Б.Чойжилсүрэн: Би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна

"ДЦС-3"-т энэ сарын 2-ны шөнө гал гарч  53 настай инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц төрийн өмчит компанид осол гарсан. Ослын үед ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амь насаа алдсан үйл явдал болсон. Өнгөрсөн шөнө ийм мэдээлэл ирсэн. Хэргийн газарт хуулийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байгаа, албан ёсны байр сууриа тэд илэрхийлэх байх.

Эрчим хүчний яамнаас ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг томилоод ажиллуулж байгаа. Нэгэнт эрүүгийн хэрэг үүсч байгаа учраас эрүүгийн процессийг дуусгаад эрүүгийн хэрэг дээр нотлох баримтууд цуглуулаад танилцуулах байх.  

Ёс зүйн хувьд харамсалтай үйл явдал болсон. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. 2025 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, төрийн өмчит компаниудын 66 хувийг "Эрчис Монгол" гэдэг компанид шилжүүлсэн. Түүнээс хойш хоёр сарын хугацаанд энэ компанийг бүрэн эрхээ хэрэгжүүлээч гэдэг шаардлага тавьж ирсэн. Харамсалтай нь ийм зүйл болчихлоо. 

Талийгаач хоёр хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг хүн байсан. 20 орчим жил ажилласан байх гэж бодож байна. ДЦС3 60 жил болж байгаа. 5 болон 7 дугаар турбины ашиглалтын хугацаа дуусч байгаа, нам даралтын 12 мегаваттын дөрвөн турбины ашиглалтын хугацаа мөн дуусч байна. Одоогийн байдлаар 226 мегаваттай тэнцэх хэмжээний турбин генераторуудын ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй аваар гарахад бэлэн байдалтайгаар сүүлийн хэдэн жил явж ирсэн. Энэ талаар бид Засгийн газарт танилцуулахаар бэлтгэсэн байгаа" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)