Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
- 1 цаг 45 мин
- Улаанбаатар
- 0

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж буй. Тус ногоон орон сууц нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байх юм.
Төслийн эхний үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Ийнхүү өнгөрсөн онд эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Харин дараагийн ээлжийн буюу 226 айлын зургаан блок орон сууцны барилга угсралтын ажил 57-81 хувтай үргэлжилж байна.
Түүнчлэн Шархадны 5.4 га талбайд эхний ээлжид 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв барина. Өнөөдрийн байдлаар 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувьд хүрсэн. Мөн 228 айлын зургаан блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай байгаа юм.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.

Сэтгэгдэл (0)