Г.Батцэцэг: Д.Сэргэлэн гэдэг хүн ямар нэгэн дипломат эрх ямба эдэлдэггүй

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг өчигдөр Тириел Атиензагийн хэрэгтэй холбоотой хэд, хэдэн байр суурийг илэрхийллээ. Түүний байр сууриас онцлох гурван асуудлыг хүргэж байна.

Тириел Атиензагийн хэрэгтэй холбоотойгоор Филиппинийн талтай холбогдсон эсэх талаар:

Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг хэлэхдээ “Энэ хэрэгтэй холбоотойгоор Филиппинийн Засгийн газар, Гадаад харилцааны яам манайхыг хавсран суугаа Бээжинд байх Элчин сайдын яамнаас манай улсаас асуулга, ноот бичгээр ямар нэгэн хүсэлт ирээгүй байна. Би та нартай адил хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Бид нар энэ асуудлыг маш анхааралтай ажиглаж байгаа. Манай улс Индонезид байх Элчин сайд яам хавсран сууж энэ асуудлыг хариуцдаг. Энэ хэрэг дээр ар гэрийнхэн нь манай талд хандах бүрэн боломжтой. Манай Консулын газар чиг үүргийнхээ дагуу энэ хэрэг дээр ажиллах боломжтой. Албан ёсоор хүсэлт ирээгүй байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна” гэсэн юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагатай холбогдсон эсэх талаар:

Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг хэлэхдээ “Хууль зүйн яам болон Ерөнхий прокурорын газраас энэ хэргийн тухай асуусан. Энэ хэрэг олон жилийн өмнө болоод өнгөрсөн. Одоогоор ар гэрийнх нь хүсэлтээр энэ хэргийг танилцуулж байгаа гэсэн. Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл болон энэ хэрэг нэлээд зөрүүтэй юм билээ. Тэгэхээр хууль хяналтын гаргах шийдвэрийг бид нар хүлээж байна. Дахин шалгагдах, өөр асуудал гарах юм бол бид нар хамтран ажиллахад бэлэн байгаа” гэсэн юм.

Австри улсын Өргөмжит консул Д.Сэргэлэнгийн талаар:

Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг хэлэхдээ “Өргөмжит консул Д.Сэргэлэн гэдэг хүнийг Монгол Улс томилоогүй. Ер нь олон улсын практикт Элчин сайдын яамгүй газраа өргөмжит консул тухайн орны иргэнийг сонгоод томилдог. Энэ практикыг дипломат албанд маш түгээмэл хэрэглэдэг...

Өргөмжит консулаар тухайн улсынх нь иргэнийг томилоод ажиллуулдаг. Цалин авдаггүй. Сайн дурын үндсэн дээр ажилладаг ийм албан тушаал юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Гадаад харилцааны яам томилдог юм шиг мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр Австрийн өргөмжит консулыг Австрийн Засгийн газраас томилж ажилуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Д.Сэргэлэн консулын хувьд 2003 онд сонгогдсон. Хоёроос, гурван удаа сонгогдсон байдаг. Австрийн Засгийн газар татгалзаж байна гээд шийдвэрлэвэл ямар ч асуудал байхгүй.

Д.Сэргэлэн гэдэг хүний тухайд Монгол Улсын иргэн учраас ямар ч хуулийн байгууллага шалгах бүрэн боломжтой. Ямар нэгэн дипломат эрх ямба эдэлдэггүй. Ямар ч улсын Өргөмжит консул дипломат эрх ямба эдэлдэггүй. Тиймээс хууль хяналтын байгууллагын шалгах бүрэн боломжтой. Хэрэв гэм буруутай нь тогтоогдоод хууль хяналтын байгууллагаас хүсэлт ирсэн нөхцөлд манай талаас Австрийн Засгийн газартай холбогдоод энэ хүний асуудлыг ярина” гэсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)