Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажлыг эхлүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төмөрзам, далайн тээвэр бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, тус ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи, Эдийн засаг, худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ, “Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп” ХХК-ийн дэд ерөнхий менежер Ли Гуочян, “Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп интэрнэйшнл” ХХК-ийн ерөнхий менежер Шие Шяочэ оролцов.

 

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн, нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийг 24 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж, энэ сарын 15-ны өдөр албан ёсоор Монгол, Хятад талаас хоёр талын гүүрний эхний шон суурийг өрөмдөж, барилгын ажлыг эхлүүлнэ.

 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Төслийг хэрэгжүүлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж, үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд хувь нэмэр оруулах юм. Мөн тээврийн зардал 2-2.5 дахин багасаж, экспортын гарц 30 сая тонноор, тээврийн орлого 300 сая ам.доллароор нэмэгдэх тооцоо гарчээ. Үүнээс гадна байнгын 200, түр 800 ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөшүүрэг болох юм.

 

сонин mn

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам 32,6 км урт, нэгдүгээр зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, үүнээс гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан, хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тус боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, төмөр замын барилга, гүүрийн угсралтын чиглэлээр дэлхийд томд тооцогдох БНХАУ-ын хоёр компани оролцсоноос “Хятадын төмөр замын барилгын корпораци CRCC шалгарч, охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтыг нь хийхээр шалгараад байна. 

 

Засгийн газрын 2024–2028 оны хөтөлбөрт туссан 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ оны 2 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 3 дугаар сарын 27-ны чуулганаар баталсан. Хэлэлцээрийн дагуу “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэх” гурван үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг ЗТЯ-наас Хятадын талтай эцэслэн тохирч, өнгөрсөн сарын 14-нд гарын үсэг зурж, бүтээн байгуулалтын нээлтийг хамтран хийв. Энэ нь Монгол, Хятад хоёр улс 1955 оноос хойш 70 жилийн дараа 2 дахь боомтыг төмөр замаар холбох үйл явдал болж байгаа аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)