Ардчилал, даяаршлын нүүр царай байхаас татгалзах болсон Д.Трампын шалтгаан
- Өчигдөр 11 цаг 06 мин
- Дэлхий
- 1
АНУ бол дэлхийг хөгжүүлж буй ардчилал, даяаршил, эрх чөлөөний нүүр царай, хамгаалагч нь болсон хамгийн хүчирхэг улс орон гэсэн итгэл саяхныг хүртэл дэлхий дахинд байсаар ирсэн. Одоо ч тэр итгэл, эндүүрлийн “цуурай” тасраагүй, америк тийш тэмүүлэх цагаачдын цуваа ч хэвээрээ л байна. Тэр л эндүүрлийг гул барьж, дэлхийг бараг АНУ удирдах ёстой гэх тулгалтыг хийж, “үгэнд ороогүй улс орнуудыг хашраах эрхтэй” гэх увайгүй заналхийлэл Америк “ардчиллын” нэгэн дүр төрх, авир араншин нь байсаар ирсэн. Дэлхий даяар америкийн цэргийн баазуудыг байршуулж, “ардчилал”, “хүний эрх”, “эрх чөлөө”-ний өрөөсгөл зарчмуудыг хүн төрөлхтөнд зааж сургах албан хаагчдыг дэлхийн улс орнуудад “нийлүүлдэг”, үндэстнийхээ эсрэг тэрслэгчид, уламжлалт ахуй, соёл, нийгмийн байгууллаа эвдэн бусинуулагчдыг өөгшүүлэн дэмжих, санхүүгийн тусламж дэмжлэгээр хангах, улс орнуудыг мөргөлдөөнд турхирах, цэрэг дайны зэвсэг хэрэгслийн тусламжийг тасралтгүй үзүүлэх зэрэг асар их хөрөнгийг харамгүй зарцуулдаг байлаа. Гэтэл 2 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Америкийг ардчиллын нүүр царай, хамгаалагч байлгахаас татгалзсан шийдвэр, мэдэгдлүүдийг хийж эхэлсэн нь дэлхийд том шуугиан таригчдын нэгэн болов.
Тухайлбал дэлхийн улс орнуудын иргэдэд “ардчилал”, хувь “хүний эрх”-ийг зааж сургадаг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/ гэгчээ үргүй зардал гаргагч гэж татан буулгасан түүний зарлиг цоо шинэ хандлага юм.
Үүнийг эсэргүүцэж зарим нь гадаад, дотоодод ажиллаж байгаад халагдсан олон мянган ажилтныхаа эрх ашгийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл ч гаргаж л гэнэ. Оффисоо орхин, эд зүйлсээ баглан гарч явахдаа зарим нь хайрцгууд дээрээ “Бид дэлхийг орхиж байна. Та АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагаас хүмүүнлэгийн ажилтнуудыг нь явуулж болно. Гэхдээ хүн төрөлхтөнөөс хүмүүнлэг байдлыг салгаж авч чадахгүй...” гэх зэргээр Д.Трампад дайх гомдлоо бичээд, уйлагнасаар явцгаасан л гэнэ. Түүгээр ч зогссонгүй Харвардын их сургуулийн санхүүжилтийг зогсоож, гадаадын оюутан элсүүлэн сургахыг ч хориглов. Мэдээж эдийн засгийн хөгжлөөрөө Америкаас илүүрхэх болсон БНХАУ руу бүр ч их уурсан, нөгөө “чөлөөт зах зээл” гэх зарчмаа ч ор тас орхиж, “худалдааны дайн” гэх нэгэн шинэ дайныг дэгдээж, бусад улс орнууд ч энэ дайны хөлд үрэгдэхээс болгоомжлон, ярилцая, гэрээ хэлцэл хийе гэж тус тусдаа хушуу цорвойлгоцгоов. Ард нь дандаа нуугдаж байдаг Европын холбоо руугаа ч үсчиж, Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлээд авав. Түүгээр ч зогсохгүй, та нар цэрэг зэвсгийн зардлаа өөрсдөө л гаргаж, санаа зорилгоо гүйцэлдүүлцгээ, Америк та нарын нүүрээ нуух баг, зарлагын банк биш шүү гээд хэлчихлээ.
Ер нь “буу тулган” дэлхий дахинд ардчиллыг түгээхээс татгалзаж байгаагаа /Вест-Пойнт хот дахь АНУ-ын Цэргийн академийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ/ мэдэгдэв.
