Монгол Улс интернэтэд холбогдсон 30 жил: Холболтоос өрсөлдөх чадвар хүртэл

Одоогоос 30 жилийн өмнө, 1996 оны 1-р сарын 17-ны өдөр Монгол улс Интернэтэд 24 цагаар онлайн холбогджээ. Датаком ХХК нь Улаанбаатар хот болон АНУ-ын Калифорни мужийн хооронд 128 Kbps сансрын сувгаар дамжуулан Интернэт холболтыг хийж, улсын хэмжээнд анхны 24 цагийн Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) болсон юм. Ийнхүү Монгол улс Интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон түүхтэй.

 

Түүнээс хойш хувь хүн, улс орны хувьд бараг нэг үе өнгөрч, Интернэт бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, мэдээллийг секундийн дотор хуваалцаж, дэлхийтэй нэг товшилтоор холбогдож байна.

Гэвч анхны холболт хийж, анхны и-мэйлийг илгээх тэрхүү нөхцөлийг бүрдүүлэхэд амар байгаагүй. 30 жилийн өмнөх Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсон, бүх зүйл хомсдолтой тэр хүнд нөхцөлд ажиллаж байсан инженерүүд технологийн хөгжлийн том алхмыг хийж, Монгол Улсаа хөгжлийн дараагийн шатанд гаргах, монголчуудаа далайд гарцгүй ч, дэлхийд гарцтай болгох том мөрөөдөлтэй байжээ.

 

Тэд 1993 онд Монголын и-мэйл сүлжээг байгуулж, 1996 оныг хүртэл судалж, туршиж, бүтээж, хөгжүүлсээр иржээ. Энэ хугацаанд Датаком ХХК-ийг байгуулж, VSAT хиймэл дагуулын холболтоор X.25 протокол дээр суурилсан, дотооддоо өгөгдөл дамжуулдаг үндэсний хэмжээний сүлжээг хөгжүүлсэн нь яг интернэт биш байсан ч, Интернэт рүү хүргэх технологийн суурь нь болсон байна.

“Интер+Нэт” гэдэг нь “Сүлжээнүүдийн сүлжээ” гэсэн үг бөгөөд 1990 оны эхнээс дэлхийн улс орнуудад өөрийн сүлжээгээ байгуулж, бүгд хоорондоо нэг стандарт, нэг технологиор холбогдож Глобал Интернэт буюу “Даян дэлхийн Интернэт” сүлжээг байгуулах давлагаа эхэлсэн юм. Тэр жилүүдэд Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төв (IDRC)-ийн хэрэгжүүлж байсан Pan-Asia Networking (PAN) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад Азийн анхны Интернэтийн төсөл хэрэгжсэн юм. Интернэт нь тухайн үедээ асар их эргэлзээ, туршилт, эрсдэл дагуулсан шинэ үзэгдэл байсан тухай дээрх төслийн зөвлөхөөр ажиллаж байсан Paul Wilson ярилаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Интернэтийн технологиуд тасралтгүй хөгжсөөр, өнөөдөр Монголын Интернэт 2 сая гаруй хэрэглэгчтэй, өргөн зурвас, шилэн кабель, мобайл дэд бүтэц бүхий салбар болжээ. ХХЗХ-ны  2025 оны хагас жилийн статистикаас үзэхэд нийт үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 4,9 сая гаруй байгаагаас 85.1 орчим хувь (4,2 сая) нь интернэт хэрэглэж байна. Хөдөлгөөнт өргөн зурвасын нэг хэрэглэгчийн сарын дата хэрэглээ дунджаар 15.94 Гбайт (GB) хүрсэн байна.

Суурин интернэт хэрэглэгчийн тоо 565 мянгад хүрсэн бөгөөд эдгээр хэрэглэгчийн 96.81% нь шилэн кабелиар интернэт авч байна. Суурин интернэт хэрэглэгчийн 94.9% нь 10Мбит/сек-ээс дээш хурдаар, 60 орчим хувь нь 30Мбит/сек дээш хурдаар интернэтийн үйлчилгээг авч байна. Ийнхүү монголчууд 30 жилийн өмнө эхэлсэн нийгэм болон сэтгэлгээний үсрэнгүй өөрчлөлтийн үр шимийг бүгдээрээ хүртэж байна.

Өнөөдөр Интернэт бол бидний хэрэглэдэг нэг үйлчилгээ бус, харин бүх салбарыг холбосон  орчин, институц, зах зээл болсон. Бизнес эрхлэх, мэдээлэл түгээх, төрийн үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө босгох, хэрэглэгчтэй харилцах гээд энэ бүхэн интернэтгүйгээр төсөөлөгдөхөө больсон.

Энэ том өөрчлөлтөд Датаком ХХК нь Монголын интернэт, мэдээллийн технологийн салбарын эхэн үеэс эхлэн дэд бүтэц, сүлжээ, үйлчилгээний хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найдвартай, аюулгүй сүлжээний шийдлүүдийг нэвтрүүлэх замаар төр, хувийн хэвшил, бизнес болон иргэдийг дижитал орчинд холбох гүүр болж ажиллаж иржээ.

Эдүгээ Интернэтийг ашиглаж буй иргэн, бизнес, төрийн байгууллагуудын чадамж харилцан адилгүй хэвээр байна. Зарим нь интернэтийг өсөлтийн хөшүүрэг болгож чадсан бол, зарим нь зөвхөн хэрэглээний түвшинд гацсан хэвээр. Энэ ялгаа цаашид эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадварын зөрүү болон тэлэх эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн тоо болон хэрэглээний гүн нь аль хэдийнээ “холболтын” шатнаас давж, эдийн засгийн бодит эрэлт, зан төлөвийг бүрдүүлсэн байна. Харин энэ хэмжээний хэрэглээ, дата урсгалын цаана үүсэж буй үнэ цэнийг системтэйгээр барьж авах, бизнесийн өсөлт, экспортын орлого, Монгол Улсын өрсөлдөх чадвар болгон хувиргах институцийн дараагийн шатны шийдлүүд шаардагдаж байна.

Тиймээс бид дараагийн 30 жилийг зүгээр “дижитал шилжилт” эсвэл “холболт” гэж нэрлээд өнгөрч болохгүй нь. Хиймэл оюун, өгөгдлийн эдийн засаг, кибер аюулгүй байдал, дижитал тусгаар тогтнол зэрэг ойлголтууд бодлогын бодит асуудал болон гарч ирж байна. Энэ үед Интернэт бол зүгээр нэг дэд бүтэц биш, харин үндэсний өрсөлдөх чадварын нэг тулгуур болно.

Интернэт биднийг өөрчилсөн. Харин одоо бид интернэтийг яаж өөрчлөх вэ? Дараагийн 30 жилийн түүхийг хэн, ямар шийдвэрээр бичих вэ? Энэ бол дараагийн үеийнхний хариулах асуултууд.

Тиймээс Монголд интернэт нэвтэрсний 30 жилийн ой бол өнгөрснийг дүгнэхийн зэрэгцээ ирээдүйг хамтдаа бүтээх зорилго, хариуцлагыг сануулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.

 

Монголын нийт интернэт хэрэглэгчдэдээ
Монгол Улс интернэтэд холбогдсоны 30 жилийн ойн
баярын мэнд дэвшүүлье.

ДАТАКОМ ХХК

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)