Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой тохиож байна
- 1 цаг 44 мин
- Улс төр
- 0

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ. Дөрөв дэх буюу Шинэ Үндсэн хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 14-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн аж.
Анхдугаар Үндсэн хууль 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна.
Хоёрдугаар Үндсэн хууль 1940 оны зургадугаар сарын 30-нд Улсын VIII Их Хурлаар баталжээ. Энэ хууль 12 бүлэг, 95 зүйлтэй. БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймаг ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.
Гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-нд баталсан. Энэхүү хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байжээ. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын үйлдвэрчний эвлэл нь Төв зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ” гэж заажээ.
Дөрөвдүгээр Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталжээ. Энэхүү хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөж буй Үндсэн хуульд 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт, “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт нэмсэн байна. Мөн 2019 онд нэмэлт оруулсан. Энэ нэмэлтээр Ерөнхий сайдад танхимынхаа гишүүдийг томилж чөлөөлөх эрхийг олгожээ.

Сэтгэгдэл (0)