Украйны дайнд зориулан өгч байсан санхүү, зэвсгийн тусламж гэх зардлаа ч буцаан нэхэж, ашигт малтмалыг нь Америк ашиглахаар гэрээ ч байгуулав. Цагаачдаас ч цэрвэх болов. Товчлон хэлбэл ардчилал, даяаршил гэж өөрсдийгөө хуурахаа больё, тус тусын амьдралаа л бодъё гээд зарлачихлаа. Хэдэн жилийн өмнө Д.Трамп ингэж ярьвал барууны далд эздийн өмнө хүчин мөхдөж, бусдын гарт амиа алдсан АНУ-ын ерөнхийлөгчдийн хувь тавиланг давтах байлаа. Эхний удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа ч ингэж ярьж, хэлж зүрхлэхгүй байсан хүн яагаад гэнэт ингэж том дуугарах болов. Тэгээд одоо ардчилал, даяаршлыг нь нурааж буй Д.Трампыг барууныхан дорвитой эсэргүүцэхгүй, зоригтой дуугарч ч чадахгүй дүлэгнэх болсон учир шалтгаан юуных вэ?! Энэ нь ердөө л дэлхийн бүх баялгийг өөрсдийнх болгох гэсэн их хүсэл шунал, бусад улсын амар тайван амьдрал, амжилт ололт бүхнийг үл тэвчин хорсдог, атаархуу атгаг муу санаагаа АНУ гэх өөрсдийн бүтээсэн зохиомол улсаараа дамжуулан гаргаж, хорлон бусинуулах дур хүслээ хангадаг, тэр бүхнийгээ “ардчилал” эрх чөлөөний хүчирхэг байдал, сайн сайхны үлгэрлэл мэтээр сурталчилж ирсэн “барууны далд эзэд”-ийн хорон санаа нь “өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгч болж, өөрсдийг нь ч бас хохироосон хэрэг байлаа.
Хорон санааных нь бодит илэрхийлэл болж, АНУ-аар дамжуулан гадагш цутгадаг байсан ам.долларын хаалтгүй их урсгал нь тэдний бүтээсэн Америк гэх улсыг ч цаашид оршин тогтнох аргагүйд хүргэжээ.
Тухайлбал АНУ-ын Холбооны засгийн газрын өр түүхэндээ анх удаа 35 их наяд ам.долларын босгыг давсныг 2024 оны 07 дугаар сарын сүүлчээр тус улсын Сангийн яам нь мэдэгдэж байсан бол, “АНУ-ын нийт өр 2024 оны эцэст 97.83 их наяд ам.долларт хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд 62.5 хувиар өссөн нь дэлхийн нийт өрийн гуравны нэг нь АНУ-д ногдож буй” талаар Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс /IIF/ гаргасан саяхны нэгэн мэдээнд дурьджээ. Энэ бол зөвхөн мөнгөний тоо төдий биш юм. Хүн төрөлхтөнд цацсан “либерал” бодлогынх нь хор өөрсдийнх нь тавганд ч бас орж, өөрсдөө ч хордож эхэлсэн хэрэг юм. Үүнийгээ тэгээд Украйны дайн, бүс нутгууд дахь нөлөөгөө БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтэд алдсан зэрэг, яаж ч сарвайгаад сачий нь хүрэхгүй болсон өөрсдийн тамирдлаараа бүүр түүрхэн ойлгож ядаж байх шиг байна.
Тэрхүү хор аюул нь тэдэнд хэрхэн яаж үйлчлэв ээ гэвэл:
1-рт “Ардчилал”, “Хүний эрх”, ... зэрэг сэтгэл зүйн дайных нь “технологид” өөрсдийнх нь иргэд хамгийн түрүүнд өртсөнөөр бие биенээсээ сэтгэл нь зааглагдаж, итгэл нь холдсоноор хүн ёсны харилцаа, зохион байгуулалт нь хэврэгшин, хамтын хүчээр юуг ч бүтээх хүний нийгмийн чадамжаа алдаж, үйлдвэрлэлийн салбар бүр нь ажиллах хүчний хомсдолд оржээ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээх чадамжтай хүнгүй болсон гэсэн үг. Хүн ам нь зөвхөн хяналтгүй хэрэглэгчийн зах зээл төдий болж, тэр ч бүү хэл хүний тооноос хасагдсан “амьтад”-ын тоо улам бүр нэмэгдэх болсон.
