Д.Трамп: Манай нам завсрын сонгуульд ялахгүй бол тэд надад импичмент зарлана
- Өчигдөр 10 цаг 22 мин
- Дэлхий
- 0

Хэрвээ завсрын сонгуулийн дүнгээр БНН Конгресс дахь хяналтаа алдваас Ардчилсан намынхан надад импичмент зарлана гэж Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн тухай телевизийн NBC News суваг мэдээллээ.
"Та бүхэн завсрын сонгуульд заавал ялах ёстой, ялахгүй бол тэд надад импичмент зарлах шалтгийг амархан олчихно" гэж тэрбээр Төлөөлөгчдийн танхимд болсон БНН-ын улс төрийн чуулга уулзалтад оролцохдоо хэлжээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүн ба Сенатын гишүүдийн гуравны нэгийг 11 дүгээр сард болох завсрын сонгуулиар сонгох юм. Энэ сонгууль нь БНН-ынхан Трампын засаг захиргааны үлдсэн хоёр жилийн хугацаанд хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу гэдгийг тодорхойлох болно. Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Н.Мадурог баривчлан авчирсны дараа Калифорни муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Ардчилсан намын гишүүн Максин Уотерс импичментийн асуудлыг хөндөж эхэлсэн байна.
“Өнөөгийн улс төрийн бодит байдалд импичмент зарлах боломжтой юу гэдгийг АН-ын олон гишүүн эргэцүүлж байна. Бүгд найрамдахчууд ямар нэгэн алхам хийхээс татгалзсан ч гэсэн Трампын засаг захиргаа ийм эрс тэс алхам хийсэн үед бид дуугүй идэвхгүй сууж болохгүй” гэж тэрбээр хэллээ.
Өмнө нь 2019 ба 2021 онуудад Төлөөлөгчдийн танхим Д.Трампад хоёр ч удаа импичмент зарлаж байсан бөгөөд санал дутсан тул түүнийг гэм буруутайд тооцоогүй байна. Д.Трамп өөрийгөө буруугүй гэдгийг нэг бус удаа мэдэгдэж “импичмент бол улс төрийн сэдэлтэй дайралт” гэж байв.

Сэтгэгдэл (0)