А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
- 2 цаг 6 мин
- Нийгэм
- 0

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.
НИТХ-ын дарга А.Баяр “Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт, ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт үүрэг болголоо.
2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр “2026 онд зам тээврийн осол, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцлоод Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг.
Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна” гэв.
Эх сурвалж: НИТХ


Сэтгэгдэл (0)