2-рт Ажиллах хүчний хомсдлыг гадны цагаачдаас сорчлон авч нөхөх даяаршлын бодлого нь “эх орон” гэх ойлголтгүй цагаачдын элдэв гэмт хэргийн түйвээнд автан, хүн амынхаа жигшил зэвүүцлийн зөрчил тэмцлийг хурцатган завхрав.
3-рт Өөрсөддөө гай учруулсан либерал бодлого нь БНХАУ-ын хувьд том завшаан болов. Газар нутаг дээрээ хүн ам нь багталцахгүй болсны эрхээр иргэд нь хаана ч очлоо гэсэн хамгийн хөдөлмөрч, хятад хүн хэвээрээ үлддэг уламжлалт соёл, орхилгүй араас нь дагадаг төрийн холч нарийн бодлого ухаан нь хятад иргэдийг барууны чадамжгүй иргэдийнх нь ажлын байрыг эзлэн авч, амьдрахуйн орон зайг нь булааж, техник технологийн нууцуудыг нь эзэмшин, сурч мэдсэн, олж авсан бүхнээ хятад улсынхаа хөгжил дэвшилд зориулах боломжийг олгосноор БНХАУ дэлхийд тэргүүлэх хөгжлийн чадамжийг олж авав.
4-рт Европын холбоо гэх төвтэй “Ардчилсан” ертөнцийг байгуулах гэсэн либерал үзэл онолыг нь үл тоон, Төр улсаа өөрсдийн бодлогоор авч явахаар зорьсон улс гүрнүүдийг “эдийн засгийн хориг арга хэмжээ” гэгчээр боомилон унагана гэж бодсон “барууны далд эздийн” тооцоо нь уурласан хүүхэд өөрийнхөө тоглоомыг эвдэж хаяхтай л адил юм болов. Шаталсан олон “хориг арга хэмжээндээ” өөрсдөө туйлдаж, хангалуун тансаг хэрэглээнд дэндүү дассан ард иргэд нь амьдралын өртөг нэмэгдэн, ахуй нь доройтож эхэлмэгц улс төрийн хэв загвартаа итгэл алдарч, худал хуурмаг үзэл суртлаа эсэргүүцэх нь улам нэмэгдэв.
Ийнхүү либериал үзэл суртлаар дэлхийг атгандаа оруулж авах гэсэн “далд эздийн” гар хөлийг бодит нөхцөл байдал баглаж эхэлсэн тул дуртай ч, дургүй ч “ардчилал”, “даяаршил”-аас жаахан ч гэсэн татгалзан, ухралт хийхээс өөр арга зам байсангүй. Тиймээс л Д.Трамп үүнийг эхлүүлж буй хэрэг юм. Европын холбооны зарим улс орны төрийн тэргүүнээр тавигдсан, “ардчилсан малгай” буюу муу зуршил, гаж донтой “хүүхэлдэйнүүд” үүнийг үл ойлгох тул “ижил дугуй” болох Украйны ерөнхийлөгч В.Зеленский гэх этгээдийн өмөг түшиг, “ардчилал”-ыг хамгаалагчдын дүрд тоглож, “бид чамтай хамт” хэмээн том дуугарцгаасан нь сүйрсэн Украйнд санаа зовсон хэрэг биш, ердөө л нийгмийн хараа хяналтаас дайжин холдож, хэсэгхэн зуур ч болов хар тамхинд мансуурах зугаа цэнгэлээ эдэлцгээх гэсэн цугларалт төдий байжээ. Тэр нь ч илчлэгдэж шившгээ хутгав. Гэтэл манайд энэхүү бодит байдлыг үл ухан, харь тэртээх Америк Д.Трампыг нийгмийн сүлжээнд хараан зүхэх “тролл” зөндөөн... Эзэн - төргүй “ардчилсан” монголын маань ажилгүй иргэдийнх нь ааш аяг нэг иймэрхүү.
О.Лхагвадорж
Сэтгэгдэл (1)
(66.181.182.34)
Америкийн ард түмэн гадаад улсуудыг сонирхохгүй байхад АНУ-ын улстөрчид зөвхөн гадаад бодлогоор занималдаад байх юм.