Трамп ба Занданшатар
- 13 цаг 30 мин
- Нийтлэл
- 0

Америк ба Монгол гэж одоохондоо нэрлэмээргүй байгаа юм, ямартай ч Д.Трампын байгуулж буй Энхийн зөвлөл буюу Board of Peace хэмээх байгууллагад Монгол Улс нэгдчихдэг юм байна аа. Уг зөвлөлийг шинэ НҮБ гэж албан бусаар үзэх улс бий. Өглөө босонгуутаа Трампын бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусахыг харлаа, 2029 он хүртэл мань эр Энхийн зөвлөл нэрээр дэлхийн хэмжээний шийдвэрүүд гаргах нь ээ. Уг Энхийн зөвлөлийн дүрэм маягийн албан бичигт Европийн орнууд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэр нь олон улсын хэмжээний аливаа асуудлыг зөвлөлийн гишүүн орнууд харилцан зөвлөлдөх боловч эцсийн шийдвэрийг Д.Трамп өөрөө гаргахаар тусгасан.
1. Тэртэй тэргүй Д.Трамп ноёрхож байгаа эл он жилүүдэд энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс 24 дэх жилдээ оролцож байгаагийн хувьд энэ байгууллагад багтаж болох юм. Яахав, Венесуэлийн Ерөнхийлөгчийг хулгайлаад хорьчихсон, өөр хэнийг ч хаанаас ч суйлж болзошгүй хүний талд зогслоо гээд бага боловч аюулгүй байдлаа хадгална.
2. Үнэхээр Трампын Энхийн зөвлөл шинэ тутам НҮБ-ын үүрэг гүйцэтгээд, өглөө болгон дэлхийг хамарсан ямар нэг эрсдэлтэй алхам хийгээд байвал энд багтсанаараа Монгол Улс тэрхүү эрсдлийн гадна үлдэх боломжтой.
3. Д.Трамп Грийнландыг Америкт нэгтгэх гэж зүтгээд байгаа нь маш тодорхой шалтгаантай. Тэр бол Орос, Хятадад алсын тусгалтай пуужингаа ганц товч дараад хүргэж чадах бүс нутаг. Энэ тохиолдолд Монгол Улс ч бас эх газар дахь амттайхан Грийнланд болж энэ хүнд харагдаж таарна. Гэхдээ, НҮБ-д багтдагийн хувьд, Оростой хамааралтай санал асуулгад Монгол Улс дөрвөн жил түдгэлзсэн хариу өгөөд явж байгаа, үүнтэй адил байр суурь илэрхийлээд, Энхийн зөвлөлд гүлдийгээд суугаад байж бас болно.
4. Манай хоёр хөрш хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас нэлээн байх шиг байна. Орос, Хятад хоёр улс Энхийн зөвлөлд найдвартай хөршөө буюу Монголыг байршуулж авах нь харин ч Трампын ноёрхлын үед ашигтай гэж харна.
5. Д.Трамп Америкийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бүрэн эрхийн хугацаагаа сунгана гэсэн таамаг хардлага байдаг. Тэр өдгөө 80 настай, өнгөрсөн намар америкчууд Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн байдалд эргэлзэн, сошиал сүлжээгээр бужигнуулаад амжсан.
6. Хүссэн ч, хүсээгүй ч дэлхийн улс төр, эдийн засгийг донсолгож чадаад байгаа Д.Трампын тавьсан найрсаг саналаас татгалзсанаараа ямар эрсдэл хүлээх бол гээд эмээгээд сууж байснаас элсэн ороод, энүүгээр тэрүүгээр юу болж байгааг ажиглаад ч болов сууж байх нь Монголд өлзийтэй. Одоогоор элсэн орсон 17 орноос Трамптай нэгдээд дэлхийг самрах тухай том амбицлаж байгаа нь хэчнээхэн л бол доо.
7. За мэдээж, Венесуэл, Грийнландаас болоод Трамптай таарамж муутай байгаа Европийн орнууд Монголд хэрхэн хандах бол гэсэн асуулт гарч ирнэ. Украины байр суурь, нөлөө ганхаж, Зеленскийд оруулсан дайны санхүүжилт нь эргэлзээ төрүүлж, Европийн орнууд Оростой харилцаагаа хэвийн авч үлдэх гэж хичээж байгаа өнөө цагт Монголтой муудаад ч яалаа гээд аль эрт тооцчихсон биз.
8. Дашрамд Д.Трампын бүрэн эрхийн хугацаа 2029.01.20-нд дуусна, америкчууд түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааг бүтэлгүйтэл хэмээн үзэж байгааг судалгаа харуулж байгаа юм. Түүнийг эдийн засгаа сайжруулах тал дээр үр дүнтэй ажил хийгээгүй гэсэн шалтгааныг америкчуудын 58 хувь нь нэрлэсэн. Дашрамд, тэрбум ам.долларын төлбөр гурав дахь жилээс яригдах юм билээ.

Сэтгэгдэл (0)