачлан өнгөрсөн хугацаанд бүсүүдэд нээлт хийлээ. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэн гүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газраас энэ оны өвөл, хавар цас зудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Уламжлалт мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Уг хууль мал аж ахуйн салбарыг эрсдэлд тэсвэртэй байх үндсэн зорилгыг агуулсан. Учир нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ган, зудын нөхцөл байдал ойр, ойрхон давтагддаг боллоо. Энэ жилийн хувьд цас орж эхлэх үед Онцгой байдлын ерөнхий газар болон НҮбаас гаргасан урьдчилсан дүгнэлтээр 16-18 сая мал хорогдох эрсдэл байна гэж гарсан.

Тийм болохоор Засгийн газраас малаа зах зээлийн эргэлтэнд оруулахыг малчдадаа уриалсан. Үүний үр дүнд малчдын гар дээр 50 гаруй мянган тонн мах бэлтгэгдсэн байгаа юм. Энэ чинь 10 гаруй сая толгой мал эдийн засгийн эргэлтэнд орсон гэсэн үг. Харин өнөөдрийн байдлаар 7.4 сая толгой мал хорогдсон гэсэн мэдээ байна. Цаашдаа жил бүр ийм байдалтай даваад явна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор илүү тэсвэртэй мал бий болгох зорилгоор хөрөнгө оруулалт хийх боломжийг хоршооны гишүүн малчдад олгохоор ажиллаж байна. Засгийн газраас өнөөдрийн байдлаар гурван төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Тэр нь ямар арга хэмжээ билээ?

-Нэгдүгээрт, малаа их хэмжээгээр алдсан малчдыг малжуулах хөтөлбөрийн хүрээнд өрх тус бүрд найман сая төгрөгийн таван жилийн хугацаатай, хүүгүй зээлийг олгох шийдвэр гаргасан. Энэ бол жил бүр улсын төсөвт батлагддаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог мөнгө. Харин өмнө нь таван сая байсныг найман сая төгрөг болгож нэмсэн. Одоо хагас жилийн мал тооллого хийсний дараагаар хэдэн айл малаа их хэмжээгээр хорогдуулсан байна гэдэг нь тодорхой болно. Ингэснээр тухайн айлууд зээл авах эрх нь нээгдэнэ.

Хоёрдугаарт, малчны буюу хэрэглээний зээлийн эргэн төлөлт дээр малчдад бодитой хүндрэл учирсан. Малаа, төлөө их хэмжээгээр алдсан. Ийм болохоор малчдын орлого тасалдах нь тодорхой болсон. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг арилжааны банкуудад гаргасан.

Тэд ч гэсэн дэмжсэн.

Харин нэг жилээр төлөлт хойшилж байгаа ч хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс хуримтлагдсан хүүгийн 75 хувийг нь Засгийн газраас нэг удаа төсвийн мөнгөөр төлж барагдуулахаар болсон. Гуравдугаарт, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд малчид маань Зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн баталгаа гаргуулаад нэг малчин 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжийг нь нээж өгч байгаа юм. Зээлийн батлан даалтын сан өмнө нь 60 хүртэл хувийн баталгаа гаргадаг байсан ч энэ удаад 80-100 хувь болж байгаа. Малчид нийлж хоршоо байгуулна.

Тухайн хоршоо мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа явуулах зориулалттай байх ёстой. Энэ тохиодолд төсөл сонгон шалгаруулалтаар хоршоонд тав хүртэлх га газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Ингэхээр малчид маань зээлээ авчихна, газартай болно. Хөрөнгө оруулалтаа хийгээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хийх боломжтой болно. Дундын хоршоогоо байгуулаад боловсруулалтын шатыг бүтэн хийсэн ч болох боломжийг Засгийн газраас гаргаж өгч байгаа юм. Үр дүнд нь чинээлэг малчин бий болох ёстой. Өнөөдөр малчдын сарын дундаж орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая төгрөг гэж гарсан. Нэг үгээр малчин хүн сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Ингэхээр хэдий чинээ олон жил малчин байна, төдий чинээгээрээ амьдралын чанар нь доройтно гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр зээлээ аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр чинээлэг малчин өрхүүд бий болох боломжтой. Засгийн газар таван жилийн хугацаатай таван их наядын хөтөлбөр зарлаж байгаа. Энэ таван жилийн хугацаанд өнөөдөр байгаа малчдын орлого 3-4 дахин нэмэгдэх боломжийг нээж өгч байна гэж ойлгож болно.

-Малын түүхий эдийн үнэ хэт доогуур, мал, махаа гадагш нь гаргахад малын өвчлөл зэргээс шалтгаалан хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Малын түүхий эдийг гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлье гэхээр нэг л зүйл шаардлага хангадаггүй. Тэр нь чанар. Мах нь чанарын шаардлага хангадаггүй. Эрүүл байна уу, үгүй юу гэдэг асуудал үүсдэг. Малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүн, түүхий эд ч ялгаагүй. Бохирдол ихтэй, халдвартай байдаг. Үхрийн шир дээр ярихад л гараар нядалдаг учраас хутганы ир орж байна. Үхрийн гуур, арьс товруутах гээд халдварт өвчин их. Вакцин нь чанаргүй, стандартын шаардлага хангахгүйгээс үүдэн арьс нь хатуурдаг. Мал нь гадна талаасаа механик гэмтэл их авч байна. Ингэхээр цаашаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр чанартай түүхий эд, тогтвортой ханган нийлүүлэлт хэрэгтэй. Мах, сүү, малын түүхий эд жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинээрээ зах зээлд нийлүүлэгддэг байх шаардлагатай. Үүний үр дүнд махыг намар хямд, өвөл нь үнэтэй иддэг байдал арилна. Өдөр бүр шинэ, ижилхэн үнэтэй мах хэрэглэдэг байх боломжийг нээж өгнө. Сүү, сүүн бүтээгдэхүүн ч гэсэн мөн адилхан. Өвөл сүүний гарц багасдаг учраас үнэ нь нэмэгдчихдэг. Гэтэл зун нь малчны хотонд сүү нь хямдхан байсан ч хот суурин газарт үнэ нь буурдаггүй. Тогтвортой ханган нийлүүлэлт бий болохгүй байгаа учраас ийм нөхцөл үүсээд байна.

