Хямд өртөгтэй орон сууцны төсөл хэрэгжүүлж байна
- 1 цаг 41 мин
- Орон нутаг
- 0

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллах үеэр орон нутгаас хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Одоогоос арваад жилийн өмнө Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад, залуу гэр бүл болон анх удаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байсан уг төслийн хүрээнд эдүгээ түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангасан бол үүний 329 нь түрээсийн орон сууц юм.
Энэ онд үргэлжлүүлээд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмыг баталж баг, сум, байгууллагуудаас сонирхсон иргэний материалыг хүлээн авч, журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулж шийдвэрлэдэг байна.

Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд барьсан орон сууцны м.кв нь 1.9-2.4 сая төгрөгийн хооронд байгаа бол түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй төдийгүй байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсдэг ажээ.
Тус хөтөлбөрийн дагуу Дорноговь аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх бөгөөд одоогоор 21 өрх дээрх нөхцөлөөр байртай болжээ.
Тус аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж “Сингл апартмент” төслийг энэ онд эхлүүлэхээр болжээ. “Сингл апартмент” төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм.
"Сингл апартмент" нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулсан 18-20 м.кв байр юм. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт зургаан сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавих юм.


Сэтгэгдэл (0)