Нисэх багийнхантай зүй бус харилцаж, эд хөрөнгө гэмтээсэн зорчигч ₮17 саяыг төлжээ
- Уржигдар 09 цаг 27 мин
- Нийгэм
- 0

Tээврийн прокурорын газраас олон улсын нислэгийн үеэр нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нислэгийн үйл ажиллагаанд саад учруулсан иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Хэргийн тодруулбал, 2025 оны 7 дугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар-Истанбул чиглэлд агаарын хөлөг хөөрсөн. Гэтэл нислэгийн үед онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харьцаж улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээж, хохирол учруулсан.
Тээврийн прокурорын газраас дээрх хэргийг үйлдсэн Х.А-д Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 /Нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар гэмт хэргийн улмаас учирсан 17.841.400 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан, нийт 5 сарын хугацаагаар оршин суух газар болох дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 27.4 дүгээр зүйл.Нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох
2.Зорчигч агаарын хөлгийн нислэгийн үед нислэгийн үйл ажиллагаанд саад учруулсан, нисэх багийн гишүүн, бусад зорчигчтой зүй бусаар харилцсаны улмаас хүний эрүүл мэнд, амь нас, бусдын эд хөрөнгөд хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн, нислэгийн үйл ажиллагаа удаан хугацаагаар саатсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Сэтгэгдэл (0)