-Өдөр бүр шинэ мах, сүүг хотод оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудал мөн хөндөгдөх байх?

-Анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын ажлууд хийгдээд эхлэхээр аяндаа түүнийг дагасан дунд шатны боловсруулалт, тээвэр ложистикийн сүлжээ үүснэ. Үүнийгээ хийх боломж нь ч хөрөнгө ороуулалтын зээлээрээ нээгдэж байгаа юм. Ер нь төр энэ бүхнийг хийж өгөх ёстой гэхээсээ илүү эдийн засгийн ийм том боломж нээгдэж байгааг малчид, ард иргэд маань бүтэн ашиглах ёстой.

-Бүс тус бүрээрээ гаргах бүтээгдэхүүн нь өөр, өөр байх уу?

-Сум орон нутаг, газар зүйн байршил, нутгийн онцлогоосоо хамааран ямар төрлийн мал аж ахуйн үйлдвэрлэл хийх вэ гэдэг нь өөрсдийнх нь сонголт байна. Тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөндөө уялдаж хоршоо байгуулагдаж, тэр нь мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах нөхцөл нь бүрдэнэ. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлэхэд малчин өрх бүр хоршооны гишүүн болно гэсэн ойлголт байхгүй. Энэ хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэсэн хүсэл зорилготой малчид нэгдэж л хоршоо байгуулаад үйлдвэрлэлийнхээ ажлыг хийгээд явна.

-Хоршоо байгуулж байгаа малчдад сургалт явуулж, зөвлөмж өгөх үү?

-Энэ хөдөлгөөнийг бид зүгээр л зарлаад орхихгүй. Засгийн газраас хоршоонд нэгдэж байгаа малчдад хоршоо байгуулах, арилжааны банканд зээлийн хүсэлтээ гаргах ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотоос төрийн 1400 гаруй албан хаагчийг өөрсдийнх нь хүслээр томилж, хөдөө ажиллуулна. Нэг ч малчин өрхийг үлдээхгүй, мэдээлэл өгч сургалт явуулахыг Засгийн газар зорьж байгаа. Түүнчлэн төсөл бичихэд арилжааны банк, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хамтран ажиллана. Цаашдаа хоршооны 30-300 төрлийн загвар төсөл гарч ирж болно. Газар нутаг, малын төрөл, өөр өөрийн онцлогоос хамаарч хэрэгжээд явах юм.

-Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хэт хөгжүүлэх нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг байхгүй болгох эрсдэлтэй гэх хүмүүс байдаг?

-Тийм учраас л энэ хөтөлбөрийн чинь гол зорилго тэнцвэртэй мал аж ахуйг бий болгох юм. Нэг хэсэг нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд л явна. Гэхдээ тэр мал нь эрсдэлд тэсвэртэй байх ёстой. Малчин нь өвс, ногоон тэжээлээ бэлтгэчихдэг. Худаг усаа гаргаад, хашаа хороогоо засаж сайжруулах хэрэгтэй. Нөгөө хэсэг хагас эрчимсэн, үлдсэн нь бүрэн эрчимжсэн фермерийн мал аж ахуй руу шилжинэ. Энэ бол зах зээлээрээ өөрөө зохицуулагдаад явна.

-Хоршоодод олгох зээлд нийтдээ хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Хэзээнээс зээлээ авч болох вэ?

-Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд ерөнхий зээлийн хэлэлцээрийг хийгээд гэрээгээ байгуулсан. Үүний үр дүнгээр зээл маргааш (өнөөдөр)-аас эхлэн гарах боломж нь нээгдсэн. Арилжааны банкууд энэ зээлийг эхлээд малчны зээл юм байна гэж харж байсан. Харин төсөл танилцуулагдаад явснаар энэ бол хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын зээл, том боломж гэдгийг харсан.

Өнөөдөр арилжааны банкуудаас олгогдож байгаа нийт зээлүүдийн таван хувь нь л мал аж ахуйн салбарт олгогдож байна. Тэгвэл энэ хөтөлбөрөөр дамжин дор хаяж 20 хувь нь мал аж ахуйн салбарт олгогддог, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болно. Ингэж чадвал энэ салбарт эргэлдэж байгаа хөрөнгө багаар бодоход дөрөв дахин нэмэгдэнэ. 

Арилжааны долоон банк дэмжиж зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэд бүгд өөрийн эх үүсвэрээр санхүүжилтийг хийнэ. Харин Засгийн газар зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс татаас хэлбэрээр олгоно гэсэн зохицуулалтаар явж байна. Энэ оны хувьд арилжааны банкууд 500-700 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн эх үүсвэрээр гаргах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа эргэлт нь хурдан явагдах тусам зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой гэдгээ хэлсэн.

-Арилжааны банкууд зээл олгохдоо хэт хатуу журам тогтоох вий гэсэн болгоомжлол байна?

-Аль болох шаардлага, шалгуур бага тавьж, хүндрэл үүсгэхгүй байх. Энэ салбарыг с эргээхэд нийгмийн хариуцлагатай оролцох хүсэлт тавьж байгаа.

Т.Дарханхөвсгөл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)