Украинд аюулгүй байдлын баталгаа олгохоор шийдвэрлэжээ
- Өчигдөр 10 цаг 23 мин
- Дэлхий
- 0

ПАРИС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /DW/. “Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтдаг улс орнуудын удирдагчид Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. “Өнөөдөр бид чухал ахиц дэвшилд хүрсэн нь бат бөх энх тайвны найдвартай баталгааг хангасан Парисын тунхаглалд тусгалаа оллоо” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нэгдүгээр сарын 6-нд мягмар гарагт Парист болсон уулзалтын дараа мэдэгджээ. Уг уулзалтад АНУ-ын төлөөлөгчид мөн оролцсон байна.
Тэрбээр мэдэгдэлдээ “Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтсан 35 улс, түүнчлэн Украин, АНУ хоорондын шуурхай хамтын ажиллагааг анх удаа хүлээн зөвшөөрснийг онцолж, “бид аюулгүй байдлын найдвартай баталгааны тухай ярьж байна” гэжээ.
Э.Макрон тохиролцсон заалт тус бүрийг дурдсаны дотор АНУ-ын удирдлага дор гал зогсоох үйл явцад хяналт тавих, Украиныг батлан хамгаалах зорилгоор урт хугацаанд зэвсэглэх, мөн ОХУ-ын цэргүүд дахин довтолсон тохиолдолд Украиныг дэмжих үүрэг хүлээсэн хэлэлцээрүүдийг боловсруулах асуудал багтсан байна.Дээрх тунхаглалаас гадна, Украин, Франц, Их Британийн удирдагчид хамтын зорилтын тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын хэлснээр, уг баримт бичиг нь гал зогсоосны дараа Украинд Их Британи, Франц болон бусад “түнш” орнуудын цэргийг байрлуулах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажээ.
“Энэ бол Украиныг урт хугацаанд дэмжих бидний гуйвшгүй үүрэг амлалтын хамгийн чухал хэсэг юм” гэж К.Стармер мэдэгджээ. Ерөнхий сайд мөн хэлэхдээ, Их Британи ба Франц улс гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлмэгц Украины өнцөг булан бүрд “цэргийн төвүүдийг” байгуулах бөгөөд “зэвсэг, цэргийн техник хэрэгслийг хадгалах байгууламжуудыг” барих болно гэжээ.
Германы оролцооны тухайд Канцлер Фридрих Мерц хэлэхдээ, “Манай орон жишээ нь, Украины хөрш НАТО орнуудын нутаг дэвсгэрт цэргээ байрлуулж болно” гэж мэдэгджээ. Ийм улсуудын дунд Польш, Румын, Унгар болон Словак орно. “Би өөрийн нэрийн өмнөөс болон Холбооны Засгийн газрын нэрийн өмнөөс хэлэхэд бид зарчмын хувьд үүнийг үгүйсгэхгүй” гэж Мерц хэлжээ.Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Франц, Их Британи улсуудтай байгуулсан хэлэлцээрийг “маш тодорхой хэлэлцээр” гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Украины тал аль хэдийн хангалттай мэдээлэл авсан бөгөөд ямар улсууд уг хэлэлцээрт оролцох, мөн тус бүрдээ ямар хувь нэмэр оруулахыг мэдэж байгаа гэсэн байна. Гэсэн хэдий ч Зеленский зарим асуудал, ялангуяа газар нутгийн маргаантай холбоотой асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг онцолжээ.
АНУ-аас уг уулзалтад Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф болон Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер нар оролцсон байна. Уулзалтын дараа Уиткофф хэд хэдэн чиглэлд, тэр дундаа аюулгүй байдлын баталгаа болон Украиныг сэргээх босгох төлөвлөгөөнд “ихээхэн ахиц дэвшил гарсан” гэж мэдэгджээ.
“Бид эвслийн орнуудтай санал нэгдэж байна. Украин аюулгүй байдлын нухацтай баталгаа олгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээх нь маш чухал бөгөөд бид эдгээр асуудлаар хамтран ажилласаар байх болно” гэж Уиткофф X нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл (0)