Монголын үндэсний спортын өвлийн наадмын шигшээ тэмцээн болно

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын наадмын тов гарлаа.

Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт нэгдүгээр сарын 22-25-нд болно.

Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 (мөсөн шагай харваанд 126, мөсөн сур харваанд 300) тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин оролцохоо мэдүүлжээ. Мэдүүлэг авах хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 16-ны 22:00 цагт эцэслэгдэх юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болох гэж байна.

Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.

Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)