Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй
- 2025-08-28
- Үнэн
- 0

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, гийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол уруудахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус ажлын хэсгийн хуралдаанд оролцлоо. Тэрбээр, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2018 онд 93 дугаарт жагсаж байсан бол 2024 онд 114 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш. Засгийн газар нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Албан хаагчдаа өдөр тутмын удирдлагаар хангаж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, удирдах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ ажлын хэсэгт оруулсан гэдгийг онцлоод авлигатай тэмцэх үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлж, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Үр дүн нь манай улсын гадаад нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалт татах, иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэлээ.

Сэтгэгдэл (0)