Төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал, ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг өнөөдөр олгож, дуусгана
- 2025-12-31
- Нийгэм
- 0

Төрийн сан төсвөө төвлөрүүлээгүйтэй холбоотой төрийн албан хаагчдын цалин хугацаанаасаа хоцорч орох, жилийн эцсийн урамшуулал олгогдохгүй байж болзошгүй нөхцөл байдал хөндөгдсөн. Мөн төртэй гэрээлсэн ААН-үүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байдал саяхан үүссэн. Тэгвэл өнөөдөр Төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал болон ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгож, дуусгахаар болсон байна.
Сангийн яамнаас "Төрийн сангийн зарлага 12 сарын 31-ний 00.00 цагт хаагдана. Сангийн нөөц үлдэгдлээс хамаарч хөрөнгө оруулалтын зарцуулалтаа гаргаж ажиллахаар төлөвлөж байна. Ингэхдээ төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал, ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг өнөөдөртөө багтаан олгож дуусгана" хэмээсэн юм.
Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн данс нь Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанкинд байршина. Дараах хэсгүүдээс бүрдэнэ.
- Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
- Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
- Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
- Төрийн сангийн төлбөр тооцооны данс.

Сэтгэгдэл (0)