Ерөнхий сайд Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
- 2025-07-18
- Үнэн
- 0

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.
Тэрбээр, монголчууд бид ардын хувьсгалаас өмнө ердийн хөсгөөр жин тээж, морин өртөөгөөр алба залгуулан өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрд хүрч үйлчилдэг байсан нүсэр ажлаа түргэн шуурхай, өндөр бүтээл, үр ашигтай автотээврийн хэрэгслээр солиод 100 жилийн босгон дээр ирлээ. Бахдам амжилтын түүхийг бүтээсэн ахмад үедээ талархаж, баялаг түүхийг түүчээлж яваа энэ цагийн залуустаа баярлаж байна. Салбарын үүслээр 100 жил хэмээн тоологдож буй боловч, монголчууд 1900 оны эхээр “Хаалган хүрээ тээврийн пүүс” хэмээх өнөөдрийн бидний нэршсэн улс хоорондын тээвэр хийж байсан түүхэн баримтыг дурдлаа.

1925 оны сүүлчээр 25 автомашинтай авто баазыг байгуулснаар өнөө цагийн үндэсний тээврийн байгууллагын суурь тавигдсан. Энэ 100 жилийн хугацаанд тус салбар улс орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын өргөн уудам нутгийг холбож, хөгжлийн үрийг түгээж явсан автотээвэрчдийн нөр их хөдөлмөрийг үеийн үед бахархан дуурсах учиртай хэмээгээд монгол хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлийн тод томруун илэрхийлэл бол үе үеийн автотээвэрчид гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, автотээврийн салбар улс орны хөгжилд гүйцэтгэсэн үүргийг онцгойлон дурдаад Монгол Улсын хөгжлийн түүх бол энэ салбарын түүх юм. 1960-аад оны манай улсын аж үйлдвэрлэл, газар тариалан бүтээн байгуулалтын хөгжлийн үеийг автотээвэрчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайлбал 1950-иад оны сүүлчээр тус салбарт “зуу мянгат”, “бумтан” жолооч, 1960 оны эхээр “саятан” жолооч зэрэг хөдөлгөөн өрнөн энэхүү алдрын эзэн болохын тулд саад бэрхшээлийг давж, хөдөлмөрлөж ирсэн ахмад тээвэрчдээрээ бахархаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)