Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ
- Уржигдар 10 цаг 44 мин
- Дэлхий
- 0

BАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг удирдах гол үүргийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио хүлээнэ гэж Bloomberg агентлаг нэрээ нууцалсан албан тушаалтны ярьсныг эш татан ням гарагт мэдээлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио бол куба гаралтай АНУ-ын иргэн бөгөөд Майами хотод Кубаас цагаачилж ирсэн гэр бүлд төрсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, Венесуэлийн газрын тосны салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаа, Америкийн газрын тосны компаниуд тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгоход “олон тэрбум ам.доллар” зарцуулна гэжээ. Трампын баг одоогоор Венесуэлийг удирдах бүтцийг боловсруулж байгаа бөгөөд уг багт Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, Дотоодын аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Стивен Миллер, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар багтаж байгаа тухай нэрээ нууцалсан Америкийн өндөр албан тушаалтан The Wall Street Journal сонинд өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл (0)