Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
- 2025-07-03
- Үнэн
- 0

Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны тухай тусгайлсан хуультай болж, төрийн албаны төв байгууллага Төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдсан үйл явдал мөн хэмээн онцлоод өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэддээ чин шударгаар үйлчилдэг шинэ төрийн, шинэ тогтолцоог төлөвшүүлэх, төрийн алба хаагчийн үйл ажиллагааг эрх зүйгээр дархлан баталгаажуулахад Төрийн албаны зөвлөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа ч эрхэм журамт энэ үүргээ Төрийн албаны зөвлөл нэр төртэй гүйцэтгэсээр байна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.

Мөн төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдлын шинэтгэл өчигдрөөр биш, өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Засгийн газар БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлэхээ зарласан гээд БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийн албан хаагчдад тавигдах шаардлагуудыг сануулсан юм. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид аливаа асуудлыг тогтолцооны түвшинд буюу том зургаар хардаг байх ёстой. “Гал унтраах” байдлаар асуудалд хандах биш, уг шалтгаан, үр дагавар, орчин, хамаарлыг нэгтгэн дүгнэх аналитик сэтгэлгээ төрийн алба хаагчийн бусдаас ялгарах үндсэн шинж мөн. Хоёрдугаарт, хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой. Иргэдийн санал, хүсэлт, хандлага, зан үйл, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байвал Та иргэддээ хүлээн зөвшөөрөгдөнө. Төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг хүнд зориулан “урлах” нь чухал.
Гуравдугаарт, төрийн албан хаагч цахим орчинд ажиллах мэдлэгтэй, өгөгдөлд суурилан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай.

Сэтгэгдэл (0)