УЗ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувь нь ирснээр эхэлжээ. 

Тус хурлыг өнөөдөр 11:00 цагт товлосон ч Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцсэнтэй холбоотойгоор хойшилсоор сая эхэлж буй юм. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхдээ одоогийн нөхцөл байдалд илүү тохирох кандидат гэж үзжээ. Учир нь, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон, мөн нам дотор үүссэн хагарал зөрчлийг намдааж чадна гэж итгэл хүлээлгэсэн байна. Гэхдээ Бага хурлын үеэр заалнаас өөр нэг хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломж бас бий. 

УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэр гаргасан үеэс шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнд хэд, хэдэн хүний нэр яригдаж эхэлсэн дотор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн багтсан. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Өмнөх УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаж байсан. Засгийн газрын танхимд ажиллаж байгаагүй ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн адармаатай үед тохирох бас нэгэн нэр дэвшигч гэж яригдсан. УИХ-дахь МАН-ын бүлэгт 1980-аад оны төлөөлөл олон бий. Тэд Г.Тэмүүлэн гишүүнийг заалнаас нэр дэвшүүлж магадгүй байгаа. Энэ тохиолдолд хоёр нэр дэвшигчээс хамгийн олон саналыг Бага хурлын гишүүдээс авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших эрхтэй болно. Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ-аас Ерөнхий сайдыг томилно. Түүний дараа шинэ Ерөнхий сайд Засгийн газраа байгуулна. Хуулиараа шинэ Засгийн газар ирэх долдугаар сарын 3-нд байгуулагдсан байх ёстой. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)