Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна
- 7 цаг 41 мин
- Улс төр
- 0

Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, О.Батнайрамдал, Ч.Анар, О.Саранчулуун, Б.Түвшин, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.
Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.01.23/ хуралдаж, цаашид ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэв. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцлов.
Мөн барилгын хүртээмжгүй байдлаас шалтгаалан чанартай сургах нөхцөл бүрдээгүй, сурагчдын эрх ноцтой зөрчигдөж байгааг дурдаж, сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяа багш боловсон хүчний хомсдол бий болж, улмаар ажлын байрны ачаалал их, цалин урамшуулал бага байгаад онцгойлон анхаарч, бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Багшийн хомсдлоос гарахын тулд цалин нэмэгдүүлэх шаардлагатай. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа нь сул учраас өнөөдрийн энэ байдал бий болоод байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа боловсрол хүнийг оюун санааны хувьд илүү өндөр түвшинд аваачдаг. Зөвхөн дотоодын их, дээд сургууль гэлтгүй хэнийг хаашаа, ямар мэргэжлээр сургах, улс оронд юунд ашиглах вэ гэдгийг эргэж харах шаардлагатай. Боловсролын зээлийн санг зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Мөн сургалтын агуулгаас гадна орчин нөхцөл, сургуулийн барилгуудын норм дээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай гэв. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд барилгын норм, нормативыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг тайлбарлалаа.
Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, шийдвэрлэх ажлын талаар зөвлөлдөж, байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)