2025 онд олон улсад зорчигчдын тоо 2 сая давж, өмнөх оноос 15 хувиар өслөө
- Уржигдар 11 цаг 02 мин
- Эдийн засаг
- 0

Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад олон улсын чиглэлийн зорчигчдын тоо 69 %-иар өсөөд, 2025 онд олон улсын аялалын зорчигчдын нийт тоо хоёр сая давсан болохыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар мэдээллээ.
Олон улсын чиглэлд МИАТ, Аэромонголиа, Хүннү Эйр компаниуд нислэг үйлдэж, зах зээлийн 59.5 %-ийг эзэлж, үлдсэнд нь гадаадын 15 агаарын тээвэрлэгч компани нислэг хийж байна.
Орон нутагт МИАТ ТӨХК долоон чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж, орон нутгийн зорчигчдын 81 %-ийг уул уурхайн ажилтанууд эзэлж байгаа аж.
Монгол Улс 2025 онд 854 мянга гаруй жуулчин хүлээн авч, олон улс болон орон нутгийн нислэгийн хүртээмж нэмэгдсэн нь жуулчдын тооны өсөлтөд нөлөөлсөн гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тодотгож байна.
Аялал жуулчлалын оргил саруудад нислэгийн давтамж, хүлээн авах байршлыг нэмэх үүднээс Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Баян-Өлгий, Ховд аймгийн онгоцны буудлуудын дунд оврын онгоц хүлээн авах бол ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг улсаас шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.
Цаашлаад 2026 онд агаарын тээврийн салбарт хийгдэх томоохон хөрөнгө оруулалт нь Навигацийн төвийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, Үүнд Франц улсын банкнаас 23 сая евро хөнгөлөлттэй зээл авах боломжийг судалж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлсэн байна.
Навигацийн шинэ төв ашиглалтад орсноор дамжин өнгөрөх нислэгийн тоо хоёр дахин нэмэгдэж, навигацийн орлого 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл (0)