Хүүхдийн урлан бүтээх төвийг засварлана
- Уржигдар 09 цаг 06 мин
- Улаанбаатар
- 0

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийг 16 жилийн дараа сэргээн засварлаж хүчитгэхээр болжээ. Уг барилгыг 2021 онд Соёлын дурсгалт өвд бүртгэгдсэн бөгөөд нураахгүйгээр засварын ажлыг 2026-2027 онд гүйцэтгэх бөгөөд нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг баталж энэ сард багтааж тендер зарлахаар болсон байна. Жилдээ 1800-2100 хүүхэд, багачууд 20 гаруй төрлийн дугуйланг хоёр ээлжээр хичээллэж ирсэн уг барилгад засвар хийхээр болсон гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ талаар НЗДТГ-ын орлогч А.Амартүвшин хэлэхдээ "Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн сэргээн засварын ажилд удахгүй тендер зарлана. Тендер зарлах хугацаа одоогоор бүрэн товлогдоогүй, энэ сардаа багтааж тендер зарлах төлөвтэй байгаа.
Уг барилгад 16 жилийн хугацаанд урсгал засвар, их засвар хийгээгүй учир нийслэлийн төсөвт засварын төсвийг тусгаж өгсөн. Тендерт дотоодын туслан гүйцэтгэх байгууллагууд оролцох юм. Үүнээс гадна их засварын ажил хийгдэх учир төсөв тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж ойлгож болно. Одоогоор Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Засварын ажилтай уялдуулж зарим анги танхимыг түр хугацаагаар хаах, хичээллэхгүй байх магадлалтай учир Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захиргаа уг асуудлыг хариуцна" гэв.
1958 онд баригдсан буюу үндсэндээ 67 жил болж буй барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд жил бүр монгол зураг, уран зураг, сүрлэн наамал, арьсан урлал, уран баримал, монгол уран бичлэг, хувцас засвар чиглэлээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг газар юм.

Сэтгэгдэл (0)