Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
- 2025-07-01
- Үнэн
- 0

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүдийг /2025-06-30/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын харилцааны ээдрээтэй, талцал хуваагдлаас үүдэлтэй эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шударга, ил тод, хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс тогтвортой, найдвартай гадаад орчин бүрдүүлэхэд анхаарч буйг тодотгоод, Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана гэж мэдэгдлээ.
Урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхний санал хүсэлтийг сонсож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэд, түнш, хөрөнгө оруулагч зэрэг бүхий л талд харилцан ашигтай байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв. Гадаад нөхцөл байдал, түүхий эдийн үнэ буурсантай холбогдуулан төрийн зардлыг бууруулах, төрийн бүтцийг оновчтой болгож “тоо биш чанарт” суурилсан шинэчлэл, төсвийн тодотгол хийхээр Засгийн газрын зүгээс зорьж буйг онцоллоо.

Сэтгэгдэл (0)